Нүүрэнтийн хөндийд уурхайн ам нээх ашиглалтын хайгуул нэн яаралтай хийхээр бид ирцгээв. Түүнээс хойш дөч шахам жил өнгөрч дээ. Манай отряд гэж өрмийн машин, усны хоёр тэрэг, өрмийн машин дагаж явдаг ачааны том тэрэг, бүхээгтэй ГАЗ-66 бүхий арав гаран хүн шүү дээ. Отряд гэдэг геологи хайгуулын ажлын зохион байгуулалтын хамгийн жижиг нэгж. Түүнд бригад баг хүмүүс нэгдэж ажилладаг юм. Бид хугацаа алдахгүйн тулд шууд л өрөмдөх тэмдэгт газраа ирж майхнаа босгоцгоов.
Найман сар дөнгөж гарч байсан үе. Тэртээ алсад оросуудын тосгон цайвалзах боловч бидний ирсэн газар эл хуль, айл хунар үл харагдана. Харин дош болгон дээр тарвага язганана. Тэр өдөртөө ажлаа эхлэж өрөмдөж гарав. Биднээс 5-6 километр зайтай жижигхэн мөртлөө их сайхан цэнгэг устай гол байх. Тэндээс усны тэрэг ус авна.
Нүүрсний чулуулаг хэврэг, амархан бутарч үйрдгээс өрөмдөхөд ус алдаж зовоох нь элбэг байдаг ч гэлээ санасныг бодвол өрөмдлөг дажгүй явж байв. Тэнгэр хангай сайхан ч гэлээ нарны ид их халуун бэржээхэн майхан нэвт цоонох авч бидний геологичид тийм мэтийг үл тоодог тэсвэртэй улс. Хамгийн завтай хүн бол тэднийг ахлаж, өрөмдлөгийн үр дүнг боловсруулж байгаа би л байлаа. Тиймээс ойр хавьдаа ажиглалт хийж, тарваганы байршлын зураг ч хүртэл зохиогоод авав. Би нэг сайн халиавар буу авч яваа боловч ширхэг ч сумгүй болохоор дэмий л тарвага хараад хорхой гозолзоно. Халиаврын сум нүдний гэм. Бидэн дээр буу үүрч мотоцикль сундалсан хоёр эр бензин хариугүй дуусах нь гэж уйлганан дуугарсаар гуйлга гуйж ирэв. Тэр үед машин харсан мотоцикльтон болгон бензиний гуйлгачид байсан юм чинь. Тэд авах ёстой хүнээсээ авах ёстой юмаа авч байгаа юм шиг загнана шүү дээ. Мөнөөх бензиний гуйлгачдаас сум олчих санаатай:
-Хэдэн ширхэг сум өгвөл банкийг чинь дүүргээд өгье гэж тандлаа. Мотоциклийн эзэн бололтой эр:
-Бидэнд сум байхгүй гэж царай алдаж байна. Тэгэхээр нь дургуй хүрээд:
-Та нарын бензин дуусна уу, байна уу, бидэнд ер нь ямар хамаатай юм! Авахаа мэдэхээс өгөхөө мэдэхгүй новшнууд байсан юм бол ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад тонилохгүй юу! гээд хэлээд тавьчихав. Хөдөөний тэд, жолооч хүн л хүн авч явах эсэх, эсвэл бензин тос өгөх өгөхгүйгээ мэддэг эрх мэдэлтэн гэж санасандаа тэр юм уу? "Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр, чам шиг юмнаас гуйхгүй ээ! Захын жолоочоос олдоно оо! Түй чёрт!” гэж газар нулимаад, асаалтын дөрөөн дээрээ хэд хэд яйжийтал дэвсэлж гэмээн унаагаа асааж аваад манай усны тэрэгнүүдийг тосон цэнхэр утаа савсуулан паржигнуулан
одов. Тэдний хөдөлсөн газарт, бугуйн дайз дүүрэн сум ногоон дээр хэвтэж байв. Бодвол сумгүй хүн болж бугуйн дахь дайзтай сумаа нуух гэж байгаад тэдний хэн нэг нь гутлынхаа түрүү рүү дутуу хийгээд сугарч унасан бололтой. Мэдэлтэй хүнээс нь бүтээгүй юм чинь мэдэлгүй манай жолооч нараас юунд бензин бүтэхэв дээ. Харин гуйгаад олдоогүй мөртлөө тэнгэрээс унасан мэт гэнэтхэн хагас хайрцаг сумтай болов. "Харамласан юм хар нохойн хоол болдог” гэж ёстой энэ л байх даа.
Маргааш нь надад зав чөлөө гайгүй байлаа. Ойрхон хэдэн дэрсний ойролцоох нүхний нэг тарвага мөн ч олон гарах юм. Найдвартай гарч байгаагаар нь өнөөхийг нударчих санаатай шалавхан очоод сахиад хэвтчихэв. Хэдхэн хормын дараа шовсхийгээд гараад ирлээ. Би буудаж орхив. Нүхэн дээр нь очтол нэлээд цус тунарсан мөртлөө алга байна. Амь алдаж буудсан нь гарцаагүй боллоо. Жаахан хол явж зургаа буудаад зургаан бүдүүн тарвага аваад майхандаа ирлээ. Манайхан ч дор нь цэвэрхэн янзлаад тогоонд үйв. Тэд маань тарваганы маханд ёстой нэг цадах шиг болов. Түүнээс хойш дөрөв тав хоногийн дараа би анхны тарвага буудсан нүхний ойролцоо явган буугүй явж байтал банхайсан хоншоортой тарвага намайг чиглээд гүйж ирснээ урд хоёр хөлөөрөө ээлжлээд хоншоороо шудраад толгой түрүүгээ сэгсчээд л хэрэм шиг залбираад байх юм. Би ч бүр гайхчихлаа. Надаас энэ амьтан зугтах ёстой биш билүү? Над руу бүр дөхөөд байх нь хоёр нүдгүй сохор ч юм болов уу? гэж хүртэл бодлоо. Эсвэл тахал махалтай ч юмуу гэж айж байлаа. Дэргэд ирсэн юм чинь хараад байхад нүдтэй юмаа. Ажиглаад байвал надаас аврал эрэх мэт аяглаад байх шиг санагдлаа. Гэнэт эртээдийн буудсан анхны тарвага байж магадгүй гэж санаанд буув. Бүр тулж ойртоод ажиглаад байсан чинь хамрын нүхнийх нь хойт талаар бууны сум дөрлөөд түүний ормоор өтөөд хоншоор нь банхайжээ. Би нэг бүдүүн дэрс тасдаж аваад түүнийг бариад автал дүрлийгээд хөдлөхгүй хараад байх юм. Тэгээд л түүнийг өнөө дэрсээр хурга, ишиг өтчиллөх мэт өтчилж гарлаа. Цус шүүрэхээр нь шороо түрхчихээд тарвагаа тавьж орхилоо. Над руу хэрэм шиг залбирч байснаа гүйгээд ойрхон нэг нүх рүү очоод хэд шоволзож байснаа орчихов бололтой. Би ч явав. Маргааш нь өнөө тарвага байдаг болов уу? Яадаг бол? Ямар ч гэсэн хэрэг болж магад гэж бодоод нарийн савх мод, антибиотик эм, жаахан товуд аваад тэнд иртэл над руу шууд гүйгээд ирдэг байгаа. Тулж ирчихээд хэрэм шиг л мөн залбираад байх юм. Бариад авахад тоохгүй байна. Барьж байгаад шархыг нь үзлээ хэдэн өт үлджээ. Бүгдийг нь сайхан цэвэрлээд антибиотик хийгээд гадна талд нь өт цацахаас хамгаалаад товуд түрхээд тавьж орхив. Тэр удаан гэгч нь залбирч байгаад нүх рүүгээ явлаа. Гурав хоногийн дараа очлоо. Тэр мөн л хүрээд ирэв. Хамрынх нь хавдар харьж, шарх нь бүрэн сайхан аниад өтөхөөргүй болжээ. Цаашдаа яадаг бол гэж би боддог байв. Намайг очих болгонд хүрч ирдэг байв. Мөн гайхалтай явдал шүү! Учрыг нь олох гэж толгойгоо гашилгадаг байв. Энэ тарвагыг манайхан мэдэх юм бол уухайн тас дор нь эд бад хийчих учир таг нууж, сэм хянаж байх болов. Харин би хэнд ч буугаа өгөхгүй л дээ. Тэд тэр тарвага бид хоёрыг хэдийнээ мэдсэн байлаа. Тэд тийшээ явж үзэж л дээ. Барааг нь харангуут л нүхэндээ орчихоод, харин намайг очвол хаа нэгтээгээс гарчихсан гүйж очдогийг дурандаад гайхдаг гэсэн.Тарвага гэгч аюул тулгарснаа, амиа хамгаалахаа зөн билгээрээ мэдэрдэг амьтан. Энэ ертөнц дээр байгалийнхаа зохицолдоонд зохицсон нэгэн төрөл зүйл мэрэгч амьтан шүү дээ, хөөрхий! Өвгөдийн үеэс бид түүнийг хороож ирсэн шүү дээ. Тарвага ч алагдахгүйгээ хүрвэл алагдаад байдаг амьтан бас биш. Хөгшдийн ярих нь "Тарвага их мэргэн гэнэ. Тэрээр урд хөлийнхөө тавгийг дэлгэж харж байгаад хэн гэдэг анчин хэзээ ирж алах гэж байгаа, хаа яваа, түүнээс амиа яаж хамгаалахаа хүртэл мэддэг" гэх. "Тийн байтал яагаад алагдчихдаг юм бэ" гэж тэднээс асуухаар, "Хөлийнх нь таваг газарт хүрэнгүүт мартчихдаг амьтан" гэж манийг мухардуулах. Түүнд би одоо ч итгэсээр явдаг юм. Тарвага бусад амьтны адил амиа хамгаалах ч, бас алдах ч хорвоогийн өршөөлгүй хууль бий. Тарвага хүний дайсан биш. Хүн л харин түүний дайсан. Тэрний нэг нь яах аргагүй би гэдэг нүгэлтэн тэр амьтсаас тэгэхэд арав гаруй толгойг хороочихсон шүү дээ. Хэдийгээр олон тарвага хядсан ч гэлээ аврал эрсэн тэр тарваганд нинжин сэтгэл гаргасандаа энэ яваа насныхаа нүглийг нимгэлсэн өчүүхэн ч гэсэн буян хэмээн санана. Нүүрэнтийн хөндийд нүүрлэсэн тэр жилийн намрын нүгэлтнүүд түүнээс ч олон хулгар шар хороох байсныг аврал эрсэн мөнөөх тарвага аюулаас давхар зайлуулсан ч байж мэднэ. Түүнд гэм тавилгүй төд удалгүй бид тэндээс явсан даа. Баян Хангай минь тарвагаа ч, намайгаа ч бас өршөөсөн байх аа.
Сэтгэгдэл ( 0 )