Тариаланчдад олгох 25 тэрбум төгрөгийн зээлийг хаврын тариалалтад зориулна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 05

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2600 гаруй харилцагчаасаа 58.3 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс 52.5 тэрбум төгрөг буюу 90 хувийнх нь хугацаа хэтэрсэн гэж тус сангаас мэдээллээ. Энэ нь тариалан эрхлэгч компаниуд өнгөрсөн онд ургац алдсантай холбоотой юм байна. Үүнээс гадна Монголын  үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоонд бүртгэлтэй 650 гаруй аж ахуй нэгжийн 80-90-ээд хувь нь арилжааны банкуудад өртэй байгаа аж. Үүнтэй уялдаад энэ жил газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй байгаа талаар тус холбооноос мэдэгджээ. Засгийн газрын хувьд тариаланчдад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкны санхүүжилтээр олгоно гэж амласан юм. Энэхүү ажлын эхний хэсэг болгож 25 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн байна. Гэхдээ тариаланчдын хувьд энэ зээлийг өнгөрсөн оны өр төлбөрөө барагдуулах биш харин энэ жилийн тариалалтад зарцуулах шаардлагыг тавьж байгаа юм. Харин Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос мэдэгдсэнээр энэхүү 25 тэрбум төгрөгөөр нийт төлөвлөж байгаа тариалалтынхаа 4-ний нэг хувийг хийх боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top