Өчигдөр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль боллоо. Энэ удаагийн сонгууль өвөл болж байгаараа онцлог байснаас гадна сонгогчид анх удаа иргэний цахим үнэмлэхээр саналаа өгсөн. СЕХ-ноос сонгуулийн саналын ирцийн талаар мэдээллийг 13, 17, 21 цагуудад хийсэн. 23 цагт сонгуулийн ирцийн дүнг эцсийн байдлаар мэдээлнэ гэсэн ч цаг үеийн байдлаас шалтгаалж хойшлуулсан юм. СЕХ өнөөдөр сонгуулийн урьдчилсан дүнг албан ёсоор мэдээлнэ.
Орон нутгийн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад 1.851.103 хүн бүртгүүлжээ. Сонгогчид долоон нам, хоёр эвсэл, бие дааж нэр дэвшсэн 19400 хүнээс сонголтоо хийсэн. Улсын хэмжээнд 24903 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргаснаас 23399 нь саналаа өгсөн байна. Сонгуулийн дүнг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод нэгтгэж хэлэлцээд тав хоногийн дотор СЕХ-нд өргөн барих хуультай.
Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр өчигдөр 12:00 цагийн байдлаар 15,7 хувь буюу 290,672 хүн саналаа өгөөд байв. Орон нутагт 18,37 хувь, нийслэлийн есөн дүүрэгт 101,817 хүн санал өгсөн нь 12,37 хувьтай байлаа.
Энэ дүн нь 2008 оны орон нутгийн сонгуулийн 12:00 цагийн дундаж ирцтэй харьцуулахад нийслэлийн дүүргүүдийн сонгогчдын санал гурван хувийн өсөлттэй гарчээ. 2008 онд Орон нутгийн сонгуулийн ирц нийслэлд 65,6 хувьтай, хөдөө орон нутагт түүнээс бага ирцтэй гарч байсан удаатай.
Аймгуудын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар Сүхбаатар, Завхан аймаг тэргүүлж байсан бол Увс аймгийн хувьд ирц хамгийн багатай нь байв.
Харин 16:00 цагийн байдлаар 39.22 хувь болж өссөн байв. Нийслэлийн хэмжээнд Багахангай, Налайх, Багануур дүүргийн иргэд саналаа идэвхтэй өгсөн гэх дүнтэй байсан. Гэтэл хотын төвийн дүүргүүдийн иргэдийн саналын ирц харьцангуй бага байна гэсэн үзүүлэлттэй байлаа.
СЕХ-ны 20:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд саналын ирцийн дундаж 52.9 хувьтай байв. Сонгогчдын ирц тухайн тойрог, хэсэгтээ 50+1 хувьд хүрч байж сонгууль хүчин төгөлдөр болох ёстой. Хэрэв ирц 51 хувьдаа хүрэхгүй бол татварын төлөгчдын мөнгөөр сонгууль хийж байгаа төсвийн 5,4 тэрбум төгрөг салхинд хийсэх дээрээ тулаад байсан нь төрийн өндөрлөгүүд болон иргэдийн сэтгэлийг ихэд зовоож байв. Ямартай ч бүх аймгийн ирц гүйцэж нийслэлийн зарим нэг дүүрэгт ирц хүрээгүй бололтой. Тодорхой мэдээллийг СЕХ өнөөдөр мэдээлнэ.
Сонгуулийн өглөө Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад 0-3 мм цас орсон байна. СЕХ-ноос сонгуулийн өдөр орон нутагт цаг агаар ямар байх талаарх мэдээллийг сарын өмнө авч, цас ихтэй, зам, даваа хаагдаж болзошгүй аймгуудын сонгогчдод тээврийн хэрэгслээр үйлчлэхэд зориулан 180 сая төгрөг төсөвлөсөн. Тухайлбал, цас ихтэй аймгуудад 10-16 сая төгрөг хуваарилсан юм. Үүний үр дүнд хөдөө орон нутагт саналын ирц хангалттай байсан гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолж байв.
Сонгуулиар автомат машины ажиллагааны тухайд төдийлөн бэрхшээл гарсангүй. Учир нь, сонгуулийн нэг хэсэгт 2-3 автомат машин ажилласан болохоор нэг нь эвдрэхэд нөгөөд саналын хуудсыг уншуулах боломжтой байсан аж.
УИХ-ын сонгуулиар гадаадад сурч буй иргэд саналаа өгсөн бол орон нутгийн сонгуулийн хуулиар тэд санал өгөх боломжгүй байлаа. Мөн СЕХ-ны зүгээс хөдөө орон нутгийн харьяалалтай оюутнууд санал өгөх боломжгүй учир иргэдийн саналын ирцээс хойш татсан хэмээн мэдэгдлээ.
Монгол улсын иргэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох ИТХ-ын сонгуулиа хийлээ. Сонгуулийн дүн эцсийн байдлаар гараагүй ч орон нутгийн сонгуульд "Ардчилсан нам 21 аймгийн гуравны хоёрт ялалт байгуулсанаас гадна нийслэлийн Багахангайгаас бусад дүүрэгт ялалт байгууллаа. Олуулаа биш олонхоороо яллаа" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )