Германы мөрдөн байцаагч нар С.Зоригийн хэргийг илрүүлж магадгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Дамирангийн Энхбатыг Б.Хурц тэргүүтэй тагнуулчид 2004 онд Францаас хулгайлж Герман зэрэг хоёр гурван улсын хил давуулан Монголдоо авчирч талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүж, тамлан зовоосоор амийг нь хороосон билээ. Энэ хэргийг захиалагчдыг илрүүлэх, талийгаачийн нэр төрийг сэргээхийг Д.Энхбатын Германд суугаа хүүхдүүд  төр, засгаас нэхэмжилж байгаа.  Б.Хурцыг шүүх хурал ч удахгүй Германд болох гэж байна. Түүнтэй хамт хүн хулгайлсан тагнуулчид, тэдний гар хөл болсон хүмүүсийн нэрс  түрүүчээсээ тодорхой болж эхэлжээ. Тагнуулын гүйцэтгэх албанд хориод жил ажилласан Нямханд гэгчийг Германд мөрдөн шалгах ажиллагаа бараг дуусах шатандаа орж байгаа гэнэ. Түүнээс гадна өөр бас гурван хүн бий. Нямханд нь Д.Энхбатын байгаа газрын тодорхойлж, уулзах нэрийдлээр энгийн хүмүүсийг өөртөө элсүүлэн, түүнийг тусгайлан товлосон газартаа дуудаж ирүүлээд баривчилсан гэдэг.  Энэ талаар болон манай тагнуул, цагдаагийнхны  бусад бүх ажиллагааны талаар Д.Энхбат шоронгоос гараад нас барахынхаа өмнөх долоо хоногт эхнэр хүүхдүүддээ бүгдийг ярьж өгсөн байжээ. Түүнд удаан үйлчилгээтэй хор өгсөн, Зайсан дахь хорих эмнэлгийн эмч нар “Д.Энхбат эмнэлэгээс гараад хоёр сар болчихвол бидэнд хамаагүй болно” гэж хоорондоо ярьж байсныг ар гэрийнхэндээ дуулгасан байлаа. Түүний эдгээр ярьсан бүгдийг эхнэр хүүхдүүд нь Германы  мөрдөн байцаах албаныханд бичиж өгсөн бөгөөд үүнийх нь дагуу тэд шалгаж байгаа гэнэ. Олон улсын шүүхэд өгсөн өргөдөлдөө ч тэд тодорхой бичсэн байна. Ийнхүү Д.Энхбатыг хууль бусаар баривчилж, С.Зоригийн хэрэгт  холбогдуулан гүтгэж, тамлан зовоосоор амийг нь хороосон асуудалд Германы тал анхаарал хандуулж эхэлжээ. Эдгээрийг шалгах явцад С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагч, гүйцэтгэгч нарын талаархи бодит мэдээллийн сэжүүрүүд ч олдох бололтой.

Я.Ымербек. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top