Монголын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид 326 сая ам.доллар төлөх эсэхийг Олон Улсын Арбитрын шүүхээс энэ сард эцэслэн шийдвэрлэх ёстой юм. Арбитрын шүүх талуудаас эхний тайлбарыг хоёрдугаар сарын 5-ны өдөр сонссон бол дараагийн тайлбарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сонссон байх учиртай. Тэгээд шийдвэрээ тавдугаар сард гаргах ёстой юм. Яг одоогийн байдлаар бол ямар нэг шийдвэрийг гаргасан эсэх талаар мэдээлэл ирээгүй байгаа гэсэн зүйлийг албаны нөхдүүд хэлж байна. Ямар ч байсан хуралд оролцсон ажлын хэсгийг ахалсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн тухайд “Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лиценкийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан.”гэсэн харьцангуй ялах итгэлтэй өнгө аясын зүйл ярьж байсан бол Дэд сайд Э.Эрдэнэжамьяан тус шүүх хуралд оролцох бэлтгэл ажлыг хангахад Монголын төрийн байгууллагууд хойрго хандаж байгаа талаар ам нээсэн удаатай. Тэгээд яахав бэлтгэл сэлт нь хангагдсан байр байдалтайгаар шүүх хуралд оролцож, өдгөө шийдвэрийг сонсох цаг мөч тулсан байдалтай байж байна.
Канадын “Хан ресурс” компанийн тухайд Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихсан, Дорнод Ураны ордын лицензийг хууль зөрчин булаасан гэх үндэслэлээр манай эсрэг зарга үүсгэсэн үүх түүхтэй. Улмаар Оросын “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулсан удаатай. Оросын Хууль зүйн яам Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх Хан-д ялалтыг өгсөн юм. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжиран хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Хэдийгээр Ж.Баярцэцэг нарын албан тушаалтнуудын хэлснээр манай тал сүрхий үндэслэлүүд гаргаж өгсөн гээд байгаа ч, хэрэг дээрээ асуудал өөр тал руу ч эргэж мэдэхээр гэдгийг санахад илүүдэхгүй. Учир нь Хан-гаас лицензийг нь авангуутаа Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компаниудын хамтарсан “Дорнод Уран” гэх үйлдвэрийг нөгөөх ордыг түшиглэж байгаад цаасан дээр ч гэсэн байгуулчихсан юм. Ер нь бол энэ нь манай эсрэг гол үндэслэл юм. Угаасаа “Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн шүү дээ.
Дашрамд өгүүлэхэд, Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Төв Азийн Уран компанийн 58 хувь “Хан ресурс”-ын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар олон улсын шүүхэд дуудагдах замаа шулуутгасан гэхэд болох билээ. “Хан ресурс” компанийн зүгээс “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирч ирсэн билээ.Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8 хувийг, Хан ресурсээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэдэг юм. Харин Хан ресурсын зүгээс манай талд бурууг өгөөд байдаг. Монголын Засгийн газар “Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь “Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн нь “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм. Түүнчлэн “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно” гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл Цөмийн Энергийн Газраас “ Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресурс” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан юм.
Талууд иймэрхүү янзаар өөр өөрсдийнхөө талд зөвийг өгч ирсэн. Харин Олон Улсын Арбитрын шүүх хэнийх нь талд ялалт өгснөө энэ сард албан ёсоор дуулгаснаар, манай тал гурван зуу гаруй сая ам.долларын өрөнд унах уу, үгүй юу гэдэг нь бүрэн тодорхой болно.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
ЯЛАХ ГАНЦХАН УНДЭСЛЭЛ БАЙНА.! ХЭРЭВ ХЭРЭГЛЭЖ Л ЧАДАХ ЮМ БОЛ