Гэрээ зассан залуучууд төрөө засах нь дамжиггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өмнөх сонгуулиар Сонгинохайр­хан­­чууд Ардчилсан намд итгэлээ өгсөн юм. Тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт Ард­чилсан намаас Н.Алтанхуяг, Кёк­үшюү­зан Д.Бат­баяр нар ялалт байгуулсан бол МАХН/МАН/-ын гишүүн Д.Тэрбиш­дагва, ИЗН-ын дарга С.Оюун нар үлд­сэн хоёр мандатыг нь нэг, нэгээр нь өвөртөлсөн. Гэсэн хэдий ч АН-ынхан амалсан амлалтандаа хүрэлгүй итгэл алдаж бүр сүүлдээ тойргоо солиод сүүл хавчин баруун хязгаарыг чиглээд одсон.

Оронд нь нэр дэвшиж байгаа хүмүүс гэвэл өнөө л өрсөлдөөд ялагддаг ХАА-н зоотехникч мэргэжилтэй Л.Эрхэмбаяр, хэн ч танихгүй Л.Эрдэнэчимэг, олон жил жилд төрд ажилласан ч огт онцгой зүйлгүй Да.Ганболд нар гэнэ. Л.Эрхэмбаяр Түүнийг Сонгиночууд таньдаг ч төдийлөн итгэл хүлээлгэдэггүй . Энэ удаагийн сонгуулиар бол жинхэнэ “хорхой” идсэн араанд зуугдсан байж таарна.

Монголын эм ханган нийлүүлэх болон үйлдвэрлэлийн салбарт монополь тогтоосон  “Монос”группын  дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг Сонгинохайрханд сойгджээ. Тэрээр эмийн салбарынхандаа танигдсан ч эгэл жирийн ардуудад огтхон ч танигдаагүй нэгэн. Сонгинохайрханчууд эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэдэг хэдий ч Л.Эрдэнэчимэг бол арай бишээ гэцгээх юм билээ. Тэрээр Сүхбаатар аймагт нэр дэвшсэн бол дээгүүр давхих шаанстай байсан юмсан. Намын даалгаварыг яалтай ч билээ.

Сонгиноос сонгогдох гурав гэх мөрөөдөлтэй гурвын нэг хотын орлогч дарга Да.Ганболд буюу “халзан” хочоороо бусад Ганболдуудаас ялгардаг нэгэн. Да.Ганболдын хувьд урьд цагт улстөрд хүчтэй байсан ч одоо үед онцгойрох юмгүй хүн. Тэртээ тэргүй Сонгиночууд Да.Ганболдыг мэднэ мэдэхдээ бүр мэдэхийн дээдээр мэднэ. Магадгүй АН-аас түүнийг ганц мандат зулгааж мэднэ гэж  дэвшүүлээ байлгүй. Яах эсэхийг Сонгинохайрханчууд л мэднэ.

Дээрх гурвын өрсөлдөгч нар бол үнэхээр хүчтэй. Дандаа шижигнэсэн сайхан залуучууд, адаглаад л нэр цэвэр шинэ хүмүүс.  Тухайлбал НИТХ-ын төлөөлөгч Д.Сумъяабазар, ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар. Энэ удаагийн сонгуульд Сонгиохайрхан дүүргийн гол өрсөлдөгч Монгол улсын аварга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга Д.Сумъяабазар. Аваргын хувьд өмнөх сонгуулиар НИТХ-д Сонгинхайрхан дүүргээсээ сонгогдоод нилээдгүй туршлагажаад, хийсэн бүтээснээрээ ч үнэлэгдээд авсан. Энэ удаад тэрээр МАН-аас УИХ-д нэр дэвшээд байна. Сонгиохайрханчууд залуучуудаа дэмжинэ гэсэн бодолтой яваа.

НИТХ-д суухдаа тойрогтоо чамлахааргүй их зүйлийг хийгээд амжжээ. Ганцхан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж амжаагүйг эс тооцвол. Уг нь тус хууль батлагдах юм бол нийслэл хот болон Сонгинохайрхан дүүрэг цаашид хөгжих бүрэн боломжтой юм. Бөх гэхлээр л бүдүүн хатуу гэж ойлгож болохгүй. Д.Сумъяабазарын хувьд гэр хорооллоос өсч өндийсөн гэр хорооллын амьдралыг хэнээс ч илүү мэдэх залуу. Мэдлэг боловсролын хувьд хэний ч аавын хүүгээс дутахгүй нэгэн.

С.Түмэнгэрэлийн хувьд улстөрийн дадлага туршлага байхгүй ч гэлээ ороо бусгаа цагаас одоог хүртэл Монголын урдаа барьдаг хүнсний үйлдвэр болох “Өгөөж чихэр боов” ХХК-г удирдаад өдий зэрэгтэй авч яваа нэгэн. Өнөөгийн энэ нийгэмд улстөрийн мэдлэгээр нь үнэлээд олон жил парламентад сууснаар нь сонговол төр дэх авилгачдын тоог л нэмнэ гэсэн үг.

Монгол улсын хэмжээнд хэдэн үйлдвэр байгаа билээ түүнээс хэд нь байнгын ажиллагаатай, хэд нь монгол ажилчидтай гээд ярьвал хэцүү л тоо гарч ирнэ. Тиймээс С.Түмэнгэрэл улстөрд орвол энэ бүхнийг гольдролд нь оруулах хүний нэг. Сонгинохайрханд С.Түмэнгэрэлийг танихгүй хүн үгүй. Түүнд итгэл хүлээлгэж ирэх дөрвөн жилд суулгах магадлал ч өндөр байна.

Г.Тэнгэр дэд сайдыг залуучууд бүгд мэддэг. Тэрээр мэдлэг боловсролоороо Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэнэ. МАН-ын залуу боловсон хүчний тэргүүн эгнээнд явдаг энэ залууг Сонгинохайрханчууд  хар багаас мэднэ. Сонгинохайрханд арван жилээ төгсөөд тэндээсээ ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ГХ-ны сайд Г.Тэнгэрт тус дүүргийнхэн ам сайтай байхын зэрэгцээ залуу хүнийх нь хувьд ихэд дэмжиж, гарна гэж найдаж суугаа бололтой.

МАН энэ удаагийн сонгуульд залуучуудаа дэмжиж Сонгинохайрханд нэр дэвшүүл­сэн нь үнэхээр сайн хэрэг болсон хэмээн дүүргийн нийт иргэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэ бүхнээс үзэхэд ирэх дөрвөн жилд Сонгиохайрханчууд шинэ залуучуудыг дэмжих нь гарцаагүй юм. Олон жил төрд суусан олон удаа нэр дэвшиж байгаа хүмүүсээс Сонгиночууд үнэндээ залхжээ. Тэглээ ч Сонгинохайрхан дүүрэг огтхон ч хөгжөөгүй байна.

А.ТЭМҮР

Top