Сар шинээс өмнө өргөн хэрэглээний бараа таваар, хүнсний бүтээгдэхүүний худалдаачдын хэтэвч сайн муу, чанартай чанаргүй зүйл зарж байгаагаас үл хамааран зузаардаг бичигдээгүй хуультай. Урд хөршөөс, Эрээнээс оруулан ирж буй бэлгийн гэх нэртэй 500-2500 төгрөгт багтсан хулхи хувцасны наймаачдын тухайд бүр ч бужигнаантай үе нь сар шинэ. Үүний дараа махны ченжүүд шил дарна. За тэгээд цагаан идээний ченжүүд, өнгөтэй өнгөгүй үрэл, хэлбэртэй ёотон, марль гээд л жижиг сажиг зүйлс зарж байгаа хүмүүс дор бүрнээ өөр өөрийн гэсэн үнэ ханш тогтоож иргэд ч хүссэн хүсээгүй худалдан авч л байдаг.
Харин сар шинийн дараа нийслэлийн энд тэндгүй байрлах том жижиг хийдүүд, тэнд суугаа лам нарын хэтэвч зузаардаг. Аливаа зүйлийг дээд цэгт нь хүртэл туйлшрах дуртай манайхан “Шинийн 15-ны дотор заслаа хийлгэвэл сайн” гэсэн хэн нэгний үгийг яс махандаа шингээж 15-наас өмнө гэсэн лоозон барин хийдүүд рүү “маршлаж” байна.
Гэтэл мөнөөхөн буяныг хурааж бузрыг зайлуулдаг хийдүүд, лам нар нь өөрийн гэсэн үнэ ханш тогтоож буянаа иргэдэд зардаг. Өөрөөр хэлбэл иргэд буяныг худалдаж авдаг. “Хүн сэтгэлийн амьтан шүү дээ” манайхан ярьдаг. Үнэхээр буян худалдаж авахад сэтгэл байдаг бололтой. Аль болох олон ном уншуулж их зардал гаргавал төдий чинээ их буян худалдаж авна гэсэн үг. Харин хэр тааруу бэнчинтэй хүн багахаан хэмжээний буян худалдаж авна. Гэхдээ л их бага ямар хэмжээний буян худалдаж авсан ч шинийн 15-ндаа л багтаж байвал тухайн жилдээ “Галд шатдаггүй баатар, гайнд түүртдэггүй баатар” болдог бололтой юм. Тиймдээ ч нийслэлд буй олон хийдүүдэд хөл гишгэх зайгүй байна хэмээн иргэд гомдоллосон ч хэдэн цаг дугаарлаж байгаад төдөн ном бичүүлчихлээ хэмээн буяны “панз” үсэргэснээ ярьж байна.
Үнэхээр хэтэвчээ уудалж байгаа хэдээрээ буян худалдаж авсан нь дээр үү, аль эсвэл зөв сэтгэлтэй зөв явж буяныг үнэ төлбөргүй хураах нь дээр үү гэдгийг учир мэдэх хүмүүс тунгаадаг биз. Бусдын буянд гар дүрсэн, хүний амь хороосон, буруу замаар будаа тээж “буг” болсон нөхдүүд буяныг худалдаж аваад л гэмээ цайруулчихдаг “адтай”.
Манайдаа нэртэй зүстэй олон хүн бараг тус бүрдээ нэг лам, бөө өмчилсөн байдаг нь буяныг худалдаж авдаг төдийгүй буян түгээгчийг өмчилж өөрийн болгосон нь дааж давшгүй их буян хурааж байна гэсэн үг бололтой, орчин үед.
Үнэндээ тариф тогтоож ном уншиж байгаа нь иргэдэд биш тухайн ном уншиж буй лам, хийдэд л буяныг хурааж зам болдог болой. Гэсэн ч мөнөөхөн “Хүн сэтгэлийн амьтан” гэдэг бичигдээгүй хуулиа дагаж номын дуу сонссон монголчууд халаасаа гөвчихөөд босож ирэхдээ “сэтгэл сайхан болчихлоо, хийморь сэргэчихлээ, засал номоо хийлгэчихлээ, буяныг хураалаа” хэмээдэг нь сэтгэл сайтайнх юм уу даа. Нэг үгээр хэлбэл Монголчууд бид сэтгэлээрээ ариусдаг “амьтад” юм. Буяныг худалдаж аваад л. Тэгэхээр авсан, өгсөн аль алиндаа өлзийтэй байдаг биз.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ном бүр тус тусдаа үнэ ханштай. Гэхдээ улсад ямар нэгэн татвар төлдөггүй. Гэсэн атал Гандангийн гэсэн бүхний үнэ ханш бусдаас илүү дээгүүр байдаг нь үнэн. Тухайлбал энэ жилийн цагаан сарын ул боов 1500-1800 төгрөгийн хорооронд байсан бол Гандангийн шар тостой ул боов 2500 төгрөгөөр борлогдсон. Гэсэн ч Гандангийн буян шингэсэн ул боовоор идээгээ засах гэсэн иргэдийн дараалал ч мөн л урт цуваа үүсгэж байсан юм.
Сар шинийн нэгний өдрөөс эхлэн бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд засал номоо хийлгэх гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж байна. Зарим нь урт дараалал, хүйтэн хоёроос залхан маргааш эрт ирнэ хэмээн буцаж байна. Зарим нь “царцатлаа” зогсож байгаад номоо бичүүлж төлбөр тооцоогоо хийчихээд “Гэртээ очоод залбирч байя. Энд нэрээ бичүүлчихээр уншчихдаг юм” хэмээн явчихаж байгаа харагдана. Мөнгөөр худалдаж авч байгаа ч гэсэн “Буян” гэдэг хүчтэй эд юм.
Н.Молор
Сэтгэгдэл ( 0 )