Манай улсыг зорих жуулчдын тоо буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

2016 оны эхний улирлын дүнгээр Монгол Улс нийт 49 мянга 562 жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны 53.8 мянган хүн хүлээн авсан үзүүлэлтээс 7.9 хувиар буурсан тоо болжээ. Монголыг зорьсон жуулчдын урсгалын дийлэнхийг БНХАУ-ын иргэд бүрдүүлсэн хэвээр байна. Тайлант хугацаанд БНХАУ-ын 18.5 мянган жуулчин Монголыг зорьсон бол ОХУ, Япон, Казакстан болон БНСУ-ын жуулчид удаалан бичигджээ.  Гэхдээ БНХАУ-аас ирж байгаа жуулчдын тоо бараг 18.6 хувиар, Хонгконгийн жуулчдын тоо 26 хувиар буурсан нь нийт урсгал саарах гол шалтгаан болжээ. Үүнээс гадна Монголын аялал, жуучлалын салбарын зорилтот зах зээлд багтдаг Итали улсын жуулчдын урсгал эхний гурван сард хамгийн их хувь хэмжээ болох 26.1 хувиар татарсан байна. Жуулчдын урсгал нэмэгдэж байгаа чиглэлийг харвал Энэтхэг, БНАСАУ, Вьетнам, Филлипин зэрэг Ази-Номхон далайн бүсийн орнууд байгааг онцолж болохоор байна. Ялангуяа эхний улиралд Монгол Улсад ирсэн БНАСАУ-ын жуулчдын тоо өмнөх жилийнхээс 64.4 хувиар буюу хамгийн их хэмжээгээр нэмэгдсэнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлж байна. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсад дэлхийн 42 улсын иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрх эдэлж байсан ч жуулчдын тоо нэмэгдэхэд дэмжлэг болоогүй тул уг хөтөлбөрийг цуцалсан талаар Гадаад Харилцааны яамнаас мэдэгдсэн юм. Гэхдээ энэ онд Монгол Улс Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АSЕМ-ийн уулзалтыг хүлээж авна. “Найрсаг Улаанбаатар” болон бусад аялал, жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүд үргэлжлэн болон шинээр хэрэгжиж эхлэх хүлээлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.9) 2025 оны 03 сарын 13

Монгол улсад үзэх юм хомсхон байгаа мөн зочид буудлуудын үйлчилгээ аймаг суманд доод цэгтээ байгааг нуух юу байх вэ бараг л олигтойхон соёлтой бие засах газар л хөдөө орон нутагт олддогүй за тэгээд тав тухтай байрлах халуун хүйтэн устай буудал нүдний гэм шүү дээ заримдаа ч ичмээр үйлчилгээтэй мөртлөө ичмээр үнэтэйг нь яанаа наад зах нь л ийм асуудалтай байхад хэн ирэх вэ дээ.

1  |  0
Top