Монголчууд мөнгө, төгрөгийг цаас гэж бас хэлдэг. Хэдэн бор юм, хэдэн халтар цаас гэх мэт ярина. Хэдэн цаастай болбол ч... хэмээн мөрөөднө. Монгол хүн амны бэлгээр гэж нээрээ л Чингис хааны зурагтай хэдэн бор төгрөг маань халтар хултар цаас болж хувирчээ.
Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногт өгсөн мэдээлээр бол Монгол банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэг жилийн өмнөхөөс 115 тэрбумаар өсчээ. Бэлэн мөнгө гүйлгээнд ихээр гаргана гэдэг тэр хэрээрээ монгол төгрөгийн ханш унаж, “Цаас” гэдэг нэртэйгээ дүйж буй хэрэг. Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг мэдээлснээс үзвэл 2024 оны 1-10 дугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 42.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.4 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 5.4 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэнэ. Мөнгөний тоо л өсөөд, ханш нь унаад байгаа хойно арга байж уу.
Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 38.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч өмнөх 2023 оны мөн үеэс 115.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Эндээс харвал 2023 оны өдий гэхэд монгол төгрөгийн ханш төдий хэмжээгээр чанга байсан гэсэн үг.
Ирэх жилийн улсын төсөв л гэхэд 26.4 их наяд төгрөг зарж, 23.1 их наяд төгрөг олно гэчихсэн. Хорь орчим жилийн өмнө улсын төсөв сайндаа л хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигддэг байлаа. Тэгснээ тэрбумаар яригддаг болсон. Саяхан их наяд гэдэг тоо дуулддаг болсон ч хэдхэн жилийн дотор хорин хэдэн их наяд болчихлоо. Ирэх жилээс зуун их наяд гэж дуугарах биз. Төсөв хэлэлцэж буй явцыг харахад УИХ-ын шинэхэн гишүүдийн зарим нь их наяд гэж хэдэн оронтой тоо байдгийг мэддэггүй юм шиг билээ.
Их наяд гэдэг нь 13 оронтой тоо бөгөөд нэг их наяд нь нэгийн тооны араас 12 тэг дагуулна гэсэн үг. Мянган тэрбум, эсвэл саяыг саяар үржүүлэхэд их наяд гэсэн тоо гарна. Ирэх жил улсын хэмжээнд үрж зарах 26 их наяд төгрөг гэдэг нь 14 оронтой тоо болж буй хэрэг.
Монгол төгрөгийн ханш ийнхүү цаасны хэмжээнд бууж, одоогоор 14 оронтой тоогоор улсын төсөв яригдах болов. Энэ оны эхний арван сард л гэхэд мөнгөний нийлүүлэлт 42.1 их наяд төгрөг болсныг бас хар. Мөнөөх л 14 оронтой тоогоор хэмжигдэх төгрөг ороод ирж. Ингэж даамжирсаар байвал нэгэн цагт үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш эргэлт буцалтгүй унаж, талх авахын тулд тэргээр мөнгөн дэвсгэрт түрж явдаг Зимбабвечуудын хувь тавилан дайрахыг үгүйсгэмгүй болж.
Зимбабвечууд яасан гээч. Зимбабве доллар гэгч мөнгөний нэгж 1980 оноос 2009 оны дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл Зимбабве улсын үндэсний мөнгөн тэмдэгт байжээ. Анх 1980 онд Родези доллар гэдгийг халж хэрэглээнд нэвтрэхдээ дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж байсан гэх.
Гэвч харалган улстөрчдийн алдаатай бодлого хэрээс хэтэрч хэт инфляцид нэрвэгдэн нэрвэгдсээр үмх талх авахдаа тэргээр мөнгө түрж очиж авдаг, цалин тавихдаа шуудайлж өгдөг, нөгөөхөө гэртээ хүргэх гэж үүрч дүүрч мунгинадаг болж. Ийн ханшийн уналтад идэгдэн идэгдсээр Зимбабве доллар дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний нэгж болон хувирч дээ.
Мөнөөх харалган улстөрчид ч зүгээр суугаагүй юм гэсэн. Инфляцийг хяналтдаа авахын төлөө 2006, 2008, 2009 онд гурван ч удаа мөнгөний шинэтгэл явуулсан ч амжилт олсонгүй. Зимбабве улсын Нөөцийн Банк 2009 оны нэгдүгээр сараас гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хуулиар зөвшөөрч, мөн оныхоо дөрөвдүгээр сарын 12-нд Зимбабве доллар гэгч мөнгөн тэмдэгт үндсэндээ хэрэглээнээс хасагджээ. Тэгсээр Зимбабве долларыг мөнгөний эргэлтээс бүрмөсөн хасах шийдвэрийг 2015 оны долоодугаар сарын 11-нд гаргаж, 2015 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл хэрэглээнээс түрэх шилжилт болжээ. Бүхэл бүтэн улс мөнгөгүй яаж байж болох билээ, түр зуурын хэрэглээний мөнгөн тэмдэгтээр зөвхөн америк долларыг хэрэглэхээр болсон байна.
Өнөөдөр тэднийх яав. Өмнөд Африкийн ранд, Ботсвана пула, фунт стерлинг, америк долларыг Зимбабве улс доторх гүйлгээнд хэрэглэж байна. Зимбабвегийн Засгийн газар улсынхаа эдийн засаг, аж үйлдвэрийг сэргээж байгаад үндэснийхээ Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн мөрөөдөж буй юм гэсэн.
Монгол төгрөг арай ч ингэж ёроолдоо тулахгүй байх. Гэхдээ л төгрөгийн ханшаа чангалах тал дээр бодож байхгүй бол өдрөөс өдөрт мөнгөний тоо хий өсөж, хөөс болж, хүнс, бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар уруудсаар, инфляц өссөөр, гадаад валют хаданд гарсаар байх болно.
Хамгийн сүүлийн буюу өчигдөр, арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 3.453,51 төгрөг, евро 3,603.47 төгрөг, юань 472.18 төгрөг байна. Ам.доллараар жишээ авахад энэ оны тавдугаар сарын 1-нд нэг ам.доллар 3,380 төгрөг байсан бол энэ арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 3405 төгрөг болж 0.78 хувиар өссөн байна. Ингэж гадаад валютын ханш өдөр өдрөөр чангарч, монгол төгрөгийнх суларсаар ирлээ. Төгрөг ч цаас болох нь илэрхий болов. Зимбабве долларын араас л бүү ороосой.
Сэтгэгдэл ( 1 )
SAWI80955877ANUSDI