Банкны салбарын алдагдал огцом буурсан таатай мэдээ байна. Тодруулбал энэ оны эхний улирлын байдлаар банкны салбарын нийт алдагдлын хэмжээ 7.3 тэрбум төгрөг болжээ. 2009 оноос хойш системийн хэмжээнд алдагдалгүй ажиллаж байсан банкны салбар он гарсаар алдагдал хүлээх болсон юм. 2016 оны эхний хоёр сарын өссөн дүнгээр 68.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол гуравдугаар сард алдагдлын түвшин ийнхүү буурсан байна. Банкны салбарын нийт активын хэмжээ 2015 оны IV улирлаас нэмэгдэж, 521.5 тэрбум төгрөгөөр өсч, 22 их наяд 28 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний зэрэгцээ пассивын дүн ч мөн өсч, 19.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Пассивын хэмжээ өсөхөд Засгийн газрын хадгаламжийн хэмжээ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Татан буугдсан банкуудыг хасч тооцсоноор I улирлын байдлаар арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 726.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 95.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. УБСЕГ-ын мэдээлж байгаагаар татан буугдсан банкуудыг оруулж тооцсоноор 965.4 тэрбум төгрөгт хүрч, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 8.2 хувьд хүрсэн байна. Харин эхний улирлын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 31.8 тэрбум орчим төгрөгөөр өмнөх улирлын үзүүлэлтээс буурсан дүнтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )