УИХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх ёстой цагаасаа нэг цагаар хоцорч эхлэв. Улмаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу этгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлав.
Дээрх төслүүдтэй холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул гишүүдийн саналыг шууд хураасан юм. Улмаар 51 гишүүний 78 хувийн саналаар, Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих олон улсын жишигт нийцсэн хууль батлагдлаа. Харин энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 80 хувийн саналаар мөн баталсан юм.
Зургаан бүлэг, 15 зүйл бүхий энэ хуулийг баталснаар хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм-эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг нь хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллаганы эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцаа зохицуулагдаж байгаа юм.
Дашрамд дурьдахад Монгол улсад нийт хүн амын хоёр хувь буюу 50 мянга орчим нь сэтгэцийн өвчтэй бол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу стресстэй байдаг аж. Сэтгэцийн өвчлөлийн удамшлын, гадаад шалтгаантай гэж хоёр ангилдаг бөгөөд гадны шалтгаан нөхцлөөс үүссэн сэтгэцийн өвчин нь эдгэрдэг гэнэ. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77 хувь байсан бол 2007 онд 112 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нэмэгдсэн үзүүлэлтийг мэргэжилтнүүд нийгэм эдийн засгийн амьдралтай шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Агаарын бохирдол, замын түгжрэл, ядуурал гээд сэтгэл санаанд нөлөөлөх бүхэн хамаарах аж. Түүнээс болж сэтгэл санаагаар унасаар цаашлаад хүндэрсэн сэтгэцийн эмгэг болон хувирдаг юм байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд өнөөдрийн байдлаар 121 сая хүн сэтгэл гутралд нэрвэгдэж, жил бүр 850 000 хүн, өдөрт 3000 хүн энэ өвчний улмаас амь насаа егүүтгэдэг гэж тодорхойлсон байна. Манай аймагт жил бүр амиа егүүтгэх явдал 10 000 хүн амд 2,1-4,7 тохиолдол ноогдож байгаа судалгаа, тоон мэдээ байна.
Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхэд асуулт хариулт явуулж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )