Засгийн газрын хуралдаанаар Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулахаар болжээ. Төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Асгатын мөнгөний ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлыг зохион байгуулж, төслийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гэрээ байгуулан биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасан байна. Тус ордод хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох бусад судалгааны мэдээ материалаар хангаж ажиллахыг Төрийн өмчийн хороо, “Монголросцветмет” компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Асгатын мөнгөний ордыг ашиглах ажлыг эхлүүлэх нь манай улсад тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, экспортын шинэ нэр төрлийг бий болгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж салбарын яам үзжээ.
“Монголросцветмет” ХХК-иас Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх санхүүгийн боломж өнөөгийн нөхцөлд байхгүй байна гэсэн албан бичгийг Уул уурхайн яаманд ирүүлжээ. Учир нь 2013 оны 2 дугаар улирлаас жоншны үйлдвэрлэл зогссон, гол худалдан авагч ОХУ худалдан авалтаа зогсоосноос борлуулалт эрс багассан, БНХАУ-д тээврийн тариф өссөн болон татварын хэмжээ өндөр, ашиглаж байсан алтны ордуудын нөөц дууссан, зарим орд нь хуулиар хориглосон талбайн хүрээнд багтсан байна. Иймд Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийлгэх, орд ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн нэгжийг санхүүжүүлэх боломж “Монголросцветмет” ХХК-д байхгүй учир Засгийн газраас төслийн нэгж байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг Стратегийн ач холбогдолтой ордод хамруулсан. Тус орд нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи, хайгуулын ажлаар нөөц нь тогтоогдсон учир Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ордын 50 хүртэл хувийг Монголын төр эзэмших эрхтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )