УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Санал унших машиныг нэг хүн удирдаж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23


УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- УИХ-ын чуулган хойшиллоо. Ямар шалтгааны улмаас хойшлов?

- Гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байна.

- Зарим гишүүдийн тангараг өргөхтэй холбоотойгоор хойшлоогүй хэрэг үү?

- Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын зарим гишүүний тангараг өргөх асуудал байгаа.  МАН-ын гишүүн У.Сарангэрэл тангараг өргөх байсан байх. Өвөрхангай аймгаас сонгогдох УИХ-ын гишүүдийн маргаан шийдэгдээгүй байгаа.

-Өвөрхангайн тойргийн маргааныг талаар та ямар бодолтой байгаа вэ?

- МАН, АН-аас нэр дэвшсэн гишүүд бие биенийгээ шүүхэд өгөөд байгаа юм билээ. Хэнийх нь буруу гэдгийг шүүх тогтооно. Хэрэв шүүхээр хоёр тал хоёулаа буруутай нь тогтоогдвол энэ дөрвөн хүнийг нэрсийг жагсаалтаас хасаж, дараагийн хүнийг сонгох нөхөн сонгууль болох байх. Гэхдээ шүүх шийдэх байлгүй дээ.

- Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа хэзээ өргөх вэ?

-МАХН-аас Батлан хамгаалах яамны бичгийг үндэслээд Э.Батшугарын асуудлыг дахин хэлэлцэж авч үзээч гэсэн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Бид СЕХ-ноос ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Шийдвэр гарсны дараа хэн тангараг өргөх нь тодорхой болох байх.

-Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ одоо болтол танилцуулаагүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо аймгуудын сонгуулийн дүн гарсны дараа нэгтгэнэ гэсэн. Гэтэл орон нутагт дүн гарлаа ч тухайн аймаг ИТХ-аараа оруулж тав хоногийн дотор эцсийн байдлаар дүнгээ гаргадаг юм байна. Тэгэхээр ойрын хэд хоногт албан ёсны дүн гарахгүй нь. Зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй гэсэн.  Ер нь өвлийн улиралд сонгууль явуулахад маш төвөгтэй юм байна.

- Мөнгөтэй нэгний сонгууль боллоо гэж сонгуулийг дүгнэх хүн цөөнгүй байна.  Харин таны хувьд энэ удаагийн сонгуулийг хэрхэн дүгнэж байна вэ?

- Бид МАХН-ыг дэмжиж буй олон хүн сонгуульд оролцоогүй гэж харж байгаа. МАН, АН мөнгөтэй учраас сонгогчдыг тээврийн хэрэгслээр зөөж санал өгүүлсэн. Харин манай нам хөрөнгө мөнгөний боломжгүйгээсээ болоод ийм ажил зохион байгуулж чадсангүй. Санал унших машин зарим газар будлиантай байсан. Үүнийг тухайн хэсгийн хорооноос тодруулах хэрэгтэй.

-Тухайлбал?

- Баянзүрх дүүргийн нэг хэсгийн хороон дээр байсан санал унших хоёр машиныг харьцуулахад хоёулан дээр нь ИЗНН 46, МАХН 116 гэж гарч байсан. Тохиолдлоор ийм адилхан тоо гарсан гэж бид бодохгүй байгаа. Сонгууль болохоос өмнө хоёр намд квот олгоод түүнийг нь машинд суулгаад өгчихсөн юм биш үү гэх хардлага төрсөн. Бусад тойргуудад ямар байсныг шалгах хэрэгтэй. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар ч ийм маргаан гарч байсан. Зэрэгцээ байгаа хоёр машин дээр саналын дүн нь ижилхэн гарахад бид тухайн үед асуудал болгож тавиагүй. Сая АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм машиныг зарим мужид ашигласан байна билээ. Барак Обамагийн эсрэг зарим газар энэ машиныг ашигласан тохиолдол гарсан шүү дээ. Энэ бүхнээс харахад машин тийм ч найдвартай зүйл биш юм. Санал унших машиныг нэг хүн удирдаж байгаа. Монголд хоорондоо маргаан будлианаа ярьдаг байсан бол одоо бүр алсаас Монголын сонгуулийг будлиантуулж байгаа юм биш биз гэж хардаж эхэлж байна.

-СЕХ зарим хэсэгт хяналтын тооллого хийсэн гэсэн. Эвслийн төлөөллөөс байлцсан уу?

-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Сонгуулиас өмнө санал унших машиныг туршиж үзэн 20 саналын хуудас хийхэд 26 гэж уншсан зэрэг машинаа ашиглаж чадахгүй тохиолдол гарсан. Тиймээс манайх шиг цөөхөн хүн амтай улс санал хураалтын дүнгээ гараар тоолсон нь хамаагүй дээр.

-Сонгууль болгоны дараа МАН, АН манайх олонх боллоо хэмээн тус бүртээ мэдээлдэг. Энэ ёс зүйтэй үйлдэл мөн үү?

-Тухайн мэдээлэл нь үнэн бол тэгж мэдээлж болно шүү дээ. Харин тэр мэдээлэл нь худал байвал ёс зүйгүй үйлдэл юм. Нэгэнт сонгуулиа иргэд өгчихсөн юм чинь “Манайх яллаа” гэснээр асуудал шийдэгдэхгүй. Сонгууль зохион байгуулж буй намууд ийм зүйлд автагдчихдаг байх.

-Орон нутгийн сонгуульд бусад намууд танайхыг “бөөрөлхсөн” гэсэн?

-Зарим газар нийлж талцсан гэсэн яриа бий. Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой болж байна. Зарим газар МАХН дангаараа орсон. Гэхдээ УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүнгээс бид орон нутгийн сонгуульд хамаагүй бага суудал авсан нь байх. Тиймээс бид дүгнэлт хийж, ажлаа сайжруулах хэрэгтэй.

-Говь-Алтай аймагт танай намынхан сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн ч ямар ч санхүүжилт байгаагүй болохоор чадаагүй гэж үнэн үү?

-Зарим газар тийм асуудал гарсан. Сонгуулийн ирц орон нутагт бага байсан. МАН, АН өөрийнхөө сонгогчдыг сонгуульд өргөнөөр оролцуулсан байхад манай дэмжигчид оролцож чадаагүй. Жилийн жилд сонгуульд орон нутгийн залуусын идэвх муу байдаг. Цас, зудтай учраас мал хуйгаа орхичихоод сонгууль өгөх гээд явахгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Дараагийн орон нутгийн сонгуулийг хөдөөд долоо хоног явуулвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгвэл хүн бүл багатай айлын иргэд ямар нэг байдлаар сумын төв дээрээ ирж саналаа өгөх боломжтой. Харин төв суурин газарт нэг л өдөр саналаа өгөх хэрэгтэй байх. Ингэвэл малчид 100 хувь саналаа өгөх бүрэн эрхтэй болно. Энэ гэхдээ миний хувийн бодол шүү.

-МАН-ын бүлгийг албажуулахад та ямар байр суурьтай байна вэ?

-Яг нарийндаа бол тэд намынхаа хурлыг хийж байгаад хуульд заасан бүлэг байгуулах хугацаанаас хоцорчихсон. УИХ бүрдсэнээс хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах ёстой гэсэн заалттай. Цаашид 24 цагаар бие биенийгээ шахаад байх хэрэггүй юм байна гэж үзэж, үүнийг хүчингүй болгох хуулийн төслийг Д.Дэмбэрэл гишүүн бид хоёр өргөн бариад байгаа. Мөн намуудын завсарлага авах талаарх асуудлаар төсөл боловсруулаад байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top