УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ үдэс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан нар танилцуулсан юм.
Манай улсад зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагууд хуульд заасан харьяаллын дагуу хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар Тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20 төрлийн гэмт хэрэгтэй, Авлигатай тэмцэх газар 8 төрлийн гэмт хэрэгтэй, Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 182 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байдаг байна. Тэгвэл цагдаагийн байгууллагын харьяаллын 182 төрлийн гэмт хэргээс 30 гаруй нь хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг үндэстэн дамнасан шинжтэй, зохион байгуулалттай, гол төлөв нууц далд аргаар үйлдэгддэг, манай улсын хувьд шинэ төрлийн гэмт хэргүүд юм.
Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгөн угаах, хар тамхины, цагаан захтнуудын болон албан тушаалын гэмт хэрэг нь зохион байгуулалттай шинж чанартай болж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэн, үйлдэх арга, хэлбэр нь улам нарийсч, далд, үндэстэн дамнасан байдлаар үйлдэгдэх болж, энэ нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрээд байна. Гэвч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагууд салангид байдлаар тус тусдаа чиг үүргээ хэрэгжүүлдэг, тэдний гэмт хэрэгтэй тэмцэх боломж, хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байгаа учраас цаашдид боловсронгуй, оновчтой зохион байгуулалт бүхий бүтцээр эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа а.
Бусад улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга хэлбэр, туршлагаас судлан үзвэл дэлхийн ихэнх улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарч бие даасан, хараат бус Мөрдөх албыг байгуулж ажиллуулдаг байна. Тухайлбал, ХБНГУ 2007 онд мөрдөх чиг үүрэгтэй байгууллагуудаа бүтэц, зохион байгуулалтын түвшинд шинэчлэн, гэмт хэргийн илрүүлэлт болон мэргэжлийн ур чадвар, техник технологийн хувьд дэлхийд дээгүүр үнэлэгдэх Холбооны мөрдөх албыг байгуулсан. Мөн Англи улс 2005 онд Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэргийн болон цагдаагийн хуулийг баталж, онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагыг байгуулжээ.
Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр Засгийн газар хүний болон эдийн засгийн нөөц боломж, хууль эрх зүйн чадамжаар бүрэн хангагдсан, өөрийн улсын төдийгүй гадаад орнуудын хэмжээнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан ажиллах чадамж бүхий Мөрдөх албыг бий болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлснийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөлд тусгаснаар Мөрдөх албаны хэргийн харьяаллыг Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар, Мөрдөх албаны ажилтан хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаануудыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, харин гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ, түүнийг хэрэглэх үндэслэлийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар зохицуулах юм байна.
Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй бие даасан тогтолцоо бий болно. Одоогоор зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн байгууллагын чиг үүрэг уялдан зохицуулагдаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хамгаалагдахын зэрэгцээ хүний наймаа, мөнгөн угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн илрүүлэлт сайжрах, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр нар асуулт асууж тодруулав. Харин хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар үг хэлсэн гишүүн М.Батчимэг энэ хуулийг батлах, ийм алба байгуулах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сулруулж буй гэмт хэрэгтэй тэмцэх чадавхи сайжрах сайн талтайг онцлоод гэхдээ харьяаллын гэмт хэргийг мөрдөн шалгах тагнуулын байгууллагын чиг үүрэгт анхаарах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах журмуудыг төсөлд тусгаж өгөх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах санал хэлсэн бол гишүүн Д.Дэмбэрэл олон байгууллага байгуулах гэхийн оронд олон түмнийг соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх нь зүйтэй байна гэлээ. Мөн гишүүн Н.Энхболд ийм чиг үүрэгтэй байгууллагатай болохыг зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлээд төсөлд гүйцэтгэх ажлын хүрээний байгууллагуудад тавих хяналт зохицуулалттай холбоотой асуудлыг нэмж тусгах, тагнуулын байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг тодотгож өгөх шаардлагатай. Тус намын бүлэг хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад сайн ярилцаж сайжруулах боломжтой гэж үзэж завсарлагаа зогсоон хэлэлцүүлэгт оролцож байгааг хэллээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )