Монголчуудын нийтлэг гомдоллодог зүйлсийг Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэлийн Үндэсний Сүлжээний Зохицуулагч Г.Ундрал дараах байдлаар тодорхойлсныг Дэлхийн банкны зүгээс ч дэмжсэн байна.
Үүнд: “Бид улсын төсвийн 20% -ыг боловсролд зарцуулдаг боловч сургуулиуд гурван ээлжээр хичээллэж нэг анги дүүргэлт 40 сурагчтай байна.”
“Хэдийгээр би 9 өрхийн эмчийн зардлыг төлж байгаа ч тэдний зөвхөн 5 нь л ажлаа хийдэг.”
“Зөвхөн нэг цаас авахын тулд би 40 минут хүлээдэг.”
“Ганц албан бичиг авахын тулд арван хаалга тогшдог.”
“Төрөөс үзүүлж буй төрийн албаны үйлчилгээнд Монголчууд сэтгэл дундуур байдаг болохыг бидний судалгаа харуулж байна,” гэсэн байна.
Ер нь бол иргэд төрийн үйлчилгээг үлбэгэр сул, хангалтгүй ажилладаг гэж байнга шүүмжилдэг. Тэгвэл Сонгогчдын Боловсролын Төвийн Гүйцэтгэх Захирал Оюунтуяа үйлчилгээ үзүүлэгчтэй нүүр тулан хамт сууж ямар тулгамдсан асуудал байгаа, түүнийг хамтран хэрхэн шийдэж болох талаар чөлөөтэй санал бодлоо солилцох нь чухал гэдгийг хэлж байна.
Ямартай ч төрийн үйлчилгээний сул байдлыг хална гэдэг нь нийгмийн хариуцлагыг дэмжинэ гэсэн үг юм. Нийгмийн хариуцлага гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал хэрэгжүүлж буй хөтөлбөртөө төр засгийн газар хариуцлага хүлээнэ гэсэн үг бөгөөд хариуцлагын талаарх асуудлыг үндэсний хэмжээнд танилцуулах, “төр засгийн газрыг хариуцлагатай байлгахын тулд ” дотоодын ТББ-уудад Иргэдийн Онооны Карт, Иргэдийн Тайлангийн Карт, Төрийн Зардлыг Хянах Судалгаа гэх мэт арга хэрэгслийг хэрхэн яаж хэрэглэх талаар сургалт явуулахыг хэлээд байгаа аж.
Монгол Улсад нийгмийн хариуцлагыг дэмжихийн тулд Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэл олон улсын түнш байгууллагуудтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр Үйл ажиллагаанд суурилан нийгмийн хариуцлагад суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан Төрийн бус байгууллагуудын зүгээс дараах зүйлсийг хэлж байна.
“Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн Сүлжээний Зохицуулагч, Д. Цэрэнжав хэлэхдээ “2000-аад оны дунд үед бид жагсаал цуглаан хийж байсантай адилгүй энэ бол Монгол Улсын хувьд шинэ ухагдахуун юм. Энэ бол бодитой, хэмжигдэхүйц, үр дүнд чиглэсэн ухагдахуун” гэв.
Харин Г.Ундрал “Тус хөтөлбөрийн хүрээнд үйлчилгээний хүрэлцээ муу, хангалтгүй байдлын талаар мэдээлэл цуглуулж бодит баримт нотолгоогоор баталгаажуулсан юм.” гэж байна.
Тэгвэл Дашин Дэм Сангийн Зохицуулагч Б. Нямсүрэн хэлэхдээ “Эдгээр баримт нотолгоог бид төрийн эрх бүхий байгууллагуудад танилцуулж дуу хоолойгоо сонсгох, нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаандаа бодитой хувь нэмэр оруулж байна” гэлээ. Иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээг авах явцад идэвхтэй оролцдог иргэдийн хувьд нийгмийн хариуцлагын талаарх ойлголт ухагдахуун болон практик үйл ажиллагааг таниулах явдал хамгийн үр дүнтэй арга зам болохыг ойлгож байна гэж тэр хэллээ.
Харин төрийн албан хаагч С.Энхцэцэг “Төрийн байгууллагууд иргэдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж эхэлснээр бид өдөр тутмын үйл ажиллагаандаа юуг сайн хийж байна, ямар алдаа гаргаж байна гэдгээ тодорхой харж мэдэх боломжтой болдог. Энэ нь бидний ажлын гүйцэтгэлээ сайжруулах урьдчилсан нөхцөл болсон гэж хэлж болно” гэлээ.
Ер нь бол 2010-2012 онд Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэл төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай байгаа асуудлыг тодорхойлон боловсрол, эрүүл мэнд, засаглал, дэд бүтэц болон уул уурхай гэсэн таван салбарт нийт 14 туршилтын төсөл хэрэгжсэн аж.
Тухайлбал, Д.Оюунболор нь олборлох аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа болон тэдний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөлд ажилласан аж. Тэр хэлэхдээ “Уул уурхайн үйл ажиллагаа нь үлэмж их хэмжээний тоос тортог дэгдээж, түүнээс улбаалан хүн, мал, амьтанд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс олон нийт энэхүү төсөлд маш их сонирхож байсан.” гэж байна. Түүний хэлж буйгаар төсөл эхлэхээс өмнө эргэн тойронд нь байгаа уурхайн талаар ямарч мэдээлэлгүй байсан тэдгээр уурхайн эзэд нь хэн болох, юу олборлодог болохыг мэддэггүй байлаа. “Хэдэн хүмүүс газар ухаж, эргэн тойронд маань том ачааны тэргүүд явж байхыг л бид хардаг, үнэхээр ямарч мэдээлэлгүй байсан. Хүмүүс хайлуур жонш гэлцдэг байсан ч үнэхээр огт мэдээлэлгүй байсан.” гэнэ.
Мөн тэрээр “Төсөл хэрэгжсэнээр ямар хууль тогтоомж, дүрэм журам, баримт бичгүүд байдаг тэдгээрийг хэрхэн дагаж мөрдөх ёстой болон уул уурхайн салбар хэрхэн үйл ажиллагаагаа явуулах ёстой зэргийг бидэнд заан сургасан,” гэж байгаа юм.
Харин бол Б. Баярмаа бол Хөвсгөл Нуур ТББ-ын Тэргүүн. Түүний удирдаж буй байгууллага төслийн үйл ажиллагааг явуулж орлого, зардлыг хянах улмаар Хүний Хөгжлийн Санд тайлагнах ажлыг хариуцан ажиллажээ. Үндсэндээ төрөөс сар бүр иргэн бүрт тараадаг 21 мянган төгрөгийн олголтын үйл явцыг хянаж томоохон уул уурхайн үйл ажиллагааны үр шим болох эх орны хишиг хүн бүрт хүрч буй эсэхийг хянах баталгаажуулахад чиглэж байсан гэж байна.
Тэгэхээр иргэдийн зүгээс гардаг нийтлэг гомдлуудыг хэсэгчлэн шийдвэрлэх зорилготой төслүүдийн удирдагчид ийм зүйлийг хэлж байна. Гэхдээ бодит үр дүн тэдний хэлснээс илүүтэй иргэдийн амьдралаас харагдах учиртай юм.
Сэтгэгдэл ( 0 )