Ц.ХҮРЭЛТУЛГА: Монголын анхны морин спортын ОЛИМПЫН АВАРГЫГ бэлдэх зорилготой

2024 оны 11 сарын 20

Монголын Англи хэлний академийн захирал, “Ширээтэй хас” хурдан адуу үржүүлгийн газрын захирал Цогбаярын Хүрэлтулгыг “Өглөөний зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Тулгаа багш” нэрээр англи хэл суралцагчдын дунд алдаршсан төдийгүй олон шавь нь гадаад орны нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэг аван суралцаж, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн гэдгээрээ танигдсан өндөр боловсролтой хүн. Тулгаа багшийн “Ширээтэй хас” адуу сонирхогчдын фэйсбүүк групп 80 мянга давсан гишүүнтэй. Тэд группийнхээ дөрвөн жилийн ойг тохиолдуулан хурдан удмын адуу сонирхогчид, уяачдын дунд 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

-Танай арга хэмжээний хамгийн гол зорилго нь юу вэ. Адууны салбарын их том арга хэмжээ юм байна шүү дээ?

-“Ширээтэй хас” хурдан морины Тулгаа багшийн удирдах групп гэж хаалттай группийг анх үүсгэн байгуулсан юм. Цаг хугацаа явахын хэрээр групп маань маш богино хугацааны дотор 80 мянгуулаа болчихсон.

80 мянга нь яг органикаараа орж ирсэн адуу сонирхдог хүмүүс. Энэ группийнхээ дөрвөн жилийн ойг угтаад нэгэн томоохон үйл ажиллагаа хийе гээд группийн админ, модераторуудтайгаа ярилцаж байгаад шийдвэр гаргасан. Манайх 12 админ, модератортай. Энэ оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болох найман төрлийн үйл ажиллагаа бүхий арга хэмжээ маань уяачдадаа зориулж нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ашгийн бус үйл ажиллагаа юм. Олон хүнийг хамруулж чадахгүй ч гэсэн 300 хүнийг уриад Монгол Улсын шилдэг уяачдын яриаг сонсгоно. Залуу уяачид маань хурдан адууны үржүүлэг, уяа, засалтай холбоотой сэдвээр  Монгол Улсын тод манлай, шилдэг уяачид, адууны эмчилгээг хариуцдаг эмч, эрдэмтэн, мэс засалч найман хүний 10 багц илтгэлийг сонсоно. Энэ салбарт багагүй хугацаанд ажилласан, үржүүлэг хариуцдаг уяач хүний хувьд уяачдад тохиолддог олон асуудлыг бүгдийг нь жагсааж гаргаж ирээд тэдгээрээс 10 багц сэдвийг сонгож, мэдлэг туршлагатай хүмүүсээр лекц уншуулах юм бол асар чухал ач холбогдолтой болно гэдгийг ойлгоод хийж байна.

-Энэ арга хэмжээний гол ач холбогдол нь юу вэ?

-Нэгдүгээрт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажил. Хоёрдугаарт Монгол орны өнцөг булан бүрээс 300 залуу, уяач ирнэ. Тэднийг хооронд нь танилцуулж, хаяг мэдээллийг нь солилцуулаад, фэйсбүүкийн нэг группэд оруулчихъя. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр, цаашид өвс тэжээл зөөвөрлөх, адуугаа худалдаж авахад, нэгэнтэйгээ харилцаа холбоо тогтооход баруун аймгийг зүүн, зүүн аймгийг баруунтай нь холбоод өгчихье. Тэгвэл 300 хүний танилын хүрээг 300-гаар нэмэгдүүлж, тэр залуучууддаа асар их ач холбогдолтой байх болов уу.

Гуравдугаарт, тэр 300 залуу маань хамгийн дээд зэргийн хүлээн авалтад орж, дээд зэрэглэлийн урлагийн тоглолт үзэж, өндөр түвшний дуудлага худалдаа яаж явагддаг вэ гэдгийг бас хараад аваг гэх агуулгыг бодсон.

Дөрөвдүгээрт, энэхүү арга хэмжээнд ирсэн 300 зочиндоо тод манлай уяачидтайгаа шууд харилцаа тогтоох боломжийг олгоё. Түүнчлэн адуу худалдаж авъя гэж боддог үржүүлгийн газруудыг нь уриад хүнээр дамжуулахгүйгээр шууд холбоо тогтоож адуу худалдаж авах боломжийг нь нээж өгье гэсэн ийм сонирхол, зорилготойгоор энэ үйл ажиллагааг хийх гэж байгаа юм. 

-Адуутай холбоотой олон нийтэд зориулсан, бас соён гэгээрүүлэх шинж чанартай цогц арга хэмжээ бараг анх удаа болж байгаа байх, тийм үү. Өмнө нь дуулдаж байгаагүй юм байна?

-Өмнө нь лекц бол явагддаг байсан. Дуудлага худалдаа бас тусдаа явагдаж байсан. Лекцээр эрдэм мэдлэгийг нь түгээгээд, урлаг соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалт, дуудлага худалдаа, танилцуулах аяллыг, адуу худалдаж авах боломжуудыг нь нээж өгч байгаа ийм хоёр хоногийн аялал бараг зохиогдож байгаагүй байх. Тэгэхээр “Ширээтэй хас” групп анх удаа зохион байгуулж байна. Энэ ажлын ард 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа.

-Адууны чиглэлийн судалгаагаар дэлхийд танигдсан Цэвэгмид гэж эрдэмтний талаар дуулддаг байсан. Энэ үйл ажиллагаанд ямар эрдэмтэд хэрхэн оролцож байгаа вэ?

-Дэлхийд танигдсан гэж өмнөөс нь дуугарч чадахгүй байх. Гэхдээ гадаад улсад доктор хамгаалсан, адууны шинжлэх ухааны төлөө зүтгэж байгаа хүмүүс энэ лекцийн үйл ажиллагаанд оролцоно. Дээрээс нь, сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж буй адууны мэс заслыг Монголд оруулж ирсэн Цогбадрах багш ирж адууны хөлний гэмтлүүд хэрхэн үүсдэг, яаж эмчлэх, хэрхэн оношлох, юун дээр анхаарах талаар нэлээд үнэ цэнтэй лекцийг унших юм. Хурдан адууны хамгийн чухал зүйл бол мэдээж хөл. Хөлөөрөө л давхиж хурдална. Иймд адууны хөлийг хайрлах, хамгаалах, эмчлэх, оношлох нь маш чухал асуудал байдаг. Нэлээн орчин үеийн ололт амжилттай нийцсэн олон лекц уншигдах болно.

-Монгол Улсын алдартай тод манлай уяачдаас хэн хэний лекцийг сонсох вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай уяач, гавьяат малчин, Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай ирж үнэ цэнтэй зөвлөгөө өгнө. Мөн уяачид дотроос адууны чиглэлээр ШУ-ы докторын зэрэг хамгаалсан хүн бий. Тэр хүн бол Монгол Улсын тод манлай уяач, ШУ-ы доктор Банзрагчийн Билэгдэмбэрэл. Мөн уяач болгоны таньдаг, уяаны эрдмийн хувьд нэлээд өндөр чадвартай гэгддэг Монгол Улсын тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, залуу уяачдыг төлөөлж Монгол Улсын тод манлай уяач Баярсайханы Лхагва-Очир нарын хүмүүс лекц уншина.

-Та өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар жаахан тодруулж ярих уу?

-Манай “Ширээтэй хас” хурдан адуу үржүүлгийн газар 2020 онд байгуулагдсан. Анх байгуулахдаа 2018-2021 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Монгол орноор бүтэн тойрох баг гаргаж, улсын хэмжээнд хурдтай гэж яригддаг аймгуудын адуучид, уяач, малчдаас 150 толгой хурдан удмын гүү цуглуулсан юм. Яагаад гэвэл, адуу хэр хурдтай байх нь эх мал буюу гүүнээс их хамаардаг. 150 гүү цуглуулж аваад дэлхийд тэргүүлэгч цэвэр үүлдрийн азаргануудыг Монгол Улсад оруулж ирээд, таван цэвэр үүлдрийн азарга, 150 үржүүлгийн гүүтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Эхний төлүүд маань улс, бүсийн наадмуудад уралдаж эхлээд байна.

-Үүлдрийн хувьд ямар адуу гарч ирж байгаа гэсэн үг вэ?

-Цэвэр англи адуу, хурдны чиглэлийн цэвэр араб адуугаар үржүүлэг хийж байгаа. Монгол гүүтэй нийлүүлээд  үржүүлэг хийж байгаа гэсэн үг. Эцэг нь цэвэр цусны азарга, эх нь монгол гүү.

-Улсын наадамд уралдахад ямар нэгэн хориг саад байдаггүй гэж үү?

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ямар нэгэн саад байхгүй. Монгол Улсын хурдан морины уралдаанд адууны сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулдаг. Сэрвээний өндөр дотор багтаж байгаа л бол тухайн насны адуу уралдах бүрэн боломжтой.

-Танайхаас гарсан адууны үр төл ямар амжилт үзүүлж байгаа вэ?

-Бага насны адуу /даага, шүдлэн, хязаалан/ уралдаад эхэлсэн. Монголын таван том уралдаан /Улсын наадам, Улсын бүс, Дүнжингарав, 1000 долларын уралдаан, Их хурд/-ы Их хурдаас бусдад нь манай үржүүлгийн адуунууд амжилт үзүүлээд айраг, түрүү авч эхэлсэн. Ирэх жилүүдэд улам илүү хурдлах байх гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл, анхны үржүүлгээр гаргаж авсан охин төлүүд маань хээлтүүлэгт дөнгөж энэ жил орсон. Шинээр гарч ирсэн эр төлүүд нь уралдлаа гэхэд эм нь хээлтүүлэгт ороод гарч байгаа унага, төлүүд нь бүр өндөр амжилт гаргах байх гэдэгт итгэлтэй байна.

 

АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ 300 ХҮН ЭМИЙН БОДИСЫН ТУХАЙ ЛЕКЦИЙГ АНХААРАЛТАЙ СОНСООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

 

-Адуу үржүүлгийн газар манайд хэр олон байдаг вэ?

-Ер нь үржүүлгээр дагнаж байгаа нь цөөхөн байж болох ч сум болгонд цэвэр цусны азарга оччихсон байгаа. Бараг л уяач болгоны адуун сүрэгт цус сэлбэсэн шинэ цэвэр үүлдрийн адуу байдаг. Тэгэхээр хүн болгон л, малчин, адуучин бүр дор бүрнээ үржүүлэг хийж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр адуучин өөрөө үржүүлэг хийх, танайх шиг адуу үржүүлгийн газар үржүүлэг хийх хоёрын ялгаа юугаар илэрдэг вэ?

-Үржүүлгийн хувьд ерөнхийдөө адилхан явж байгаа боловч адуу үржүүлгийн газрууд бол арай мэргэжлийн түвшинд ажиллана гэсэн үг. Жишээ нь, манайх адууны мэргэжлийн эмчтэй. Эмч маань гүүгээ ЭХО-гоор хараад ороог нь шалгадаг. Ороо нь орж байгаа үед азаргандаа өгч үр тогтоолгоно. Үр тогтсон эсэхийг нь бас мэргэжлийн аппаратаар шалгаад үр тогтсон эсэхийг нь тодорхойлдог. Цаашлаад унагалсан үед нь эцэг тогтоох шинжилгээнд хамруулж сертификат олгодог. Ийм нарийн үйл ажиллагаагаараа арай давуу. Түүнээс уяач болгон л өөр, өөрийн хэмжээнд үржүүлэг хийгээд явж байгаа. Түүнчлэн манайд төлбөр төлөөд цэвэр азаргануудаар маань үр тогтоолгож болдог.

-Монгол адууны үүлдэр нэлээд өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Уугуул Монгол нутагт олон зуу, мянган жил амьдарч, байгаль, цаг ууртаа дасан зохицсон адууг хурдны чиглэлийн цэвэр үүлдрийн адуутай нийлүүлж илүү хурдан адуу гаргаж авч байгаа гэсэн үг юм.

-Уяачид үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ер нь хүмүүс үржүүлэг хийхдээ уламжлалт аргаар буюу  уналга эдэлгээндээ зориулж хийж байгаа нэг хэсэг байна. Байгаль цаг агаар, цас зуданд тэсвэртэй, уналга эдэлгээнд ачаалал даах чадвартай, эрэлд явдаг, хонины морь, уургач морь гээд  монгол адуугаа монголоороо үржүүлж байгаа хэсэг нь гэсэн үг. Дараагийн нэг бүлэг нь махны үйлдвэрлэлийн чиглэлээр адууг үржүүлж байна. Жин их, махны гарц өндөр гэх мэт. Гурав дахь хэсэг нь миний хийж байгаа шиг илүү хурдан адуу гаргаж авах талаасаа үржүүлэг хийж байна гэсэн үг. Энэ бол хувь хүн болгоны л зорилготой холбоотой. Уяачид бол хурдан талын адуугаа гаргаж авахыг илүүд үздэг. Илүү хурдан болж байгаа адуу бол байгаль, цаг уурт зохицохгүй гэх асуудал байдаггүй. Ингээд гурван чиглэлээр адууны удмыг сайжруулж л яваа байх. Хурдан адууны үржүүлэг хийж байгаа хүмүүс саяхнаас биш бараг 100 жилийн тэртээгээс үржүүлэг хийж ирсэн байдаг. Тэгэхээр дөнгөж XX зуун гараад л цэвэр цусны азарга оруулж ирсэн хэрэг биш, 100 гаруй жилийн өмнөөс хийгдээд ирсэн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд импортолж оруулж ирэх хил, гаалийн асуудал болон хууль эрх зүйн орчин нь илүү нээлттэй болсон учир олноороо орж ирсэн болохоос адууны удмыг сайжруулах асуудал 100 жилийн тэртээгээс хийгдэж ирсэн.

-Танай арга хэмжээнд оролцох хүмүүс аль чиглэлийн адууны мэдээллийг түлхүү авах вэ?

-Хоёр хоногийн турш найман арга хэмжээ зохион байгуулна. Үүнд, нэгдүгээрт, Монгол Улсын тод манлай уяачдын лекцүүд, хоёрдугаарт, хурдан морины эмчилгээтэй холбоотой лекцүүд, гуравдугаарт, Уяачид хоорондоо танилцах, харилцаа холбоо тогтоох, дөрөвдүгээрт, Монгол Улсад жишиг морины жүчээтэй танилцах, тавдугаарт, Уяачдын VIP хүлээн авалт, зургаадугаарт,  Урлагийн тоглолт, долоодугаарт, Тод манлай уяач нарын болон “Ширээтэй хас” хурдан адуу үржүүлгийн газрын хурдан адууны дуудлага худалдаа, мөн 100 сая төгрөгийн шагналын сантай 30 төрлийн азын сугалаа тодруулах арга хэмжээг зохион байгуулна. Ирсэн зочид төлөөлөгч нарт гарын бэлэг гардуулах хаалтын үйл ажиллагаа болно.

-Тэгэхээр хурдан удмын адууны талаарх мэдээлийг түлхүү авах нь ээ?

-Тийм ээ. Хурдны чиглэлийн адууг хэрхэн уях, сойх, уяаны алдааг засах, хөлийг нь хамгаалах, эм тариа болон эмийн бодисуудыг яаж хэрэглэх, эмийн бодисын зөв зохистой хэрэглээ, орчин цагийн адууны анагаах ухааны хөгжил ямар түвшинд байгаа юм, Монгол Улс хаана нь явж байна вэ. Мөн электролит, витамин, амин хүчил гэж юу юм бэ, яаж хооронд нь ялгах вэ. Хэзээ алийг нь хэрэглэх, яаж хоорондоо ялгагддаг болохыг мэдэж авна. Шинжилгээнүүдийг яаж өгөх вэ гээд маш нарийн мэдээллүүдийг өгнө. Яагаад гэвэл зарим уяач бүгдийг нь витамин гээд ойлгочихсон байх тохиолдол байдаг. Гэтэл электролит, витамин, амин хүчил гурав тус бүрдээ өөр, өөрөөр үйлчилнэ. Энэ гурвын аль нь яг таны адуунд дутаад байгаа юм бэ, аль нь дутсаныг яаж мэдэх юм бэ. Дутвал яах вэ, нөхөөд өгчихвөл таны адуу яаж хурдлах юм бэ гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх учир маш их ач холбогдолтой.

-Адууны шинжлэх ухаан, уламжлалт уяа хоёрыг харьцуулан зэрэгцүүлж заана гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Жишээ нь, зарим адууны хөлс нь шургачихдаг. Хөлс нь гарахгүй бол адуу яагаад ч хурдлахгүй. Яахаараа адууны хөлс гарахаа больчихдог юм, гарахгүй бол ямар аюултай юм бэ, үүнийг засах арга. Тухайлбал, Уламжлалт морин уяагаар яаж засах вэ. Орчин цагийн анагаах ухаанаар яаж засах вэ гээд заана. Мөн зарим адуу зоо хөөх буюу сүүний хүчил маш ихээр ялгарсны улмаас жаахан давхиж байснаа суулт өгч цуцаад байдаг. Үүнийг уламжлалт уяагаар болон адууны анагаах ухаанаар яаж засах юм бэ гэдгийг заана. Үүнд, тод манлай уяачид уламжлалт уяа заслаар яаж засахыг заах бол, шинжлэх ухааны мэргэжилтнүүд анагаах ухаанаар яаж засах вэ гээд хоёр талаас нь яриад өгчихнө. Энэ бол найман үйл ажиллагааны маань зөвхөн нэг нь буюу эрдэм мэдлэг олгох хэсэг нь юм.

-Таныг эмч мэргэжилтэй хүн гэж сонссон? 

-АШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Энэ бол миний гурав дахь мэргэжил. Ер нь олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хэдийгээр би малын эмч биш ч гэсэн хүний их эмч учраас хүнд хэрэглэдэг эмийн бодис, түүний анатомийг судлаад адуу нь хүнтэй нэлээд төстэй болохыг анзаарсан. Өөрийн эзэмшсэн эмч мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг “Ширээтэй хас” адуу үржүүлэх газрын үйл ажиллагаандаа бас тодорхой хэмжээнд зөв зохистой ашиглаад явдаг.

Адууны анагаах ухааны хөгжил дэлхий дахинд маш өндөр түвшинд хүрч хөгжсөн учраас тэр мэдээллийг англи хэлнийхээ чадварыг ашиглаад байнга аваад явж байгаа. Эргээд адууны эмчилгээг илүү сайн боловсруулж бодоход нөлөөтэй байдаг. Дээрээс нь дэлхийн салбарын мэдлэг мэдээллээс аваад орон нутагт байгаа уяач нарт хэлж өгөхийг маш ихээр хүсэж байгаа. Яагаад гэвэл, дэлхий тийм өндөр зэрэгт хөгжчихсөн учраас дан ганц уламжлалт аргаа хэрэглэх нь хоцрогдол болохоор байна. Хорин жилийн өмнө хөдөөний алдар суут уяач нар адуугаа бараг тэжээдэггүй байсан. Гэтэл өнөө цагт бол тэжээл төдийгүй адуунд зохистой хэрэглэх эм тариа, бэлдмэл бас мэргэжлийн түвшинд бараг хүрээд байна. Гол нь үүнийг маш зөв зохистой, анагаах ухааны мэдлэг дээр суурилж хэрэглэх хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дагуу хэрэглэхгүй бол маш олон уяач нар бусдыгаа дуурайж эмийн бодисыг зохистой бус хэрэглэж, адуугаа сайжруулахаасаа илүү эрүүл мэндийг нь хохироох, тэр бүү хэл үхэлд хүргэж байгаа тохиолдол олон байна. Үүнд маш их эмзэглэж байгаа учраас манай арга хэмжээнд оролцох 300 хүнийг эмийн бодисын тухай ярих лекцийг маш анхааралтай сонсоосой гэж хүсэж байна.

 

АНГЛИ ХЭЛИЙГ МОНГОЛ ХҮНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ АРГААР ЗААДАГ

 

-Ковидын үед онлайнаар англи хэлний хичээлд сууж байсан шавь нарын чинь нэг нь би байна. Англи хэлний гоо сайхныг таны хичээлд суугаад л мэдэрсэн. Англи хэлний сургалтынхаа талаар ярина уу. Мэдээж, яг надтай адилхан таны хичээлд үргэлжлүүлээд суух юм сан гэсэн хүн зөндөө байгаа?

-Энэхүү ярилцлагыг уяачид маань их уншина байх гэж би бодож байна. Миний нэр өөрөө олон нийтэд их түгсэн нэр. Нөгөө Тулгаа багш гээд. Харин намайг мэдэхгүй зарим хүн “Адууны багш юм уу”, зарим нь “Лам багш юм уу” гээд боддог юм шиг байгаа юм. Энэ нь надад хөгжилтэй санагддаг. /инээлдэв/

-Би бол англи хэлний Тулгаа багш л гэж мэдэж байгаа.

-Залуу хүн байсан байна шүү дээ. Би таныг багш гээд байхаар нь лам хүн гэж бодсон гээд зарим настай хүн хэлж байдаг юм. Тэгэхээр нь би “Аанхан, би бол Монголын Англи хэлний академийн захирал” гэж танилцуулан хэлдэг. Англи хэлний мэргэжлийн өндөр түвшний сургалтыг манай академи 12 жил тасралтгүй явуулж байгаа. Манай академи 38 мянган шавь төгсгөсөн. Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд заадаг багш хүн. IBT TOEFL, IELTS, GMAT, GRE, SAT шалгалтад бэлтгэх, А1, А2, В1, В2, С1, С2 гээд зургаан түвшинд заадаг. Олон улсад заах эрхтэй. Дэлхийн номер нэг The Princeton review хөтөлбөрийг дэлхий даяар заах эрхтэй. Торонтогийн их сургуулийн англи хэл заах эрхтэй багш хүн. Олон мянган оюутныг гадаад улс руу сургуульд явуулсан. Олон оюутан залуусыг тэтгэлгээр сургасан. Англи хэл хүний өөртөө итгэх итгэлийг дээд цэгт нь аваачдаг, санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэг. Хэн нэгнийг дэлхийн иргэн мөн гэдгийг нь өөрт нь ойлгуулдаг. Энэ бол маш том чадвар юм. Энэ бол хэрэглээ биш чадвар. Тэгээд дээрээс нь хүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэг энэ чадварыг эзэмшсэн хүмүүс Монгол Улсад дундаж орлоготой амьдрахыг бол би мэдэхгүй. Дунджаас дээгүүр орлоготой амьдарч байгаа. Ийм том чадвар хүний заавал эзэмших ёстой зүйлийн нэг. Ийм чадвар эзэмшсэн хүнд аливаа нэгэн ажил маш амархан байдаг бол ийм чадвар эзэмшээгүй хүнд үнэхээр хэцүү байдаг гэдэг. Тиймээс англи хэл бол том чадвар. Энэ чадварыг л маш олон хүн эзэмшээсэй гэж хүсдэг юм.

-Танай сургалтад суугаад англи хэлийг сайн эзэмшиж амжилтад хүрсэн хүмүүс байдаг. Энэ талаар?

-Монгол Улс бүх нийтэд англи хэлийг тавдугаар ангиас 12 дугаар анги төгстөл заадаг боловч ихэнх хүн нөгөө В2 ч юм уу С1 түвшиндээ хүрээгүй байдаг. Гадаадад тэтгэлгээр сурна гэж зүүдлээ ч үгүй хүн англи хэлний В2 түвшинд хүрчихээрээ “Би гадаадад тэтгэлгээр сурна, би дэлхийн топ сургуульд сурна” гэж зоригтой хэлдэг. Энэ нь нөгөө хувь хүн өөрөө өөртөө итгэх итгэлийг нь англи хэл гэдэг чадвар ямар дээд түвшинд хүргэж байгаа вэ гэдгийн нотолгоо. Манайд охиныхоо оронд, хүүгийнхээ оронд орж ирж сураад өөрөө “Би одоо дэлхийн том сургуульд сурч чадах юм байна” гэж итгэл аваад, тэтгэлэг авсан маш олон хүн байгаа. Тухайн хүмүүс 40 гаруй насныхан. Өөрөө өөртөө итгэх итгэлээ дээд цэгт нь хүргээд, сураад төгсөөд ирсэн хүн маш олон байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын мөнгөн медальт Цэвэгийн Ойдов гуай манай академид 70 настайдаа сурч төгссөн. Тэгэхээр, хэл сурахад нас чухал биш. Үүнийг бид 38 мянган хүнд заасан хүний хувьд мэдэж байгаа. Маш олон хүн надаас “Хүүхдээ сургамаар байна” гэж асуудаг. Би өөдөөс нь юу гэж хариулдаг вэ гэвэл “Хүүхэд чинь сурчихна аа, асуудалгүй. Та өөрөө сурчихаач. Та өөрөө эхлээд сурчих юм бол хүүхэд чинь асуудалгүй сурна. Таны нас одоо 60-тай байлаа гэхэд ахиад идэвхтэй 20 жил амьдарлаа гэхэд та 20 жил англи хэл гэдэг чадвараа хэрэглэнэ шүү дээ” гэж хариулдаг. Бүх хүнд англи хэл сурах боломж байгаа. Тэгээд ч англи хэл сурахад нас ерөөсөө хамаагүй. Тэр ойлгох, ойлгохгүй огт хамаагүй. Харин таны англи хэл сурах сэтгэл зүй хэр байгаа юм бэ, мөн танд зааж байгаа багшийн чадвар хэр вэ гэдгээс л хамаарна.

-Англи хэлний сургалтаа цааш нь яаж үргэлжлүүлье гэж бодож байгаа вэ?

-Монголын Англи хэлний академи анх Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв гээд жигтэйхэн урт нэртэй эхэлж байсан. Гадаад улс руу тэтгэлэгт зуучилж сургадаг байсан юм. Цаашид өргөжин Монголын Англи хэлний академи болсон. Дэлхийн номер нэг хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй байгууллага дэлхийд 14 байдаг юм. Тэрний нэг нь Монгол Улсад байгаа нь манай Англи хэлний академи юм. Цаашид 15-аас доош насны хүүхдүүдийг сургадаг болъё, VIP хөтөлбөрүүдийг нэмье. Мөн 12 дугаар ангиа төгсөөд их, дээд сургуульд ороогүй, нэг жил өнжиж байгаа залууст зориулсан жилийн анги нээнэ. Монгол Улсад нэлээн чадварлаг хувийн ахлах сургуулийг нээн ажиллуулах төлөвлөгөө байгаа. Манайх одоо 20 гаруй багш ажилчинтай, 30-аад хүний бүрэлдэхүүнтэй. Үйл ажиллагаагаа 10 орчим жил тогтвортой явуулж байна даа.

-Бүр дунд сургуультай болох гэж байгаа юм байна шүү дээ?

-Тийм ээ, тэр тал руугаа ажиллаж байна. Аймгуудад бас салбаруудаа нээе, дээрээс нь гадаад улсад буюу Австрали, Америкт хоёр газар бас салбараа нээе гэж байгаа. Бусад улсын англи хэл сурч чадахгүй хүмүүст зориулаад онлайн ангиудыг нэлээн сайн нээж өгье гэсэн зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаад л явж байна даа.

-Танай англи хэл заах аргын гол онцлог нь юу вэ. Би хэд хэдэн англи хэлний курст богино хугацаагаар сурч үзсэн. Тэгэхдээ таны өөрөө заасан тэр хөтөлбөр шиг тийм хөтөлбөртэй сургалттай ерөөсөө таарч байгаагүй. Юугаараа тийм их ялгаатай юм бэ?

-Бусад хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ гэвэл, нэгдүгээрт, бид өөрсдийн боловсруулж гаргаж ирсэн тусгай аргатай. Энэ арга нь тун даруу бишээр хэлбэл Монгол Улс төдийгүй, дэлхийд байхгүй өөрийн гэсэн аргатай. Энэ арга маань монгол хүнд зориулж олон мянган удаа тэр хичээлийг зааж байж гаргаж авсан ийм тусгай аргаар заадаг нь онцлог. Найман долоо хоног заадаг хичээлийг хоёрхон удаагийн оролтоор ойлгуулчихдаг тусгай арга. Энэ нь англи хэл сурч буй хүнийхээ цаг хугацааг маш ихээр хөнгөвчилсөн, олон мянган удаа зааж, олон мянган удаа бодож байж, олон мянган оюутанд заасан туршлага, золиос дээр бий болгож авсан тусгай арга юм. Хоёрдугаар давуу тал нь манайх дэлхийн номер нэг The Princeton review хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлдэг.

Энэ хөтөлбөрийг бид дэлхийн номер нэг гээд байгаа юм биш, дэлхий дахин тэгж хүлээн зөвшөөрдөг. Тэдний нууц аргаар бас заадаг. Гуравдугаарт, манай оюутнууд өдөр болгон 100 үг цээжилдэг тусгай аргаар хичээллэдэг. Дөрөвдүгээрт, манайх долоо хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Тавдугаарт, та нэг төлбөрөөр анхан, дунд гээд бүх шатанд сурдаг. Таны шатлал болгоноос төлбөр авдаггүй. Ганцхан төлбөр төлөөд та англи хэлний дээд оноо автлаа сурдаг. Зургаадугаарт, та нэг ангид сурлаа гэхэд бусад бүх ангид үнэ төлбөргүй сурах боломжийг олгодог. Тиймээс үнэхээр суръя гэж хичээдэг. Долоодугаарт, бид сэдэлжүүлэх буюу хүнд англи хэл сурах урам зоригийг нь өгч, тэр сэдлийг нь хэзээ ч унтраахгүйгээр дэмждэг, ийм онцлогуудтай.

-Танайд төгссөн олон зуун оюутан тэтгэлэг авсан байх, тийм үү?

-Тийм ээ, олон зуун оюутан тэтгэлэг авсан. Бидний гол үүрэг англи хэл жаахан гадарлаад л гадаад улсад очиж, хар ажил хийж амьдаръя даа гэсэн бодолтой орж ирсэн хүнийг “Үгүй шүү, та харин англи хэлийг дэндүү мундаг сураад дэлхийн топ сургуульд тэтгэлгээр сураад төгсөж ирээд эх орныхоо хөгжил дэвшилд гайхалтай үүрэг оролцоо оруулах бүрэн боломжтой шүү” гэдгийг нь ойлгуулж, тэрэнд хүргэх нь багш нарын зорилго байдаг. Тиймээс бид Америкт очоод хар ажил хийж амьдарна гэсэн бодолтой хүмүүсийг өчнөөн өөрчлөөд, тэд Америкийн топ сургуулийг төгсөж ирээд эх орондоо буюу Монгол Улсдаа маш өндөр түвшинд ажиллаж, сайхан амьдарч байгаа түүх зөндөө байна. Иймэрхүү түүх маш олон. Танд ямар, ямар чадвар байгаа вэ гэдгийг нь ойлгуулж, өөрөө өөртөө итгэх итгэлийг дээд цэгт нэмэх нь багш хүний хамгийн чухал үүрэг гэж бид хардаг. Тэгээд яг энэ үүргээ гүйцэтгэж ажилладаг.

-Монголд 14 хоног уурхайд ажиллачихаад 14 хоног гэртээ амардаг хүмүүс маш их байна. Тэдэнд зориулсан хөтөлбөр танайд байдаг уу?

-Ростероор ажиллаж байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр манайд бий. Уурхайд ажиллаж байгаа 14 хоногтоо хичээлээ онлайнаар үзээд, амарч байгаа буюу энд ирсэн 14 хоногтоо танхимаар сурдаг ийм хөтөлбөрийг бид хэрэгжүүлдэг. Харин ирэх 12 дугаар сараас бид нийгмийн хариуцлагын хүрээнд ростероор ажиллаж байгаа хүмүүст зориулаад эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгөө хамт сурдаг ийм ростерын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тэр хоёр хүн хэдийгээр бие тусдаа байсан ч гэсэн онлайнаар хамтдаа хичээлд суугаад, Улаанбаатарт ирчихсэн өдрөө хамтдаа нэг ангид сурна. Яагаад гэвэл, ростероор ажилладаг хүмүүсийн хувьд гэр бүл салалт өндөр байдаг юм билээ. Тэгэхээр аль болохоор л хамтад нь ийм гоё боломжийг олгох ангийг нээх гэж байгаа юм.

-Англи хэл сурах юмсан гэж хүсэж байгаа хүмүүс манай уншигчид дотор олон байгаа. Тэр хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Хамгийн түрүүлж эхэл. Эхлэл бол 50 хувь чинь юм. Тиймээс эхэл. Хоёрдугаарт, хойшлуулахаа боль. Хойшлуулсан болгон мөхдөг. Ахиад хэзээ ч эргэж ирдэггүй. Хэрэв та өөрийгөө жаахан амжилтгүй байна аа, хэл сурч чадахгүй гэж бодож байгаа ч юм уу хувийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол та арай бүх зүйлээ хойшлуулаад байдаг юм биш биз дээ. Хойшлуулсан болгон мөхдөг, эргэж ирэхгүй. Тэгэхээр нэгдүгээрт эхэл. Хоёрдугаарт, англи хэл сурах процессоо битгий хойшлуул. Энэ хоёрыг л та өөртөө бэлдчих юм бол бусдыг нь бид хангаж чадна.

-Та бараг гурван салбарт ажиллаж байна. Үүнийхээ хоёр салбарт нь маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Нэг нь морь үржүүлгийн салбар, нөгөөх нь англи хэл сургалтын тал дээр бол бүр олон жилийн туршлагатай. Үүнээс цааш танд өөр ямар зорилго байна вэ. Алсын ирээдүйгээ яаж харж байгаа вэ?

-Алсын хараагаа тодорхойлж байгаа гурван том зүйл байна.

Нэгдүгээрт, боловсролын салбарт бол үнэхээр том төслүүдийг хэрэгжүүлж ажиллах хувийн амбиц байна. Тэр нь дунд болон ахлах сургууль байгуулж, Монголын ирээдүй болсон олон зуун мянган хүүхэд залуусыг дэлхийн топ боловсрол руу дөхүүлж өгөх ийм зорилго байна.

Хоёрдугаарт, миний маш ихээр эмзэглэж явдаг нэг зүйл бол Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын салбар.  Яг энэ салбар луу маш их, шаргуу ажиллах сонирхолтой байгаа. Цаашид энэ чиглэлээр дэлхийн топ сургуулийн нэг Америкийн их сургуульд өөрөө суралцахаар зэхчихсэн байгаа. Шалгалтдаа тэнцсэн учраас бэлтгэлээ хангаад явж байна. Ирээд Монгол Улсдаа яг энэ салбарт буюу ЭМД-ыг илүү сайн, иргэндээ хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулна. Хэн нэгэн хавдар туслаа гэхэд даатгалын салбараараа дэлхийн аль ч орны эмнэлэгт очоод эмчлүүлчих чадвартай, боломжтой болгох талаас нь ажиллана. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх ажил нэлээд хийнэ гэж бодож байна.

Гуравдугаарт, Олимп гэдэг наадам морин спорттой. Монгол Улсад маш олон уяач залуус байна. Яг энэ салбар руу бэлдэж, Монгол Улсаасаа анхны морин спортын олимпын аваргыг бэлдэх зорилготой байгаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batdorj dolgorsvren(122.201.31.156) 2024 оны 12 сарын 04

mnii huwid bi uuruu baga nasnii hvvhedtei hvvhdee hel surgay gsen bodol bdag bsan gtel hvv maani ndad zaagaad baidii mnii hvvg baga bhdaal mori haraad duralsan morin huur sonsoh durtai gehdee moriig biy daaj unaj suraagui joohn bhiiin l hamaatnii ahiiin mori tamganii bayr deer gantsaara ywj bdah hvv bi bolohoor hvvgee morinoos hol bailgadag uuruu baga bhdaa unaad ternees hoish hashirsan hvneldee. Ghdee ene saihn uil ajilgaa bdag znduu uil ajilgaa ywGddag gedegt bayrtai bna bi uuruu hudulmuriin ayulgui bdlaar tugssun hernee ynzan bvriiin ajil hiigeel ywjine mngoldoo amidrah durtai ter tusmaa hu

1  |  0
Top