УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит хуралдаанаа хийсэн.
Хуралдаанаар гишүүд Монгол Улсын гадаад бодлого, хилийн чанадад монгол иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах, сайжруулах талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонссон төдийгүй Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.
Гадаадад 138 иргэн ял эдэлж байна
Байнгын хорооны энэ удаагийн хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайдын мэдээллийг гишүүд сонслоо. Түүний мэдээллээс үзэхэд манай улс өнөөдөр 19 улстай эрх зүйн туслалцааны, дөрвөн улстай гэмт этгээд харилцан шилжүүлэх гэрээтэй, 40 орчим улсад дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд энгийн паспортоор 16, дипломат паспортоор 31 оронд визгүй зорчиж байгаа аж.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хилийн чанад дахь иргэдэд туслах санд нийт 360 сая төгрөгийг төсөвт суулгасан байна. Уг сангийн мөнгийг гадаад оронд нас барсан иргэдийн шарил, чандрыг авч ирэх, осолд өртсөн, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд туслах чиглэлээр зарцуулах зориулалттай ч төдийлэн сайн хүрэлцдэггүй талаар ярьж байлаа. Харин ирэх жил энэхүү санд улсаас 230 сая төгрөг төвлөрөх ёстой гэнэ.
Үүний дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлэв. Хамгийн эхэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Хилийн чандад буй иргэдэд туслах сан байгуулагдаад дөрвөн жил боллоо. Ирэх жил энэ санд 230 сая төгрөг төвлөрнө. Энэ мөнгө ирж буй хүсэлт, хэрэгцээтэй хэр дүйж байгаа вэ” гэв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарын “Өнөөгийн байдлаар тус сангийн төсөвт 175.3 сая төгрөг бий. Одоогоор гурван ч улсад амиа алдсан иргэний шарилыг авч ирэх хүсэлт ирсэн. Нэг шарил тээвэрлэн авч ирэхэд найман сая төгрөг болдог. Тиймээс энэ мөнгө хангалттай хүрэхгүй” гэлээ.
Хуралдааны үеэр тус байнгын хороодын гишүүдийн ихэнх нь монгол иргэд гадаадад хар тамхины хэрэгт холбогдох болсон шалтгаанд хамаг анхаарлаа хандуулж байсан юм. Тэгвэл манай улсын 138 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 26 нь хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шийтгэгдээд байна. Тэдний ес нь эмэгтэй, 17 нь эрэгтэй, цаазаар авах ялтай тав, хугацаагүй хорих ялтай нэг, 5-10 жилийн ялтай дөрөв, 10-15 жилийн ялтай 12, 15-аас дээш жилийн ялтай гурван иргэн байгаа аж.
Тэсэрч дэлбэрэх бодист тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэв
Байнгын хорооны гишүүд дараа нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийлээ. Дараа нь гишүүд зарим зүйлд тогтож ярилцсан юм. Тухайлбал, тэсэрч, дэлбэрэх бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг нэг газар нь олгодог ч хяналт тавих үүрэг нь өөр газарт байдаг. Үүнээс болоод хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байдаг гэв.
Харин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбарласнаар энэхүү шинэ хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөл олгож улмаар хяналтыг өөрөө хариуцан хийхээр тусгасан гэнэ. Мэргэжлийн зөвлөлийг Уул уурхайн яам толгойлон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, олон нийтийн байгууллагын төлөөлөл багтах аж.
Байнгын хорооны гишүүд тэсэрч, дэлбэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, өндөр даатгалтай байлгах хэрэгтэй хэмээгээд гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл ( 0 )