Нийгмийн даатгалын сангийн орлого 29.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны гуравдугаар сард жилийн өмнөхөөс 29.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 282.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь төлөвлөснөөс 4 хувиар давсан үзүүлэлт болохыг Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд энэ оны эхнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жилийн өмнөхөөс 45.6 хувиар нэмэгдэж, 65.4 тэрбум төгрөгт хүрчээ. Сүүлийн үед улаанбурхан өвчний дэгдэлт эрчимжиж байгаатай холбоотойгоор Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас 453.9 сая төгрөг гаргаж, улаанбурхан өвчний эсрэг, дархлаа сайжруулах эм, тарианы зардалд зарцуулахаар болоод байгаа юм. Өнгөрсөн сард Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 947.5 мянган хүнд 48.1 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Зөвхөн Эрүүл мэндийн даатгалын сан гэхгүйгээр улсын хэмжээнд давхардсан тоогоор 1.3 сая иргэний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийт 389.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 31.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Эхний улирлын үзүүлэлтээс харахад нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлтийн хурд саарах шинжтэй болж эхэлсэн байна. Хэдий тийм боловч эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага нэмэгджээ. Тодруулбал энэ оны эхний улиралд Ажилгүйдлийн даатгалын сангаас 7.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь жилийн өмнөхөөс 40 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 5.1 мянган хүн Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж хүртсэн байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top