Ашигтай, алдагдалтай, өртэй...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Дэлхий дахины  эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өссөөр байна. Хэдийгээр атомын болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл буурах төлөвгүй ч, хамгийн гол тулгуур эх үүсвэр нь нүүрс байна гэдгийг шинжээчид тэмдэглэж байгаа юм. Түүнчлэн 2015 оноос нүүрс эрчим хүчний эх үүсвэрт тэргүүлэх байр эзлэх төлөвтэй байгаа аж. Тэгвэл манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 орны тоонд орж байгаа. Монгол улсын хувьд нүүрс нь эрчим хүчний зориулалтын үндсэн ашигт малтмал төдийгүй манай улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гол баялаг болж байна. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологи хайгуулын ажлаар нүүрсний нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа аж. 2007-2011 онуудад хайгуулын ажлаар тогтоогдож улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн нүүрсний нөөц 12.3 тэрбум тонн, 2012 онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн байна.

Ер нь бол манай нүүрсний салбарын өнгө төрхийг харвал зах зээлийн эдийн засгийн системд шилжсэн 90-ээд онд олборлолтын хэмжээ эрс буурч байсан бол 2000  оноос эхлэн хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаа өргөжиж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд түшиглэсэн уурхайнууд ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд нүүрсний уурхайнуудын олборлолт, борлуулалт, экспортын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Нүүрсний салбарт төрийн өмчит 1, төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмчит 3, хувийн хэвшлийн 40 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж түүнд нийт 9530 орчим ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд үүнд 1773 эмэгтэй, 170 орчим гадаадын иргэд байна.

Улсын хэмжээнд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, төрийн өмч давамгайлсан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-ууд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, “МАК” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, “Мо Эн Ко” ХХК, “Чингисийн хар алт” ХХК зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж нүүрс олборлож байна. Одоогийн байдлаар 20 гаруй уурхай нүүрсээ түүхийгээр болон баяжуулж экпортод гаргаж байна. 2012 оны байдлаар нийт 31.9 сая тонн нүүрс олборлон үүнээс 20.5 сая тонн нүүрс экспортлон борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олборлолт 95%, экспорт  91,1%-тай байна.

Техник-технологийн  өнөөгийн түвшин ямар байгааг авч үзье. Нүүрсний уурхайнуудын 70 орчим хувь нь тээвэртэй ашиглалтын систем, 30 орчим хувь нь хосолсон ашиглалтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт уурхайн 70 хувь нь өрөмдлөг тэсэлгээний ажил хийж, 80 гаруй хувьд нь ус шүүрүүлэлтийн ажил явагдаж байна.

Төрийн өмчийн оролцоотой “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон хувийн “Шарын гол” ХХК, “Адуунчулуун” ХХК зэрэг дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангаж байгаа уурхайнуудын уулын үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа үндсэндээ дуусч техник технологийн шинэчлэл хийх шаардлага үүсээд байна.

Нүүрсний аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс “Эрдэнэс тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “МОЭНКО” ХХК, “Редхилмонголиа” ХХК-ууд нь орчин үеийн дэвшилтэт техник технологиор үйл ажиллагаа явуулж байна.

2012 оны байдлаар “Төгрөгнуурын энержи” ХХК, “Чандганкоул” ХХК, “Билэгт хайрхан-Уул” ХХК, “Буман-Олз” ХХК, “Жи Эл Ди Ви” ХХК, “Петрокоул” ХХК,  “Бадмаараг хаш” ХХК, “Болд Фо Ар Да” ХХК, “Жавхлант-Од” ХХК, “Эрдэнийн-Олз” ХХК-иудын нүүрсний уурхайнууд хөрөнгө оруулалт, борлуулалтын зах зээл муу, уурхайн нөхцөл хүнд, дэд бүтцийн хувьд алслагдмал тул 1 тонн нүүрсний өөрийн өртөг өндөр зэрэг шалтгаанаас үйл ажиллагаа явуулаагүй байна.

Нүүрсний гадаад зах зээлийг авч үзвэл: Сүүлийн жилүүдэд нүүрс экспортлогч аж ахуй нэгжийг “Эрдэнэс таван толгой” ХК, “Тавантолгой” ХК, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-иуд зүй ёсоор тэргүүлж байгаа бөгөөд олборлосон нүүрсийг түүхийгээр болон боловсруулсан байдлаар зөвхөн БНХАУ-д экспортолж байна.

Нүүрс экспортлогч компаниудын борлуулалтын жишиг үнийг Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас /хуучнаар/ тогтоож ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолд заасны дагуу нүүрсний зах зээлийн үнийг http://en.sxcoal.com -оос авч УУЯ-ны цахим хуудсанд нийтлэж байна.

Дотоод зах зээлийн тухайд: Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн болон халаалтын зуух, ахуйн зориулалтын нүүрсний хэрэгцээг улсын болон хувийн хэвшлийн нүүрсний уурхайнуудаас орон нутгийн хэрэглэгч, эрчим хүчний системд нийлүүлж байна. Үүнд: 2012 оны байдлаар цахилгаан станц, айл өрхүүдэд эрчим хүчний зориулалтаар нийт 8.4 сая тонн нүүрс нийлүүлсний 5.5 сая тонн нүүрсийг ДЦС-уудад, 2.9 сая тонн нүүрсийг ахуйн хэрэглэгчдэд борлуулсан байна.

Хил, гаалийн дамжуулан ачих талбай болон уурхайнуудын нүүрсний склад зэрэг газруудад 3.0 сая орчим тонн нүүрс хадгалагдаж байна.

Уурхай болон ДЦС-уудын хооронд үүссэн өр, авлагын талаар сүүлийн үеийн мэдээг харвал: Эрчим хүчний нүүрс нийлүүлэгч уурхай болон ДЦС-уудын хооронд үүссэн хуримтлагдсан өр 2012 оны байдлаар 9.3 тэрбум төгрөг байна. Үүнд: Багануурын уурхайд “ДЦС-2” ХК-ийн өгөх өглөг 1.2 тэрбум төгрөг, Багануурын дулааны станцын өглөг 2.09 тэрбум төгрөг, “Шивээ-Овоо” ХК-д “ДЦС-4” ХК-ийн өгөх өглөг 3.2 тэрбум төгрөг тус тус байгаа юм.

Ер нь бол улсын эдийн засгийн өсөлт, хөгжилтийг нүүрсний салбараас салгаж ойлгох аргагүй цаг үе гэдэгтэй маргахад хэцүү юм. Түүнчлэн энэ салбарыг тал талаас нь эрчимтэй хөгжүүлэх зорилго бүхий "Нүүрс" хөтөлбөрийг хөрсөн дээр буулгах шаардлага улам бүр нэмэгдэж байгааг тодотгох нь зөв болов уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top