Ерөнхийлөгч малчдад туслахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Зудын үед малчдаа яаж дэмжих бодлого, төлөвлөгөө бэлэн, ойлгомжтой байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нарыг өнөөдөр хүлээн авч уулзан өвөлжилтийн байдал, цас, зудын асуудлаар мэдээлэл сонслоо.
Шадар сайд Д.Тэрбишдагвын танилцуулснаар одоогийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрчээ. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймагт байдал илүү хүнд байгаа ажээ. Нутгийн нь 70-аас илүү хувь нь цасан бүрхүүлтэй, тэр нь хунгарлалгүй хатуурсан, 20 см-ээс илүү зузаан цастай аймаг, сумдыг байдал хүндэрсэн хэмээн үзэж байгаагаа тэд хэллээ. Ирэх хоёрдугаар сар ч хүйтэн, цас ихтэй байх төлөвтэй байгаа бөгөөд сарын дунд үеэс дулаарах шинжтэй юм байна. 2011-2012 оны өвөл харьцангуй гайгүй байсан тул нөөц өвс үлдсэн. Түүнээс 5,6 мянган тонн өвсийг малчдад буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэжээ. Мөн 11 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулахаар болсон байна. Гамшгийн үед нисдэг тэрэг хэрэглэдэг. Улаанбаатараас нисдэг тэрэг дуудахад цаг алддаг учир Зэвсэгт хүчний Жанжин штабтай ярилцан Хөвсгөл, Ховд, Дорнод аймагт нисдэг тэрэг бэлэн байлгахаар ярилцжээ.
 
Өвөлжилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа аж.
 
Тэдний мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бид мал хэдийд хорогддогийг сайн мэднэ шүү дээ. Билчээрт гарах боломжгүй болоод 3, бүр цаашлаад 7 хоноход л хорогдож эхэлдэг. Одоо өвс тэжээлгүй байгаа малын хорогдол улам ихсэнэ. Арай боломжтой нь малаа аваад отор нүүдэл гээд явчихсан байгаа. Ард нь гэрээ сахиад үлдсэн чадал тэнхээ муухан хүмүүс хоол хүнсгүй болох, өвчин зовлон гээд асуудлууд тулгардаг. Монголчууд бид зудтай олон удаа тулгарсан хүмүүс. Тиймээс зудын үед хэрхэн ажиллах талаар байнгын бэлэн төлөвлөгөөтэй болмоор байна.
 
Одоо хавар гэж хүнд улирал бий. Мал төллөнө. Хаврын цас, хавсраганаас гадна нялх ногоо цухуймагц үнэрлээд л муудсан мал үхдэг. Тэгэхээр хорогдол зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ гэсэн үг. Нөхцөл байдлыг бид сайн ойлгож байгаа.
 
Өнөөдөр та бүхний мэдээллийг сонсоод “Малчин түмэндээ туслах ажил өрнүүлээч ээ” гэж нийт хүмүүстээ уриалъя гэж бодлоо. Зуд турхны хүнд үед бид туслах ажлыг орон даяар ингэж өрнүүлдэг шүү дээ.
 
Нийт иргэд ээ!Хүн бүр, аж ахуйн нэгж бүр , байгууллага бүр малчиддаа туслах үйл ажиллагааг өрнүүлцгээе!
 
Зарим хүн “Малаа хувьдаа өмчлөөд авчихсан хүмүүст туслах хэрэггүй. Малчид бол хувийн өмчөө л харж байгаа хүмүүс. Тэгээд ч хотын бидэнд тусалдаг билүү” гэх мэт ярих нь бий. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Цас зуд хүндрээд ирэхээрээ тухайн айлын боломж чадавхаас давдаг. Тэр битгий хэл тухайн сум, аймгийн хүчин чадлаас давдаг шүү дээ. Улс хүртэл сандардаг үе бий. Ийм нөхцөлд бид малчиддаа туслахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр энэ хүнд үед нь монголчууд бид нэг нэгэндээ туслан сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй.
 
Малчин хүний амьдрал бол Монголчуудын маань амьдралын мөн чанарыг хадгалж явдаг суурь хэв маяг юм шүү гэдгийг бодох хэрэгтэй. Тэдэнд туслах төр засаг нь байна, ард иргэд нь байна, нутгийн зөвлөл нь байна, аж ахуйн нэгжүүд байна гэдгийг заавал мэдрүүлж, харуулж байх учиртай.
 
Нэг уулын хоёр аманд байгаа хоёр айлын амьдрал, байдал өөр өөр байдгийг бид харж л байсан. Нэг нь хотоо харлуулчихсан, нөгөө нь ганц ч малын хорогдолгүй, өвлийн бэлтгэлээ сайн хангачихсан халуу дүүгээд сууж байдаг. Ийм сайн айлын үлгэр жишээг үзүүлэх, сурталчлах хэрэгтэй. Малаа зуднаас аваад гарч байгаа тэр арга бол олон жилийн явцад төлөвшсөн байдаг. Өнөөгийн малчдын дунд сумын төвөөс, суурингаас мал маллахаар хөдөө гарсан туршлагагүй хүмүүс олон байгаа. Тэдэнд тэр туршлагыг үзүүлэх, харуулах хэрэгтэй байдаг юм билээ.
 
Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд Онцгой байдлын газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүн малчдад тусалъя гээд ирэхэд хаяг, утас, данс тодорхой байх хэрэгтэй. Дээр нь тусламжийн бараа сум төв ороод замхардаг. Тусламж малчны хотонд л очих ёстой. Өөрөөр хэлбэл нэртэй, хаягтай малчны хотонд хүрэх учиртай. Хамгийн сайн тусламж бол мөнгө. Түүгээр малчдад нэн чухал шаардлагатай зүйлийг авч өгөхөд зохистой байдаг.
 
Дараагийн нэг асуудал бол зудын үр дагаврыг арилгах. Малын сэг зэмийг булах, малгүй болсон айлуудыг малжуулах ажил байна. Малгүй болсон айлууд Улаанбаатар луугаа л нүүж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр малгүй болсон тэр айл өрхүүдээ яаж дэмжих бодлого, төлөвлөгөө нь хүмүүст ойлгомжтой, бэлэн байх ёстой. 
 
Шадар сайд Д.Тэрбишдагва, сайд Х.Баттулга, бусад улс хөдөө явах гэж байгаа юм байна. Газар дээр нь асуудлыг шийдээд, боломжгүйг нь эргэж ирээд Засгийн газрын хуралдаанаараа яриад зохицуулж өгөх хэрэгтэй. УИХ-д ч гэсэн мэдээлэл хийж, бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох нь зөв. Өнөөдөр энд ярьж байгаа нь ч нэгдмэл ойлголттой болоход чиглэж байна. Туслах хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Манай улсын бараг гурван сум тутмын нэг нь хүндэрсэн байна шүү дээ” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top