АНУ-ын шинэ засаг захиргаатай сөргөлдөх бодолгүй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 20

Японы шинэ ерөнхий сайд Шигэру Ишиба АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын ирээдүйн засаг захиргаатай сөргөлдөх бодолгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээр харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

“Сөргөлдсөн байр суурь баримтлахын оронд Япон, Америкийн хамтын ажиллагаа Японы ч, АНУ-ын ч эрх ашигт бүрэн нийцэхийн зэрэгцээ Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад тусална гэдгийг би Доналд Трампад тайлбарлахыг хичээнэ. Японы засгийн газар Америкийн шинэ засаг захиргааны авч хэрэгжүүлэх алхмуудыг анхааралтай ажиглаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллана” гэж Ишиба онцолжээ.

АНУ-д оруулж ирж байгаа бараанд, түүний дотор автомашинд татвар ногдуулах Трампын төлөвлөгөөнд Японы эрх баригчид болгоомжтой хандаж байгаа аж. Сонгуулийн өмнөх цуглаанууд дээр Трамп Европын Холбооноос оруулж ирэх бараанд гаалийн татвар ногдуулах замаар АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулахыг амлаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top