Орос найруулагч Япон “Гамлет”-аар кино хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Шекспирийн “Гамлет” зохиолын бас нэгэн Япон хувилбарыг Оросын найруулагч Инал Шерипов дэлгэцийн бүтээл болгох  ажилдаа шамдан оржээ.

Энэ кино нь “Оршихуй эс оршихуй” гэж мөнхийн асуудал дэвшүүлсэн 37 дахь кино болох юм.

Кино  зургийг найруулагч дэлхий дахинд Японы билэгдэл  болон эртний онгон төрхөөрөө хадгалагдан ирсэн XIV зууны Химедзе цайзанд авахаар төлөвлөөд байгаа юм. Энэ цайзыг мөн “Цагаан цахлай” ч гэж нэрлэдэг байна.

Инал Шерипов киноны зураг авалтыг ирэх хаврын сакура цэцэглэх цагаар авахаар зэхэж байгаа юм.Гурван сарын сүүлч дөрвөн сарын эхээр цэцэг ногоо дэлгэрч, хөл хөдөлгөөн , хөөр баясал  болдог энэ үеийн хэдхэн хоногт  үргэлжлэх  давтагдашгүй сайхан агшинг хальсанд амжиж буулгахыг хичээж байгаа юм.

Киноны  явцад мэдээж  багагүй бэрхшээл тулгарахыг найруулагч урьдчилан тооцоод байгаа билээ.

Хэдий үзэсгэлэнтэй сайхан ч эртний хуучин модон цайзын  дэндүү давчуу, олон нарийхан мухар гудмууд нь зураг авалтын орчин үеийн төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг угсаран сууриулахад ч ихээхэн хүндрэл учрах нь дамжиггүй.

Хамгийн гол том асуудал нь Гамлетийн дүрд тоглох жүжигчнээ хараахан сонгож амжаагүй байгаа юм байна.

Офелияд  Японы киноны нэрт жүжигчин Чихиро Касахараг сонгожээ.

 Гамлетийн ээж Гертрудад Орос гаралтай Францын жүжигчин Марина Владиг уриад байна.

Тус кинонд Япон жүжигчидтэй зэрэгцэн  тоглох цорын ганц европ жүжигчин Марина нь алдарт дуучин,жүжигчин агсан Владимир Высоцкийн эхнэр билээ.

Японы гоо зүйн соёлыг ихэд хүндлэн биширдэг Инал Шерипов “Аугаа том зүйлийг жижигхэн  зүйлээс ч олох харах хэрэгтэй. Япончууд гоо сайхны зүйрлэшгүй мэдрэмжтэй ард түмэн.

Зүүний сүвэгчийн завсраар улиасан төгөл олж  харна гэдэг хичнээн аугаа вэ? Гэтэл европчууд дуслын төдий ч бясалгаж ч чадахгүй.Америкчууд бол дэндүү нүсэр “гигант” юм. Японы соёл урлагтай би өөрийгөө ойр дотно гэж хэлж чадахгүй. Мэдээж өөр орчин, өөр  итгэл үнэмшлээр хүмүүжиж ирсэн. Харин уран бүтээлээрээ дорны энэ аугаа  гайхамшигт нэвтрэн шинэ алхмуудыг нээхийг хүсэж байна.

Би өөрийн“Гамлет”-даа Шекспирийг Японы “Но” театртай  зэрэгцүүлэн тавих болно. “Но” театр бол миний киноны гол зангилаа болох юм”  гэжээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top