Үүргэвч үүрэн аялагч, алтан дэлхийг хэрэн хэсэгч хүмүүний аз жаргал нь өөр хоорондоо харилцан адилгүй газар оронд очиж нүд, сэтгэлээ баясгахад оршдог билээ. Канарын аралд очсон хүн өчүүхэн орон зайд тогтсон байгалийн олон янзын үзэсгэлэнт төрх байдалд толгой нь эргэн нэгийг үзмэгц нөгөөг дор нь мартаж орхидог гэнэм. Хүн төрөлхтөн диваажин ямар байх ёстойг олон мянган жилийн турш бодоод олж чадаагүй ч зөөлөн дулаан уур амьсгалтай, эргэн тойрон ногоон цэцэрлэг, бас далайтай байх ёстой гэж төсөөлсөөр иржээ.
Энэхүү гайхамшигт арлууд нь Испанийн харъяанд багтдаг боловч огт өөр соёл иргэншил, амьдралын хэв маягтай. Испаничууд төрөлхөөсөө халуун цустай гэгддэг хүмүүс бол арлын оршин суугчид зөөлөн дулаан уур амьсгалаасаа болоод найрсаг сайхан зантай байдаг. Гэсэн ч сүүлийн үед дэлхийн хурдацтай хөгжиж байгаагаас залуучуудын олонхи нь эх газар луу тэмүүлэх болсныг бас ч буруутгах аргагүй юм. Арлын анхны эзэд нь шаргал үс, цэнхэр нүдтэй, нууцлаг гуанчи нар байлаа. Тэд баруун хойд Африкийн берберчүүдтэй төстэй хэлээр ярьж, яг л эртний хүн шиг агуйд аж төрдөг байжээ. Газар тариалан, ваар хэрхэн хийхийг үл мэдэж, үхэгсдээ занданшуулж орхино. Тэднээс улбаатай олон домог яриа бидний үед хүрч ирсний заримаас өгүүлбэл:“Эрт цагт энд өндөр соёл иргэншилтэй улс оршин байсан бөгөөд нэрийг нь Атлантида хэмээнэ. Атлантида мөхөн, далайн ёроолд живж одоход үлдэгдэл нь ойролцоо орших Тенерифе, Фуэртевентура, Гран Канария, Лансароте, Пальма, Гомера, Иерро хэмээх долоон арал болж хувирсан” гэх ажээ. Мөн эртний Грекийн домогт гардаг “жирийн бус алтан алим ургадаг Гесперидийн цэцэрлэгтэй алсын алсад орших улс” нь одоогийн Гомера арал гэнэ. Канар гэдэг нь canis (нохой) гэсэн грек үгнээс гаралтай. Манай эриний эхээр маврууд арал дээр хоёр нохой авчирсан нь яагаад ч юм арлын нэр болон хувирчээ. Харин зөвхөн энэ арлаас өөр хаана ч байдаггүй дууч бяцхан шүвуухайг ч Канар бялзуухай хэмээн нэрлэсэн нь зүйн хэрэг.
Канар бялзуухай.
Дундад зууны үед далайг эзэгнэж байсан испаничууд арал дээр ирэн гуанчи нартай тулалддаг байж. Хүч тэнцвэргүй энэхүү уралдаан хэдэн арван жил үргэлжилсэн ч эцэст нь 1496 он Испанийн хаант улсын бүрэлдэхүүнд нэгджээ. Христофор Колумб 1492 онд шинэ тив нээсэн аялалдаа гарахын өмнө хамгийн сүүлд энд зогсож пассат (Улирлын шинжтэй салхи. Дулаан бүсээс экваторыг чиглэнэ)-ыг хүлээж байв. Гомера арал дээр агуу аялагчийн ундаалж байсан худаг одоо ч бий. Өдгөө хуучирч муудсан тэр худгаас Х.Колумб аян замынхаа ундыг нөөцөлж аваад явсан гэдэг. Тэр худгийн ус аз авчирдаг гэдэгт аялагчид одоо ч итгэдэг юм. Гуанчи нар гэнэт алга болчихоогүй юм. Испанид эзлэгдсэнээс хойш аралд найман зүгээс цугласан хүмүүс үхрийн бөөр шиг аж төрж эхэлжээ. Арлын жинхэнэ эзэд тэр үед эх газрын хүмүүсээс зугтаж зэлүүд газрыг сонгон аж төрөх болсон ч онгон байгаль, ан амьтнаа харийнхнаас хамгаалсаар байсан баримт бидний үед үлджээ. Одоо ч гэсэн нутгийн хүмүүс испаний гэхээсээ илүү португалиар ойлголцдог. Испаниар ярьж гэмээ нь маш аялгатай, яг л Өмнөд Америкийн испаний хэл шиг сонсогддог байна. Харин сүүлийн үед аялал жуулчлал хөгжсөнтэй холбоотойгоор англи хэлийг тун сайн мэдэг болжээ. Байгаль нь яг л олон өнгийн усан будгийг санагдуулам. Орчин үеийн асфальтан зам дээр явж байвч хажууд нь нов ногоон зэрлэг байгаль цэлийнэ. Ногоон зүлэг гэв гэнэт алга болж оронд нь тас хар элсэн хаялгана гарч ирэх нь яг л Монголынх шиг гүн цэнхэр тэнгэрийн өнгөтэй нэгдэн өөр хаана ч байхгүй байгалийн үзэсгэлэнг бүрдүүлнэ. Жуулчид энд ирэхээрээ дэлхий бус ямар нэгэн өөр гариг дээр ирсэн мэт санагддаг гэж шагширдаг нь огтхон ч хэтрүүлэг бус.
Тенерифе арал
Тенерифе арал бол үеийн үед байгаль шинжлэн судлагчдын диваажин байсаар ирсэн. Одоо ч гэсэн дэлхийн алдартай их сургуулиудын оюутнууд энд ирж дадлага хийдэг юм. Цаг агаар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой. Энд жилийн турш 21-23 хэм байдаг. Үдээс хойш тааламжтай сэрүүхэн болох бөгөөд тал өдрийн турш үргэлжилнэ. Дээр үед Канарыг “Мөнх хавраараа байдаг улс” гэх буюу “Аз жаргалын орон” гэж нэрлэдэг байсан нь ийм учиртай.Энд мөн олон тооны галт уулс байх бөгөөд усан доорх нь 20 сая жилийн өмнөөс бүрэлдэж эхлэн таван сая жилийн өмнө ёстой ориглох шиг болж байж. Ул мөр нь дээр өгүүлсэн дэлхийн өөр хаана ч байхгүй хар элсэн хаялга. Одоо ч гэсэн энд сөнөөгүй галт уулс бий. Х.Колумб 1492 онд Тенерифе арлын Тейде галт уулын дэлбэрэлтийг үзээд ихэд сүрдсэн тухайгаа тэмдэглэлдээ бичсэн байдаг. Одоо энд үндэсний парк байгуулсан бөгөөд харь гаригт очихыг хүсдэг хүнд яг тохирох газар аж. Харь гаригийн тухай өгүүлсэн Холливудын олон киноны зургийг энд авчээ.
Гомера арал
Тенерифетэй зэргэлдээ орших Гомера арлын төв хэсэгт бас нэг сонирхолтой үзмэр байдаг нь эртний моддын цэцэрлэг юм. Гуравдагч галавын үед арал төдийгүй, Газар дундын тэнгис орчмын бүх газар тэр чигээрээ битүү ой модоор хучигдсан байсан гэдэг. Гэвч мөстлөгийн үеэс сөнөж эхлэн, зарим нь түймэрт шатаж, үлдсэн нь хүн төрөлхтний “гараар оржээ”. ЮНЕСКО энэхүү цэцэрлэгийг байгалийн халдашгүй дархан газрын бүртгэлдээ авсан байна. Ийм цэцэрлэг дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Алдарт Уолт Дисней хүүхэлдэйн киноныхоо зургийн санааг эндээс олж байсан гэлцдэг. Энд мөн байгалийн тогтцоороо байгаа асар том чулуун хонгилууд бий. Эдгээр хонгилоор машинаар явж үзэхийн тулд испаничууд энд хүрэлцэн ирдэг ажээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 5 )
zuragtaar Hainan geed zarlaad baidag shvv! kkkk
Gal nertei setgegdel bichsen xun mash zov xeljee.Xorvoo delxii ooroo gaixamshig divaajin.Xarin shunalt xun torolxton shunal ikh baix tusam an amitad xovordoj baigal orchin boxirdoj ecologiin tentsveet bdal aldagdaj bn.
Bas teg in aimaar halahgui juli in turen a dil dulaantai 20-25grader
Дэлхийн диваажин чамд оорт чинь оршдог шуудээ.
Гоё юм бэ Үзэх юмсан