"Тогтвортой амьжиргаа II" төслийг олон нийтэд таниулах сарын аян өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улсын нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 329 суманд хүрч үйлчилдэг уг төслийн хамт олон өчигдөр энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Тогтвортой амьжиргаа II" төслийн хүрээнд нийтдээ найман мянга гаруй дэд төслийг санхүүжүүлжээ. Энэ онд л гэхэд төслийн Олон нийтийн санаачилга сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 820 дэд төсөл, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 12.5 тэрбумын өртөгтэй 1870 төслийг тус тус санхүүжүүлсэн байна. Орон нутгийн иргэдийг чадавхижуулах зорилготой уг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажилд иргэд ч сэтгэл хангалуун байдаг ажээ. Иргэдийн санал санаачилгаар Монгол Улсын 329 сумын бүх сургуулийн 92.8 хувьд ямар нэгэн дэд төсөл хэрэгжүүлсэн гэдгийг төслийн газрын захирал А.Хашцэцэг мэдээлж байна. Ер нь л иргэд баг, хорооны иргэдийн нийтийн хурал дээрээ санаачилж олонхоороо дэмжсэн олон нийт ашгийг нь хүртэх бүхий л салбарын төсөлд эднийх хөрөнгө оруулалт хийдэг. Орон нутаг сургууль, эмнэлэг засах, тоног төхөөрөмж нийлүүлэх, бэлчээр хаших, худаг ус гаргах, халуун ус барих гээд хэрэгжүүлж байгаа төслийн нэр төрөл олон. Гол нь иргэд өөрсдөө санаачилж, өөрсдөө ашиг хүртдэг болохоор "Тогтвортой амьжиргаа II" төслийн үр дүнд сэтгэл хангалуун байдаг ажээ. Өнгөрсөн хугацаанд уг төслөөс нийтдээ 1.8 сая орчим хүн шууд болон шууд бусаар ашиг хүртсэн гэсэн тооцоог олон улсын хөндлөнгийн байгууллага шалгалтаар тогтоосон байна. Мөн сум бүрт 20 гаруй хүнийг төслийн газрынхан сургаж хянагч, үнэлээчээр ажиллуулж байгаа ажээ. УИХ-ын ирэх намрын чуулганаар Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахаар зэхэж буй. Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжүүлэх асуудлаар хууль тогтоогчид шийдвэр гаргахдаа "Тогтвортой амьжиргаа II" төслийн үр дүнг харж байгаа ч гэж хэлж болно. Энэ талаар төслийн газрын захирал А.Хашцэцэг "Сум, орон нутагт төсвийн эрх мэдэл олгох асуудлыг манай төслөөр туршиж байгаа гэхэд болно. Үр дүн ч сайн байгаа" гэж байв. Мөн Газрын тухай болон Бэлчээрийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр төлөвлөж буй энэ үед "Тогтвортой амьжиргаа II" төслийн газрынхан бүх суманд бэлчээрийн багц зураглал гаргаж сумдад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн мал аж ахуйн эрсдэлийн сан байгуулах ажлыг эхлүүлэн байгаль экологийн бүс бүрийг төлөөлсөн дөрвөн сум сонгон авч туршин хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь УИХ-д өргөн бариад байгаа Бэлчээрийн хууль болон Газрын багц хуулийг малчид, ард иргэдийн эрх ашигт нийцсэн, хэрэгжих бололцоотой хууль болгоход зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )