Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны V хуралдааныг Монголын хэсгийн тэргүүний хувиар Шинэ дели хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хийв.

ЗГХХХ-ны V хуралдааныг хамтран даргалсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Вижэй Кумар Синх нар хоёр орны найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын байдлын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурав.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 оны 5 дугаар сард байгуулсан Ялтан харилцан шилжүүлэх тухай гэрээг соёрхон батламжилсан жуух бичгүүдийг Гадаад хэргийн сайд нар солилцож, холбогдох Протоколд гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top