Энэ удаагийн “Best of Best” буландаа Монголын мистер Л.Баянхүүг урилаа. Тэрбээр саяхан БНХАУ-ын Гуанжу хотноо болсон бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалиар энгэрээ гоёод ирсэн билээ. Тэгвэл тун удахгүй Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “All Master” клубт бэлтгэлээ базааж байсан юм. Түүнтэй уулзахаа утсаар мэдэгдсэн болохоор зүс танихгүй ч “Өглөө ярьсан сэтгүүлч үү. Хүлээлгийн өрөөнд түр хүлээж байгаарай. Ах нь бэлтгэлээ дуусгаадхая” гэв. Ингээд 30 орчим минут хүлээсний эцэст бидний яриа өрнөсөн юм.
“ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МИСТЕР БОЛОХ ЮМ БАЙНА” ГЭЖ БОДДОГ БАЙСАН
-УАШТ-нд оролцох гээд бэлтгэлээ эрчимжүүлж байна уу?
-Миний ердийн бэлтгэлийн нэг өдөр таны харсанчлан өнгөрдөг. Өглөө, орой тус бүр хоёр цаг. Саяхан ААШТ-нд 90 кг-ын жинд оролцож хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээнд сайн оролцохын тулд бэлтгэлээ сайн хийсэн байсан. Түүнийхээ үр шимийг ч хүртлээ. Өмнө нь бэлтгэл сайн хийсэн болохоор одоо нэг их эрчимжүүлэхгүй байгаа. УАШТ Дархан-Уул аймагт энэ сарын 27-нд болно. Тэмцээнээ хүлээгээд л сууж байна даа.
-ААШТ-нд та хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Тав дахь удаагаа. Анх 1996 онд Энэтхэгт болоход оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан.
-УАШТ-ий дараа ДАШТ болно. Хэрэв түрүүлбэл та оролцох уу?
-Санаа байна. Ямартай ч УАШТ-нд оролцъё. УАШТ-д массны бэлтгэл их шаардагддаг. Гэхдээ түрүүлсэн болгон нь оролцдоггүй. Эхлээд Азийн тэмцээнд хэрхэн орсон үзүүлэлт, холбооны хуралдаанаас шалтгаална. УАШТ арванхоёрдугаар сарын эхээр Тайландын Банкук хотод болно.
-Манай улсад таны жинд хэн “хатуу самар” байх бол...?
-Нэлээн их бий. Гэхдээ одоогоор мэдүүлэг ирээгүй болохоор миний таамаглаж байгаа залуус ч өөр жинд оролцох гэж байж болох. Тэгэхээр жин үзлэгийн үеэр буюу тэмцээний өмнөх өдөр мэдэгдэнэ. Гэхдээ ерөнхий багцаагаа мэдэж байна аа. Энэ жил миний бэлтгэл сайн байгаа. Гайгүй оролцох болов уу. Ер нь бодибилдингийн спортоор хичээллэдэг тамирчин бэлтгэлээ тасалдуулахгүй байвал улам чангардаг.
-Манай улсад энэ спорт 1990 онд үүсч анх удаа бодибилдингийн УАШТ зохион байгуулагдсан. Харин та 2000 онд мистер болсон. Гэхдээ тэр оноос өмнө хүмүүс таныг “Монголын мистер” хэмээдэг байсан. Тэр үед танд ямар санагддаг байсан бэ?
-Тийм яриа байсан л даа. Үүнд би маш их бэлгэшээж байсан. Монгол хүн амны бэлгээр өөдлөн дэвждэг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө би “Хэзээ нэгэн цагт мистер болох юм байна” гэж бодож байсан. Тухайн үед олон залуу надтай өрсөлддөг байсан болохоор тэднээс ялгарахад хэцүү байлаа. Маш их хөдөлмөр, бэлтгэл хэрэгтэй байв. Тэр үед би 80 кг-д өрсөлддөг байсан. Энэ жин тухайн үед хамгийн хүнд нь байсан.
-Тэр үед та түрүүлэх олон боломжоо А.Энхтайванд алдсан. Нэлээд харамсч байсан байлгүй...?
-А.Энхтайванд би гурван удаа ялагдсан. Түүний өмнө Б.Батсуурь, Ж.Нурлан нарын сайн тамирчин байсан. Зарим нь одоо ч жиндээ “хатуу самар” хэвээр байгаа. Гэхдээ би УАШТ-нд тэдэнд ялагддаг байсан ч Азийн тэмцээний шагналт байрыг алддаггүй байсан.
-Энэ спорт ер нь манай улсад одоогоор хэр хөгжөөд байна вэ?
-Ер нь бодибилдингийн спорт аль ч улсын иргэдийн дунд нас, хүйс, шашин шүтлэг, боловсрол, цол хэргэм харгалздаггүй. Миний очсон улсуудын ихэнх залуус энэ спортоор хичээллэдэг. Учир нь энэ спорт бусад спортын суурь нь болдог. Манай улсад сайн хөгжиж байгаа. Клуб ч их байгуулагдаж байна.
БОДИБИЛДИНГИЙН СПОРТЫГ УЛСААС МУУ ДЭМЖДЭГ
-Улсаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Муу муу. Манай спортын байгууллагынхан олимпийн төрөлд ордог спортоо л анхаардаг. Бусад спорт орхигдсон. Би үүнд маш их шүүмжлэлтэй ханддаг. Энэ спорт манай улсад үүсээд 20 гаруй жил боллоо. Тэгсэн ч тамирчдын бэлтгэл, хооллолт зэрэг сургалт ядаж анхан шатныхаараа ч байдаггүй. Тамирчид маань зөвхөн хар ухаанаар хичээллэдэг. Зарим нь сэтгүүл, сонинд гарсан зөвлөгөөгөөр хичээллэдэг.
-Та хэдэн оноос энэ спортоор хичээллэсэн бэ?
-1993 оноос хойш. Энэ хугацааг дээд сургуулийн ерөнхий үзүүлэлтээр дүгнэвэл дөрвөн дээд сургууль төгссөн гэсэн үг. Ийм хугацааг элээсэн миний хувьд нэлээд судалгаа хийгдсэн байж таарна. Би дээр яагаад шүүмжлэлтэй ханддаг гэж хэлсэн нь тэд мэргэжлийн байгууллагын хамт олон хэрнээ миний туршлагаас илүү гарахгүй байна. Тэгээд л би тэгж хэлсэн юм. Тэр ч бүү хэл манай улсын цаг уур ямар билээ, монгол хүнд ямар хоол хэрэгтэй вэ гэдгийг судласан. Би өөрөө амьд гэрч болохоор өөртөө туршиж үзсээр энэ судалгааг гаргасан л даа.
-Та үүгээрээ ном гаргавал яасан юм бэ?
-Ер нь гаргах бодол бий. Одоогоор ноороглоод явж байна. Яаран ном болгочихвол түүхий болчих юм шиг санагдаж байна. Учир нь би энэ спортоо бүрэн мэдрээгүй байна. Муугаар ярихад зодог тайлах хэмжээнд хүрснийхээ дараа гаргах гэсэн юм.
-Тэгвэл та хэчнээн жил тамирчны замналаар амьдрах вэ?
-Бодибилдингийн спортыг биеийн гоо сайхны спорт гэж хэлдэг. Тайзан дээр биеийнхээ булчинг уран сайхны аргаар үзүүлдэг болохоор урлаг, спортыг хосолсон төрөл ч гэж үздэг. Мөн нас харгалздаггүй. Тэгэхээр өөрийгөө хэдэн жил хичээллээд зодог тайлахаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний сэтгэл энэ спортоо орхих үед л холдоно доо. Саяхан болсон ААШТ-ий ахмад насны төрөлд Ираны 72 настай хүн оролцож гуравдугаар байр эзэлсэн. Би түүнийг хараад үнэхээр биширсэн. Төдий насалчихаад форумаа алдахгүй булчин нь товойчихсон зогсч байна гэдэг сайхан хэрэг шүү.
-Мэргэжлийн тамирчдын хувьд хоол, уураг, энд тэнд болох тэмцээнд оролцоход замын зардлаас эхлээд маш их санхүү шаардагдана биз...?
-Энэ спортоор хичээллэдэг тамирчдыг дэлхийд хамгийн баянд тооцдог. Хэрэглэж буй зүйлс нь тусгай болохоор тэр. Гэхдээ би өөрийгөө баян гэж хэлж байгаа юм биш шүү. Би баян хүн биш. Бодибилдинг гэдэг нь Англиар барьж, босгох гэсэн үг. Үүнийг задалж тайлбарлавал биеийн галбирыг бүтээнэ гэсэн үг. Байшин барихтай л адил. Байшин барихын тулд эхлээд тоосго, шавар, цементээ худалдаж авч таарна. Гоё барилга барихыг хүсвэл улам их мөнгө зарцуулагдана. Үүнтэй адил сайхан биетэй тамирчин болохыг хүсвэл их л мөнгө зарцуулагдана. Багадна гэж байхгүй.
-Та өдөрт хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-50-80 мянга. Та намайг уураг ууж байгааг харж байна. Дараа нь хоолоо иднэ. Өдөрт 70 ширхэг өндөг иддэг. Гэхдээ шарыг нь авч байгаад зөвхөн цагааныг нь. Шар нь тослог болохоор таргалуулдаг үйлчилгээтэй байдаг юм. Бид чинь таргалчих юм бол булчин харагдахгүй шүү дээ. Мөн тахианы цээж мах. Энэ маханд өчүүхэн ч тос байдаггүй. Мөн төмс, сайн чанарын жимс иднэ. Ихэвчлэн уураг, амин дэмтэй хэрнээ амтгүй хоол хэрэглэдэг. Ер нь амтгүй хоол амин дэм ихтэй байдаг шүү дээ. Харин амттай хүнс биед муугаар нөлөөлдөг. Бас давс огт хэрэглэдэггүй.
ДАВСТАЙ ХООЛЫГ ХОЛООС ҮНЭРТЭЭД МЭДНЭ
-Давсгүй хоол идэх хэцүү биш үү?
-Сурчихсан. Давсыг холоос үнэрлээд л мэднэ. Тамхи татдаггүй хүн утааг нь сайн мэдэрдэг шиг давс хэрэглэхгүй болохоор тийм болчихдог юм билээ.
-Чихэр ч бага хэмжээгээр идэж байгаагүй юу?
-Бараг иддэггүй. Тэмцээн ойрын хугацаанд зохиогдохгүй бол хааяа иднэ.
-Тэмцээний үед амттай зүйлс идэх юмсан гэж боддог уу?
-Бодолгүй яахав. Чихрэнд дуртай. Тэмцээн дууссаны дараа бид хүссэн хүнсээ хоёр өдөр хэрэглэх эрхтэй байдаг. Тэр өдрөө л сайн идэж авдаг юм. Тэгээд ч бид тамирчин ч гэлээ хүн л юм хойно давс, тослог чанарын хоол идэх шаардлагатай болдог. Үүнийг өөрсдөө хүссэндээ идэж байгаа юм биш, бие организм нь шаарддаг. Тиймээс тэнцвэржүүлэхийн тулд хэрэглэдэг. Гэхдээ хэмжээтэй. Огт хэрэглэхгүй байвал наад зах нь иодын дутагдалд орох аюултай. Тэгвэл элий балай болж хэцүүднэ (инээв).
-Ойрд хэрэглээгүй хүнсээ нэг дор гэнэт идэхээр гэдэс өвдөх, эсвэл хордлогод орох уу?
-Тийм зүйл болно оо. Гэдэс өвдөх наад захын хэрэг. Ерөөсөө сэтгэл ханадаггүй юм. Өмнө нь байнга амтгүй хэрнээ илчлэг хоол иддэг байсан хүмүүс сайхан амттай шарсан мах, бууз, хуушуур идэхээр гэдэс цадсан ч идээд л баймаар байдаг юм. Шарсан мах идэх ч сайхан шүү.
-Гэртээ мэдээж тусдаа хоолоо хийж иддэг байх...?
-Тэгнэ. Манайхан сурчихсан. Эхлээд өөрсдөө хийж иддэг. Дараа нь минийхийг. Намайг яаралтай гарах гэж байвал минийхийг эхэлж хийнэ. Ер нь миний идэх хоолыг хийхэд маш хялбар. Шарж, хуурдаггүй болохоор 10 минутад л болно. Жигнэлээ, гаргалаа, идлээ. Гуравхан л үйлдэлтэй.
-Зарим нэг хүлээн авалтад оролцоход таны идэж болохгүй зүйлээр дайлвал та яах вэ?
-Тийм зүйл хааяа тохиолдоно. Урьсан хүмүүс “Өө ямар хэцүү юм бэ. Хажууд юм идэхгүй суугаад байхаар эвгүй юм аа” гэдэг. Тэдэнд эвгүй санагдаж байгаа ч миний хувьд тоохоо больсон. Тэд хооллож л байна би хажууд нь юм яриад юу ч идэхгүй зөвхөн ус уугаад суудаг. Эвгүй санагдаж байна гэхээр нь учирлаж хэлдэг болохоор гайгүй ээ. Зарим нь тусгай хоол захиалгаар хийж өгдөг.
-Та хэдэн төрлийн уураг уудаг вэ?
-Ес.
-Ямар ямар үйлчилгээтэй вэ?
-Бүгд л булчинд тэжээл өгдөг амин дэмтэй.
-Захиалж авдаг уу, түгээгч байгууллагатай юу?
-Компани болон хувь хүнээс авдаг.
-Та мэргэжлийн тамирчин болохоор хамгийн үнэтэйг нь хэрэглэдэг байх. Гэртээ хэдэн сараар нь нөөцлөөд авчихсан байдаг байх даа?
-Аль сайныг нь хэрэглэдэг. Гэхдээ хэдэн сараар нь худалдаж авдаггүй ээ. Боломж байвал тэгж авахыг хүсдэг ч арай чаддаггүй юм. Цөөн хоногоор нөөцөлж авдаг. Дээд тал нь сарын хэрэгцээгээр.
-Танд ивээн тэтгэгч компани байдаггүй юм уу?
-Байгаа. “Чингис хаан мамут” гэдэг нэртэй Б.Мандахбаяр захиралтай хамт олон бий.
ӨӨРӨӨ ЦЭРЭГ БОЛОХООР ТУСЛАХ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Өдөрт та дөрвөн цаг бэлтгэл гэхээр гэртээ харих, ирэхийг тооцоолохоор зургаан цаг хэртэй хугацаа зарцуулагддаг байх. Үлдсэн цөөн цагт нь ямар ажил хийж амьдралаа авч явж байна вэ?
-Зохицуулна даа. 09:00 цагт бэлтгэлээ хийж тарчихаад хувийн ажлаа амжуулж байгаад харьж хоолоо идчихээд 15:00 цагт бэлтгэлдээ ирнэ. Гэртээ хооллочихоод гарах гэсээр байтал 18:00 цаг өнгөрчихнө. Тэгээд л хэсэг гадуур бужигнуулж байгаад арай шөнө болоогүй байхад харина. Ямар нэгэн зүйлийг болгоё гэвэл болдог л юм.
-Туслахтай байвал зүгээр юм даа, тийм ээ?
-Уг нь тийм. Өөрөө компанийн дор ажиллаж байгаа цэрэг болохоор туслах ажиллуулж чадахгүй байна.
-Ер та яагаад ийм хүнд спортод хөл тавих болсон юм бэ?
-Одоо 41 настай. 20-иод жил энэ спортоор хичээллэж байна. Намайг хичээллэх үед энэ спорт маш муу хөгжилтэй байсан. Гэхдээ өөрөө дуртай байсан болохоор өнөөдрийг хүргэлээ.
-Дасгалжуулагч багшаар хэн ажиллаж байв?
-Бадамжав гэж багш байсан. Одоо бурхан болсон л доо. Тэр багш маань “Хар ирвэс” нэртэй клуб байгуулахад нь 1993 онд хичээллэж эхэлсэн.
-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байв?
-Олон. 18-20 гаруйхан настай залуус байсан. Хэн хэнийгээ дагаад л “Цээж, гарны шахалт гэж ингэж хийдэг юм” гээд заана.
-Мэргэжлийн дасгалжуулагчгүй үед та нар хаанаас мэдээллээ олж авдаг байсан бэ?
-Тухайн үед аз болоход гадаадын сонин, сэтгүүл манай улсад орж ирдэг байлаа. Тэдгээрийг аль болох олж авахыг хичээнэ. Учир нь тэр хэвлэл дээр бодибилдингийн тухай мэдээлэл гардаг байсан юм. Тайлбар нь гадаадаар бичигдсэн байдаг болохоор зургийнх нь дагуу хийнэ.
-Бодибилдингээр хичээллэсэн гадаадын тамирчдын зураг та нарт их зүйл бодогдуулна биз...?
-Тэгэлгүй яах вэ. Бид тэр хүмүүсийн хажууд өөрсдийгөө зогсч байна гэж бодохоор хачин юм санагдаж байгаа юм чинь. Яаж ийм биетэй болно оо гэж бодохоор ямар ч ирээдүйгүй санагдана. Дэмий л төмөр өргөж байгаа юм шиг. “Тэдгээр тамирчдын нутагт энэ спорт ийм сайн хөгжсөн гэж үү, бид хаана явна вэ” гэж бодохоор өөрийн эрхгүй шантарна.
-Гэр бүлийнхэн тань таныг энэ спортыг хөөх болсныг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Би хоёр эгчтэй. Айлын бага нь. Тиймээс арай дураараа. Гэхдээ дураараа биш байсан ч миний сонголтыг гэрийнхэн маань хориглохгүй байсан байх. Харин нийгэм намайг хүлээж авахыг дургүйцсэн.
-Яагаад?
-Тухайн үед энэ спортоор хичээллэгсдийг хөрөнгөтний эгнээнд тооцон гадуурхаж, зарим нь “Булчин задарч үхдэг юм гэнэ билээ” гэсэн нийгмийн ухуулга явагддаг байлаа. Тэр бол социалист нийгмээс салаагүйн илрэл.
-Энэ ярианаас болж ирээдүйтэй олон тамирчин спортоо орхисон байх даа?
-Орхих болсон гол шалтгаан нь санхүүгийн асуудлаас болсон. Булчин хөгжих тусам илчлэг хоол шаарддаг. Түүнийг нь хангахгүй байвал бууна. Энэ спортод хөрөнгө их зарцуулагддаг гэж би дээр хэлсэн шүү дээ. Энэ ярианаас болж олон ирээдүйтэй тамирчин спортоо орхисон.
-Хэрвээ та тэр ярианд итгэж, сонирхлоо орхисон бол өнөөдөр юу хийгээд явж байх бол?
-Амьдрахын тулд ямар ч байсан нэг зүйл хийгээд явах байх л даа. Нэг их туранхай биш байлаа ч одоогийнх шиг булчингүй залуу явж байна биз.
БИЕЭ ТООХ НЬ ЗАЛУУ НАСНЫ МИНЬ АЛДАА БАЙСАН
-Тийм хэцүү үед та санхүүгээ яаж шийдэж байсан юм бэ?
-Бололцоогоороо л зохицуулдаг байсан. Өөрийгөө золиослон байж өнөөдөр өдий зэрэгтэй явна.
-Булчингаа жаахан товойгоод ирэхээр хүмүүст их гайхуулдаг байсан байлгүй...?
-Онгирдоггүй хүн гэж бараг байхгүй. Залуу насны алдаа юм даа. Биеэ тоох, их зантай болох, биеэ барьсан хувцас өмсч явах зэрэг үе байсан. Одооны залууст тийм зүйл ажиглагдахаар “Та нарын бодлыг би уншиж байгаа шүү. Биеэ л битгий тоогоорой” гэдэг.
-Тэр үед таныг бүсгүйчүүд эргэж харалгүй өнгөрөх тохиолдол цөөхөн байсан болов уу?
-Тухайн үед манай улсад энэ спорт нэг их хөгжөөгүй байсан болохоор төмөр өргөөд биднийг ийм биетэй болсныг мэдэхгүй хүмүүс хараад гайхдаг байсан. Зарим нь “Энэ залуу шиг гоё биетэй болох юмсан. Гүзээгээ татах юмсан” гэж боддог байсан гэдэг.
-Таны биеийн харьцаа хэд вэ?
-Энэ спортын төрөл харьцаа гэхээс илүү жингийн үзүүлэлт, өндөр хамаардаг. Би 170 см өндөр, 97 кг жинтэй. Гэхдээ тийм хэмжээний жинтэй тамирчны гар, хөлийн тойрог тэд байх ёстой гэсэн ерөнхий заалт бий. Миний хувьд гар 52, цээжний тойрог метр 23 см. Гуяны тойрог 78, бүсэлхий 71 см.
-Үзүүлэлт хэд вэ?
-Суулт 170 гаруй. Хэвтээ шахалт 180-200 кг. Ер нь миний төрөлд биеийн булчин үзүүлэх ёстой учир нэг их хүндийг өргөх шаардлагагүй. Хэрэв өргөвөл бэртэх ч аюултай.
-Та чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм билээ. Яагаад орхисон юм бэ?
-Хүүхэд байхаасаа 1986-1989 он хүртэл хичээллэсэн. Спортын мастер цолтой. Тэр үед надтай даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Б.Гантогтох, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар бэлтгэл хийдэг байсан. Бөхийн спортоо орхих болсон шалтгаан нь энэ спорт миний сэтгэлийг илүү татсанд байгаа юм.
-Бодибилдингийн спортоор хичээллэхийн аз жаргал юундаа байдаг юм бэ?
-Өөрөө өөрөөрөө л бахархах.
-Төмрөнд хайртай юу?
-Хайртай.
-Танд өөрийн гэсэн гантиль бий юу?
-Байхгүй. Харин өөрт тохирсон гантиль клубт бий. Аль болох тэрийгээ хэрэглэдэг. Бусдыг дээгүүр нь алхуулахгүй. Бөхийн зодог, шуудаг шиг л хайрлана.
-Танд шавь орох гэсэн хүүхдүүд ирдэг үү?
-Ирдэг. Би өөрөө бэлтгэл хийж байгаа хэрнээ тэдэнд заах боломж гарахгүй юм шиг санагддаг болохоор хүлээж авч чаддаггүй юм.
-Таныг гадаадад явж байхад иргэд нь хамт зургаа авахуулах гэдэг үү?
-Тийм зүйл бий. Энэ спортоор хичээллэдэг олон орны тамирчинтай найз. Бид хэн хэнийхээ биеийн массыг харж зөвлөнө. Ихэвчлэн нэг жингийнх болохоор цаанаа судалгаа явагдаж байгаагийн шинж. Энэ жил намайг тэд бэлтгэл сайн байна гэсэн.
-Өрсөлдөгчдөө жаахан ч гэлээ таргалсан, турсныг нь ганцхан хараад л мэдэх үү?
-Тэгнэ. Бидний мэргэжил энэ юм чинь аргагүй шүү дээ.
-Танд энэ спортоос өөр сонирхдог зүйл бий юу?
-Сонирхол гэхээс илүү хобби юм уу даа. Эвлүүлдэг модон тоглоом байдаг шүү дээ. Түүнийг эвлүүлэх дуртай.
-Хүүхэд шиг юм аа?
-Тийм. Түүнийг эвлүүлэхээр стрессээс салдаг.
Д.ОЮУНТУЯА БИД ХОЁРЫН ЗОРИЛГО ӨӨР БАЙСАН БОЛОХООР САЛСАН
-Бага хүү тань авч зугатаад багахан хэмжээний дайн дэгдээнэ биз?
-Тэгнэ. Эвдчих гээд хэцүү. Бид хоёр өрөө дамжиж хөөцөлдөөд бөөн юм болно. Аргадаж байж авч байгаа юм чинь. Тийм тоглоомыг 10 гаруй орноос авч ирсэн. Эвлүүлэхээс гадна нөгөө талаар дурсгал болог.
-Чөлөөт цаг хэр гардаг вэ?
-Бараг гардаггүй юм аа. Хааяа л найзуудтайгаа сууж юм ярьдаг.
-Хөдөө агаарт гарахгүй юу?
-Үгүй. Сонирхол, шаардлага ч байдаггүй. Хөдөө хамаатан садан амьдардаггүй болохоор тэр байх л даа.
-Ан хийхгүй юу?
-Бүр ч дургүй. Оготоны хамраас ч цус гаргаж үзээгүй хүн гэж байдаг даа. Тэр чинь би шүү дээ.
-Ямар машин унаж байна вэ?
-Япон тэрэг унадаг. Аваад жил гаруй болж байна. Жаахан муудахаар нь сольдог юм.
-Та хотынх уу?
-Тийм. Унаган хотынх.
-Хүүхэд насаа хаана үдэв?
-220 мянгатад.
-Жинхэнэ чулуугаар байлддаг талбарт өнгөрүүлсэн юм байна шүү дээ?
-Тийм. Хуучин Бааст голыг байхад эргийнх нь хоёр талд зогсч байгаад л байлдана.
-Тэгэхээр хөдөлгөөнтэй хүү байжээ?
-Тийм шүү. Аав, ээжийнхээ чихэнд байнга хонх уяна. Ялангуяа эцэг, эхийн хурал болохоор их айна. Учир нь ангийнхаа болон сургуулийнхаа банди нарыг зодчихдог болохоор багш аав, ээжид хэлчихдэг юм. Заримдаа хичээлдээ явлаа гэж гараад хичээлээ таслана. Тэгэхээр багш хуралд очсон хүнд хэлэхээр тэд гэртээ хариад намайг загнана. Аавыг Д.Лхажил, ээжийг Т.Гааля гэдэг.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Бизнесийн удирдлагын мэргэжлийг 1991 онд төгссөн. Өөр сургуульд суръя гэж бодсон ч зав гараагүй.
-Яваандаа мэргэжлээрээ ажиллах уу?
-Бараг үгүй л болов уу. Аль эрт дөрөвхөн жил сурсан энэ мэргэжлээс илүү 20-иод жил хөдөлмөрлөсөн энэ спортоороо дагнана. Тэгээд ч үүндээ илүү элэгтэй юм чинь. Зодог тайлбал клуб байгуулж дасгалжуулагч болохыг хүсдэг.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач...?
-Гэргийг маань Б.Отгонбаяр гэдэг. Төрийн албан хаагч. Гурван хүүхэдтэй. Том нь 21 настай, фитнессээр хичээллэдэг. Дунд охин маань аравдугаар анги. Бага нь дөрвөн ойтой.
-Таныг мисс Д.Оюунтуяатай ханилж байсныг мэдэхгүй хүн цөөн. Та хоёр яагаад тусдаа амьдралтай болсон юм бэ?
-Өнгөрсөн юм яриад яах вэ дээ. Болох зүйл болдгоороо л болсон.
-Гэхдээ энэ талаар та нэг их ярьдаггүй шүү дээ?
-Яриад байх шаардлагагүй сайхан зүйл биш болохоор юуг нь ч ярих вэ дээ. Залуу насанд болоод өнгөрсөн асуудал. Одоо миний амьдрал тэгширч эхнэр, хүүхдүүдтэй ч боллоо. Тиймээс үүнийг ярих сонирхол надад алга.
-Та хоёрыг хоёр тийш болоход шар сонин их нөлөөлсөн гэдэг юм билээ. Хэн хэнийг нь бусадтай холбож бичээд л...?
-Үгүй. Тийм зүйл гарсан ч бид нэг их тоодоггүй байсан. Гол шалтгаан нь бид хоёр өөр зорилготой байсанд байгаа юм.
-Гэхдээ чиглэл нь адилхан шүү дээ?
-Тийм л дээ. Нэг нь мисс, нөгөө нь мистер болохын төлөө мэрийж байсан. Хувийн амьдралаа бараг мартаад зүтгэсэн. Тус тусдаа карьер хөөхөөс эхлээд маш их зүйлд санал зөрдөг байсан.
-Хүүхэдтэй болсон уу?
-Үгүй.
-Хэдэн жил амьдарсан билээ?
-Долоо.
-Тэр үед та хоёрыг олон хүн сайхан тохирсон хос гэж ярьдаг байсан гэдэг. Та нарт ч сайхан санагдаж байсан байх даа?
-Тийм яриа байсан.
-Д.Оюунтуяа одоо Герман нөхөртэй болоод тус улсад амьдарч байгаа гэсэн үү?
-Тийм гэсэн. Би түүний талаар судалгаа хийдэггүй.
-Түүнээс салсны дараа таныг бор дарсанд орлоо гэж яригдсан. Энэ үнэн үү?
-Үгүй. Би архи огт уудаггүй.
-Тамхи ч татдаггүй юу?
-Хааяа татна. Тамирчин хэрнээ үүнийг хэрэглэх уг нь буруу. Гэхдээ бидэнд маш сайн нөхөр болдог.
-Яагаад?
-Жин хасч арьс, махны завсар дахь өөхөө хайлуулж булчингийн ширхэг бүрийг гаргахын тулд бид маш халуунд ус уулгүй гурваас таван хоног амьдардаг. Тэгэхээр бид байж ядаж байгаа юм чинь. Бараг галзуурах шахна. Тэр үед сэтгэлээ тайвшруулахын тулд тамхи татдаг. Гуанжуд болсон тэмцээнд би оролцохдоо 40 хэмийн халуунд таван өдөр сууж жингээ хассан.
-Юу ч идэхгүй юу?
-Бага зэрэг тахианы цээж мах хуурайгаар нь иднэ. Гэхдээ хэмжээтэй.
-Танд цаашдаа бизнес хийх бодол бий юу?
-Бий. Гэхдээ энэ спортынхоо дагуу клуб байгуулчихвал өөрөө бизнес болчихож байгаа юм.
У.БАЯРСАЙХАН
Сэтгэгдэл ( 0 )