1.Ялалтын утга
Одоогоос долоо хоногийн өмнө, “Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ардчилсан Намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран сонгогдлоо” гэсэн мэдээ дэлхийг тойрлоо. Аль ч ардчилсан тогтолцоотой улс оронд төрийн сонгууль тогтмол давтамжтай болж, иргэд нь хүсэл зоригоо илэрхийлдэг жамын талаас авч үзвэл энэ сонгууль сүүлийн 20 жилд тохиож буй зургаа дахь үзэгдэл юм. Цаашид ч давтан үргэлжлэх болно.
Харин түүхийн огцом нугачааг гэтэлж, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлийн шинэ зам мөрөө эрж яваа Монгол орны хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хувь заяаны дээсийг шийдэж, нарыг өргөсөн онцгой үйл явдал боллоо. Монголын Ардчилсан хувьсгал тайван замаар, үндэсний зөвшлийн зарчмаар өрнөсөн онцлогтой. Өөрөөр хэлбэл, ардчиллын төлөө тэмцэгчид төрийн эрхийг булааж аваагүй. Тэд олон түмэндээ үгээ хэлж, үнэнийг ойлгуулж, урьдын тогтолцооны амин сүнс болж байсан улс төрийн хүчинтэй нийгмийн өөрчлөлтийн талбар дээр улс төрийн аргаар өрсөлдөж унаж боссоор алхам алхмаар урагшилж 20 жилийг туулсан юм.
Хэдийгээр 2012 оны УИХ, нутгийн удирдлагын сонгуулиар Ардчилсан нам төр барих эрх авсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахад ганцхан жил үлдэж байв. Төрийн тэргүүний суудал сөрөг хүчинд шилжвэл 1990-ээд оны эцсийн ээдрээтэй байдал үргэлжлэх магадлал өндөр. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.
“Монголчуудаа, мориндоо!” хэмээн ард түмнээ Ардчилсан хувьсгалд уриалж дуудсан, ардчиллын тугч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ардчиллын тогтолцоог хөгжүүлж, авлигын сүлжээг тасдан улс орондоо шударга ёс тогтоохын төлөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааг ард түмэн дэмжиж сонгосон юм.
Үүний үр дүнд Ардчилсан Хувьсгалын гол штаб болсон Ардчилсан нам төрийн эрхийг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд цогц бүтнээр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэв. Төрийн бүрэн эрх ардчиллын үзэл санаа, хөгжлийн хүсэл тэмүүллээр тодорхойлогдоно гэсэн үг. Энэ үйл явц эргэлт буцалтгүй юм гэдэгт итгэж найдах гурван үндэс бий. Тухайлбал:
Эдгээр үндэслэлд тулгуурлан 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн авчирсан ялалт нь 1990 онд эхэлсэн Ардчилсан хувьсгалыг төгс ялалтад хүргэх шийдвэрлэх алхам байлаа гэж үзэхэд эндүүрэл болохгүй.
Монгол орны улс төр, эдийн засаг, оюун санааны одоогийн ертөнцийг бүхэлд нь зангидаж ажиглавал:
“Монголын нийгмийн байгууллын шилжилтийн ээдрээ төвөгтэй түүхэн үе Ардчилсан Хувьсгалын төгс ялалтаар өндөрлөлөө” хэмээн зарлан тунхаглах нөхцөл бүрджээ. Энэ бол Монгол Улсын иргэн хүн бүрийн амьдралын утга учир, эрх чөлөө, аз жаргалд тэмүүлэх сэтгэлийн чин үнэн бахархал мөн. Энэ бол эх оронч сэтгэлтэй бүх монголчуудын хамтын ялалт мөн. Энэ ялалт гэрэл гэгээтэй амьдралын уудам орон зайг нээж өгөв.
2.Шинэ нөхцөл, шинэ сорилт
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монгол оронд улс төрийн цоо шинэ нөхцөл үүсчээ. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгууль бол бөх, морины түрүүч тодруулах наадам ч биш, бизнесийн бэл бэнчингээр шийдэх өрсөлдөөн ч биш. Ерөнхийлөгчийн сонгууль бол улс орны зам мөрийн талаарх үзлийн өрсөлдөөн мөн билээ. Энэ утгаараа улс төрийн хүчнүүдийн нийгмийн амьдралд эзлэх байрыг тодорхойлох шалгуур, итгэл даах чадварын дээд үнэлгээ болдог. Энэ зарчмаар шүүж үзвэл, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх дөрвөн сонгуулийн өнгөн дээр арилшгүй тод дүр зураг бүтээлээ. Монгол орны улс төрийн амьдралд бараг бүхэл зууныг дамжин ноёрхож нийгэм журмын үзлийг тээж нийгэмд тулгаж ирсэн МАН /урьдын МАХН/ дараалсан ялагдал хүлээж, төрийн эрхээ алдав. Үзлийн хоцрогдлыг далдалж болдоггүй ажээ. МАН /тэр үед МАХН байсан/, 2008 оны сонгуульд түүхэнд байгаагүй хуурамч амлалт, будлианаар төрийн эрхийг авсан ч түүнээс хойш дөрвөн жил болоход үнэнийг хүлээн зөвшөөрч чадаагүйгээр үл барам, эх орныхоо газар шороо, эрдэс баялгийг гадныханд найр тавин хамтарч цөлмөх, ирээдүй хойч үеийнхээ амьдралыг барьцаанд тавьж авсан зээлээр иргэдээ мэхэлж эрх мэдлээ дархлах, авлига хахуулийн сүлжээгээр төрийн албыг хуваах, эсэргүүцэж дэмжсэн иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг түйвээж нухчин дарах зэрэг ардчилсан нийгэмд цээртэй нүглийг нэмж үйлдсээр ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлага эрх мэдэлтэй бүлгийнхээ албан тушаал, ашиг хонжооны шуналыг үзэл хэмээн шүтэх болсон.
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо монгол түмний аварга бөхөө хүндэлдэг ариун сэтгэлийг ашиглахыг оролдсон нь бүтсэнгүй. Харин ч нэр дэвшигчийнхээ араас ухуулга хийхдээ ард иргэдээ яс угсаа, нутаг усаар нь ялгаварлах санааг нэг биш удаа цухалзуулсан нь энэ намын үзлийн доройтол нь улс үндэстнээ хагалан бутаргах хор ялгаруулж болохын дохио мөн.
МАН-ын томилолтоор төрийн өндөр алба хашиж байсан болон хашиж байгаа цөөнгүй хүний авлига, хахуулийн хэрэг илэрч энэ нам төрийг хэрхэн бохирдуулж ирснийг тод харууллаа.
Ялагдлын хатуу сургамж хүртсэн МАН сонгуулийн маргаашаас эхлэн дотоод хямралдаа шатаж эхэлжээ. Аль нэг намын хямрал, доройтол, дотоод улс төрийн тэмцэл нь зөвхөн тэдний асуудал төдий гэж үзэж болохгүй. Тухайн нам төрийн сонгуульд оролцохдоо амалсан амлалт, хөтөлбөрт итгэсэн сонгогчдын саналын хэрээр эзэлсэн суудал нь хариуцлагын гол объект болох ёстой. Аль нэг нам үзэл баримтлал, хөтөлбөр, нэрээ өөрчилсөн, эсвэл тарж бутарвал тухайн намаас төрд эзэлсэн бүх суудал цуцлагдаж, оронд нь дахин сонгууль явуулах эрх зүйн талаас зохицуулалт зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ нь намын жагсаалтаар ч УИХ, ИТХ-д орсон хүмүүс болон сонгуулийн дараа намаа сольдог төрийн түшээдэд бүр ч чухал юм. Улс төрийн шалгуур буюу намын сонголтоор төрийн албанд орсон эрх мэдэлтнүүд авлига, хахуулийн хэрэгт орооцолдсон тухай бүрт намд нь хариуцлага хүлээлгэх тогтолцоо ч шаардлагатай болж байна.
Энэ бүхнийг товчилж томъёолбол одоогийн нөхцөлд ёс суртахуунтай, хариуцлагатай улс төрийн орчин бүрдүүлэх шинэ сорилт тулгарч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах шинэ нөхцөл Ардчилсан намын хувьд ч том сорилт тавьж байна. Ардчилсан нам Монголын зонхилох улс төрийн хүч боллоо. Энэ нь эрхмэдлээс илүү хариуцлагын захиалга юм. Одоогийн Ардчилсан намыг 1990-ээд оны ардчилсан хүчнүүдтэй харьцуулбал боловсон хүчний эгнээ, чадварын хувьд зүйрлэшгүй өсчээ. Тэр үеийн “нялхсын өвчин” давтагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн энэ шаардлага хангалтгүй. Гол өрсөлдөгч улс төрийн хүч суларч, улирч байгаа ч Их орон, Их цагийн шаардлага улам өндөр болж байна. Энд юуны өмнө, гурван асуудал бий. Үүнд:
1.Сүүлийн үеийн сонгуулиудаар Ардчилсан нам олонхийн болон хамгийн олон санал авсан улс төрийн хүчнээр тодорч байгаа ч тэр нь сонгогчдын гуравны нэг нь санал өгөөгүй нөхцөлд “үзүүлсэн амжилт” юм. Энд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч намын үзэл номлол олон түмний сэтгэлийг сэрээж татах хүч мөхөсдөж байна гэж үзэх үндэслэл буй. Төрийн эрхийг бүтнээр барьж буй улс төрийн хүчинд үзлийн уудам огторгуй хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр идэвхтэй хөндөгдсөн шууд ардчиллын үзэл санааг улс үндэснийхээ язгуур эрх ашиг, ардчиллын үнэт зүйлд нийцүүлэн амьдралын хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх нь манай орны улс төрийн тогтолцооны хөгжлийн шинэ шат болно.
Орчин цагийн дэлхий ертөнц улс үндэстний хөгжил дэвшлийн онол, туршлагаар нэн арвин болжээ. Бүх хүн төрөлхтөнд түгээмэл утгатай Тогтвортой хөгжлийн философи Рио-гоос хойш 20 жил өнгөрсөн ч Монголын хөрсөн дээр “бараан” хөгжлийн” Засгийн газар, “Ногоон хөгжлийн” яамнаас хэтэрсэнгүй. Энэ бол манай улс төрийн хүчнүүд нам султайн нэг л жишээ юм. Цэвэр либерализмын номлол ч энэ ангилалд багтана. Ардчилсан нам үзлийн орноо тэлж хөгжүүлэх шинэ шаардлагатай тулгарч байна.
2.Одоо Ардчилсан намын эрхшээж буй төрийн тогтолцоо бол Ардчилсан хувьсгалын ялалтын төлөө 20 гаруй жилийн турш явуулсан тэмцлийн дараах орон гэр юм. Буруу зөв тавьсан, эвдэрч хэмхэрсэн зүйлээ янзлахаас эхлээд хог шороогоо цэвэрлэх хүртэл асар их ажил бий. Үндсэн хуулиа “доройтуулсан долоон заалт”-аас эхлээд 20 жилд өсч бойжсон шинэ үеийнхэндээ амьдралын дүрмээ өөрсдөө шийдэх орон зай өгөх хүртэл зарчмын асуудал ч бий.
Ардчиллын нэрээр халхавчлан ашиг хонжоо хайж Ардчилсан намд наалдаад албан тушаал, эрх мэдлээс ангижирвал амиа хоохойлох аргагүй болчихсон “нөхдийн” асуудал ч бий. Энэ бүхэнд шударга ёсыг дээдэлж, зарчмын байр суурь баримтлах чадвар нь Ардчилсан нам шинэ нөхцөлийн сорилтыг давж, нийгмийн манлайлагч улс төрийн хүч байхын шалгуур болно.
3.Монголын төр хөгжлийн үзэл номлолын /догма/ төөрөгдөл, хомсдолд явж ирлээ. Хөрөнгөжсөн шинэ коммунистуудын засаглалын үед таван удаа “Хөгжлийн үзэл баримтлал”-ыг УИХ-аар баталсан ч, тэр нь хоосон цаас болж хувирах буюу шинэ хямралыг даллах дуудлага төдий зүйл байсныг амьдрал харуулав. Сонгуулиас сонгууль дамжсан хуурамч амлалт улс орны эдийн засгийн өөрийгөө нөхөн төлжих чадварыг бусниулж, мөхөсдүүлсний горыг амссаар байна. Тэгэхдээ үүнийг зөвхөн шинэ дүр эсгэсэн экс коммунистуудын нүгэл гэж үзэж болохгүй. АНУ-д ч эхэлж “хэл нь бултганаад” дараа нь “толгой нь янгинадаг” өвчин бий. Энэ өвчнөөс салах нь адаглаад “хөгжил”, “хожил” хоёрыг ялгахаас эхэлнэ.
Хөгжлийн жинхэнэ утга нь ухсан нүх, овоолсон шороогоор бус, гадагш зөөсөн баялаг гадаадад тавьсан өрөөр бус, цөөн баячуудын хураасан хөрөнгөөр бус, монголчуудын амьдралын түвшин, аюулгүй байдлын дээшлэлтээр хэмжигдэх төрийн бодлого явуулах чадвар Ардчилсан намын шинэ сорилт болж байна.
3.Сорилт давахын баталгаа
Монголын нийгэм, улс төр, эдийн засагт тулгарч буй сорилтуудыг амжилттай давах хүч өгөх баталгаа буюу тэжээл нь төр нэгэн үзүүрт жолоотой болж, нийгмийн итгэл үнэмшил шинэ сонголт дэрэээ төвлөрөн цэгцэрч байгаа үйл явц юм. Хуучин нийгмийн үзэл, үйлсийг өвлөгч сөрөг хүчин сулран хямарч байгаа нь ойрын жилүүдэд оновчтой бодлогыг цэврээр хэрэгжүүлэх боломж өгч байна. Харин энэхүү чөлөөт байдлыг сөрөг хүчний хяналтгүй, дураар аашлах боломж гэж ойлговол дээрх баталгаа хариуцлагын занга болж хувирна. Учир нь жинхэнэ хариуцлагыг жинхэнэ утгаар нь олон түмэн хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгэхдээ монголчууд энэ байтугай сорилтыг гайхаж, бахархам уран цэцнээр давж ирсэн уламжлал нь ирээдүйг улам өөдрөг төсөөлөх үндэс болж байна.
Мөнх Тэнгэрийн зориг буй за.
Сэтгэгдэл ( 0 )