Засгийн газар 500 сая ам.долларын бондыг арилжлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 31

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол, эрэлт урьдчилан төсөөлж байснаас давж 750 сая ам.долларын захиалга ирсэн байна. Энэ удаад Засгийн газар 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр Олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгож арилжсан байна. Хамгийн сүүлд 2012 оны 11 дүгээр сард Засгийн газар бондын зах зээлд оролцож байсан ч түүнээс хойш зах зээлийн сөрөг хүчин зүйлээс шалтгаалж оролцох боломж хязгаарлагдмал байсан юм. 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монгол Улсын өмнө нь гаргасан бондуудын ханшид эерэгээр нөлөөлж эхэлжээ. Мөн энэхүү бонд энэ онд Ази тивийн улсуудаас хамгийн анхлан гаргасан өндөр өгөөжтэй бондын хэлцэлд тооцогдож байна. Хөрөнгө оруулагчдыг харвал нийт 110 гаруй хөрөнгө оруулагчаас 750 сая ам.долларын бондыг худалдан авах захиалга иржээ. Үүнээс хамгийн их буюу 45 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 35 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчдын санал 20 хувьтай тэнцэж байна. Хөрөнгө оруулагчдын дийлэнх нь буюу 91 хувь нь томоохон хөрөнгө оруулалтын сангууд байгаа аж. Жижиг хөрөнгө оруулагчдын захиалгын санал нийт худалдан авах саналын 3 хувьтай нь тэнцэж байна. Хэдийгээр БНХАУ-ын түүхий эдийн эрэлт сул байгаатай холбоотой олон улсын зах зээлээс санхүүжилт босгох нь Монгол Улсын хувьд хүнд байна гэж таамаглаж байсан ч бондын эрэлт өндөр буйгаас харахад байдал үл ялиг сайжирч байж магадгүй бололтой. Сангийн сайд өмнө нь гадаад зах зээлээс татсан бага хүүтэй бондын санхүүжилтээр дотоодын өндөр хүүтэй бондуудаа дахин санхүүжүүлэх зарчим баримтална гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын бондыг энэ чиглэлд зарцуулах болов уу гэсэн хүлээлт байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр 500 сая ам.долларын санхүүжилтийг голчлон дэд бүтцийн төслүүд болон өмнө нь гаргасан зээлийн санхүүжилтийг нөхөхөд зориулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top