Монголчууд морьдынхоо хөшөөтэй л үлдэх үү...

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Монгол Улсын нийт мал сүргийн тоо 55 сая гаруй толгойд хүрсэн. Үүнээс 3 сая гаруйхан нь адуу. Энэ жилийн хувьд өнөөдрөөс эхлэн улс орон даяар мал тооллогын ажил эхэлж байгаа учраас энэ тоо хэд болж хувирахыг  таашгүй. Гэвч мал сүргийн тоо өсдөг юм аа гэхэд адууны тоо толгой буурна гэдгийг нотлох шаардлагагүй олон баримтаар танд сануулах хэрэгтэй болов уу.

Монголчууд усыг чандмань эрдэнэ, морийг молор эрдэнэ хэмээн шүтэж ирсэн өнө эртний уламжлалт ёсонтой улс. Гэтэл  сүүлийн үед молор эрдэнэ болсон адууг минь чиргүүл дээр хашиж, машин машинаар нь Хятад руу зөөж байна гэх билэггүй атлаа үнэн үгс чих дэлсэв. Өчигдөр оройхон Тв9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр адуу ачсан аймшигт том машинуудыг, адуу дайрч буй аймшиггүй Хятад эрийн талаар харуулав. Үүнийг үзсэн Монгол хүн бүрийн зүрх зүсэгдэх мэт өвдөж, нойр нь хулжсан болов уу.

Гэтэл Монгол морьд нэгэн жил Берлин хүрч, Монгол морьд нэгэн удаа дэлхийн түүхэнд бичигдэж явсан бодит үнэн бий.

Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх байдаг. “Баатарлаг” хэмээн цоллогдсон “Реклэс” морины тухай Америкт мэддэггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ морь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий ч хүлэг байсан гэдэг. Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан байна. Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн. Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт ирсэн байдаг.


Реклэс тун ухаантай амьтан байснаараа хүмүүсийн хайрыг татаж байж.  Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн байгаа юм.

Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байв. Тэрээр Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан ажээ.

Реклэс 1960-аад оноос тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байсан гэнэ. Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм.


Харин Берлин хүрсэн Монгол морины домог мэт хууч яриа сэтгэл өвтгөм. Дайн байлдааны ширүүн цагт монгол морьд шиг омголон, давшингуй, ухаантай амьтад байгаагүй хэмээн энгэртээ дүүрэн одонтой орос өвөгчүүд, ахмад дайчид өгүүлсэн байдаг. Тэдний нэг болох Морин цэргийн 35 дугаар хорооны танк эсэргүүцэх тоотын дарга явсан, Гвардийн ахлагч, Комсомолын зохион байгуулагч Өлзийжаргал Дондуков “Би 1941 оны 12 дугаар сарын хүйтэн өвлөөс эхлэн ЗХУ-ын баатар Доватовын захирсан гвардийн хоёрдугаар корпусын бүрэлдэхүүнд байлдаж Германы Эльба мөрөн хүртэл явсан. Дайны бүхий л хугацаанд би таван монгол морь сэлгэж унасан, дөрөв нь баатарлагаар амь үрэгдсэн бол сүүлийнхийг нь би  Эльба мөрнөөс усалсан юм. 

Манай корпус дайны жилүүдэд дайсны гүн ар талд дөрвөн ч удаа гарч баатарлагаар тулалдсан. 1941 онд Москвагийн дэргэд, 1942 онд Смоленскийн ойд, 1943 онд Десна мөрний тэнд Брянскийн ойд, мөн Белоруст Полесскийн намагт.  Ийм хүнд үед бэлэн тэжээлгүй байхад монгол морь  цасан дороос л идшээ олоод идчихдэг. Цасыг нь малтаж бэлтгэхийн ч хэрэггүй өөрөө туурайгаараа малтаж байгаад хооллоно, алсын зам туулахдаа сайн. Намаг, гол туулахдаа чадварлаг. Дайсны суманд өртөөд амьсгал хурааж байхдаа ч эзнээ л харж янцгааж байдаг. Энэ үед нь чухам л эрлэгийн элч ирчихээ юм болов уу гэмээр элэг эмтэрдэг юм. Эзэн нь байлдаанд алуулсан юм уу, шархадсан бол монгол морь хэзээ ч эзнээ орхидоггүй, дэргэд нь зогсч байдаг юм даа.

Днепр мөрнийг гаталж явахад  дэргэд минь сум тусч хоёр метр хэртэй ус дээш олгойдоод л би мориноосоо уначихлаа. Сэхээ аваад хартал миний морины сүүл харагдана. Түүнээс хоёр гараараа зуураад л явсаар Днеприйн баруун эрэг дээр эв эрүүл гарсан. Харамсалтай нь ингэж тэр их мөрнөөс намайг аварсан морь минь цаашаа давшилтад орох үеэр дайсны пулемётын галд өртөж үхсэн дээ. Яг  амь тавьж байхдаа намайг харж байсан тэр өрөвдөлтэй нүдийг нь би өнөө ч мартдаггүй юм. Тэгэхэд хөөрхий минь өөрөө хэзээ ч эргэж очиж чадахгүй монголын уудам талаа л харж байсан байх гэж боддог. 

Дайны хүнд жилүүдэд гал ус, гамшиг туулж хатуужсан тэр эрэлхэг цэргүүдээс олон хүн хайртай дайчин хүлгээ  үхэхэд нулимс дуслуулан зогсч байхыг би харсанОдоо ч би миний хүлэг болж Москвагийн дэргэд, Смоленскийн ой, Белорус дахь Полесскийн намаг, Украины тал, Польшийн Сандомирмын талыг гал  цусан дундуур туулан миний амийг аварч явсан таван сайхан морио бэлэглэсэн монгол хүний тэр сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Ганцхан миний тав ч биш, монголын хэдэн зуун мянган ийм гайхамшигт хүлэг Москвагаас Берлин хүрэх тулааны замыг туулсан юм. Эльба мөрний эрэг дээр удаан хүлээсэн ялалтын чимээг сонсон нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсч байхад гвардийн хурандаа Гладков бидэнд “За залуучууд аа, жинхэнэ хасаг заншлаар одоо морьдоо усалцгаа, Эльба мөрнөөс морио усал” гэж билээ. Ийнхүү талын монголын жижиг биетэй чийрэг морьд их ялалтыг авчралцан, бүхий л европыг туулж Москвагаас Берлин хүрсэн юм даа” хэмээн дурссан байдаг. 

Энэхүү харамсалтай агаад үнэн түүхийн гэрч болсон Монгол морьд юуны учир харь газар луу зүглэж, тамлагдаж, тарчлагдаж байна вэ.

Монголчууд бид хайртай адуундаа сэтэр зүүж, сүргийн манлай болгон, салхийг л зоон дээр нь суулгасаар насыг нь эцэслүүлдэг ард түмэн юм сан. Гэтэл 800 монгол адуу, арай ядан амь зууж, алс хол хүний нутаг руу ачигдаж, хил давахаар хүлээж буй гэх. Гэтэл энэ бол нэг л удаагийн тоо төдийгүй албан бус баримтаар жилд 7000-13000 гаруй адуу хил давж, зарагддаг аж.

Өчигдөрхөн олныг айлгаж, сэтгэлийг сэрдхийлэгсэн тэрхүү бичлэгт өлдөж, өнхөрч унасан Монгол адуунуудын аймшигт дүрийг харуулав. Өлдөхгүй яахав дээ. Тэмээ өвс идэж, ус уухгүйгээр 78 хоног явж чаддаг гэдэг шиг адуу бас тэгдэг гэвэл “тэнэг” ойлголт болно. Адуу бол сэвсгүй, гэдэсгүй цорын ганц амьтан юм шүү дээ. Сэвс байсан бол түүнийгээ боловсруулаад хичнээн өдөр явна гэж бодохсон... Гэтэл адуу хэмээх амьтан чинь юуг нь ч үлдээдэггүй, шууд боловсруулаад гаргадаг өрөвдмөөр амьтан... Ийм байтал хичнээн өдөр тэр амьтдыг, тэр чиргүүл дээр байлгасан болоод ийнхүү өлдөж, үхэж байгаа хэрэг вэ...

Энд хүчит техникээр дайрч алж буй тэрхүү аймшигт бичлэгийг дурсахгүй өнгөрье. Өмнө нь бид “Өвөрмонгол залуугийн унаж явсан морины хөлийг нь хугалжээ, Өвөрмонголд бэлчээрээ харамлаж адууг нь дайрч алжээ” гэх мэдээллүүдийг сонсоод “За Монголд л биш юм чинь. Хятадууд бол тэгнэ дээ” гэж хэлээд л өнгөрдөг байсан. Гэтэл Монголчууд бид түүнээс долоон дор зүйлийг өөрсдөө хийгээд байгаа юм биш үү. Бид адуугаа өлсгөж алж байна шүү дээ. Олон хоног өлсгөлөн зарласан хүн ямар байдаг билээ, гэтэл олон хоног өлөн байлгасан адуу ямар болох бол... Тэр ачиж яваа машины жолоочид Монгол хүмүүс мөн л байгаа даа гэх харуусал төрөх шиг...

Ингээд ярихаар тэр адуунууд яагаад тэнд ачигдах болов гэх шалтгааныг ярих болно. Тиймээ, заримыг нь малчид хэдэн төгрөг олох гэж зарсан байх, зарим нь үнэндээ хулгайн адуу байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Магадгүй та хол хэцүү гэж бодолгүй “Бичигтийн боомт” руу хүлгийн жолоо залаад үзээрэй. Өчнөөн сар, хоногоор эрэл сурал болсон адуу тань тэнд байж ч мэднэ.

“Агт худалдан авах цэг” гэгчийг та мэдэх үү. Унагыг эхтэй нь, сарвааг гүүтэй нь, адууг азаргатай нь тууж аваачаад өгдөг, удаан ажвал нулимс тогтомгүй тийм л газар байдаг. Учир мэдэх хүмүүс хөшгирч, муудсан адуугаа зарна. Гэхдээ үнэ хүрэхгүй л дээ. Үнэхээр амин чухал мөнгөний хэрэгцээтэй хүмүүс аль залуугаасаа шилих боловч, ааш ихтэй адуугаа л өгөхийг хичээнэ.


Гэтэл хүний үнэр нь арилсан, сүүлгүй чонууд бэлчээрлэж байсан адууг бүгдийг нь туугаад өгчих ч тал бий... Сүүлийн жилүүдэд энэ мэтийн асуудлаас зайлсхийх үүднээс агтны худалдаачид “Энэ хэний адуу вэ” гэдгийг нотлох баримт хийгээд зарсан хүнийх нь овог нэр, регистрын дугаарыг нарийн нямбай бичиж авдаг болсон гэх... Үнэндээ ийм зүйлс үлгэрт л байдаг гэдгийг эрхэм уншигч та эрхбиш мэдэх биз.

Агт авч байгаа хүн эхний 100 адууг нь тэмдэглэнэ. Түүнээс хойш “За яшиг, за тандаг хүн, за нэрээ битгий бичээч гэж гуйлаа, за хямд авлаа” гээд бичихээс бичихгүй нь их... Энэ бол бодит байдал. Хулгайн гараар орж ирсэн зүйлийг хэрхэн нуух вэ, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдгийг тэд мэдэхгүй бол хэн мэдэх юм... Яг л энэ зарчмаар өнөөг хүртэл маш олон адуу, хил "давсан". Маш олон хүн өнөөг хүртэл алдсан адууныхаа араас чих тавьж, магадгүй өнөөдөр ижлээ хайгаад, үүрсэн янцгаагаад ирэх болов уу гэж хүлээсэн...

Агтны худалдаа, адууны хулгай, амьд морины экспорт гэгч хэрээс хэтэрч, хүзүүгээрээ орооцолдоод удаж байхад салбарын яам сая нэг юм арга хэмжээ авахаар боллоо гэнэ. Гэхдээ бүр биш түр...

Сошиал ертөнц хөгжиж, асуудал бүрт анхаардаг болсон болохоор л сая тэд ингэж дуугарсан болохоос яг үнэндээ өнөөг хүртэл юу хийж байсан нь сонин.

Дээр дурдсан “Амьд адууны экспортыг түр хугацаагаар зогсооно” гэхээр энэ харгислал үргэлжилнэ гэдгийг хэлээд байгаа юм. Анаж, манаж байгаад ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн азарга азаргаар нь зөөнө өө л гэсэн үг. Яагаад салбар яам ч бай, сайд дарга нарч бай аливаа асуудлыг бүр шийдчихэж чаддаггүй юм бэ. Амьд адуу экспортлохыг “Бүр” хязгаарлаад өгөх шаанстай, шийртэй хүн Монголын төрд байна уу.


Бичигтийн боомтод хоригдож, өдөр бүр нэг нэгээрээ өлбөрч үхэж буй тэр адуунуудыг яах талаар өчигдөр салбарын яам нэг шийдвэр гаргасан. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Адуу экспортод гаргах гэж байгаа зарим  хүмүүсийн болчимгүй үйлдлүүдийг харуулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныг  тээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх,  зэрэг журмыг баримтална.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.  Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой.  Яамны зүгээс баримталж буй  бодлогуудын нэг нь мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоох. Үйлдвэрийн аргаар  бэлтгэж, олон улсын чанар стандартын шаардлага хангасан мах экспортод гаргахыг ХХААХҮЯ бодлого болгон ажиллана.  Манай улсад хангалттай хэмжээний мах боловсруулах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүд  малаа бэлдэж, махаа чанартай сайн бэлтгэж чадвал  экспортод гаргах  боломж нь бүрэн нээлттэй байна.  Яамны хувьд мах экспортод гаргах чиглэлээр ОХУ болон БНХАУ-д саналуудаа удаа дараа тавьж  байгаа. БНХАУ-аас экспертүүд ирж Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлээр үйлдвэрүүдийг аттестатчилал, шалгалтыг явуулна. Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-аас экспертүүд ирж үйлдвэрүүдийг шалгасан. Энэ сард багтаж мах экспортод гаргах шаардлага хангасан үйлдвэрүүдийн жагсаалтыг ирүүлнэ. Бичигтийн боомтод байгаа адуунуудыг нааш, нутгийн гүн рүү татаж, хээрийн бой хийж, нядалж хил нэвтрүүлэхийг үүрэгдсэн” гэдгийн онцолсон.

Уг нь энэ шийдвэр өнгөрөгч сард л яригдаж, хэвлэл мэдээллээр “Амьд адуу экспортлохыг хориглолоо” хэмээн шуугиж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй, аман яриа, цаасан дээрх шийдвэр байсан учраас өнөөдөр ингэж 800 адуу өлбөрч үхэж байна.

Салбарын сайдын онцолсон дотооддоо мах бэлтгэж, экспортлох боломж бололцоо бий гэдэг дээр яривал бас асуудал бий. Өнгөрөгч 10 дугаар сард ОХУ-ын мах худалдан авагч байгууллагууд ирээд манай мах боловсруулах үйлдвэрүүдийг “муу” гэж үнэлээд явсан шүү дээ. Гэтэл тэд нааштай хариу өгөх үү.

Хэрэв нааштай байсан бол Хятад яагаад үй олон Монгол адууг худалдан авч, амьдаар нь хил давуулах гээд байгаа юм... Мэдээж Монгол адууны чанар чансаа, махны шим тэжээлийн тухайд энд яриад илүүц биз. Гэтэл тэд ийнхүү улайран дайрч, баруун солгойгүй мөнгө цацах нь цаанаа нэг л учиртай...


Монгол Хятад руу 2008 оноос хойш амьд адуу экспортолж эхэлсэн байдаг. Жилд дунджаар 3000-7000 адуу Хятадыг зорьдог гэж бодохоор өнгөрөгч найман жилийн хугацаанд 24000-56000 Монгол адуу Хятад руу ачигдаж, тарчлагдсан байх юм. Аймшигтай тоо биш гэж үү...

“Тарчлагдсан” гэдгийг тодорхойлбол бүр аймшигтай. Монгол морь боломж олдвол дэлхийн хаанаас ч нутаг гүйх чадалтай, ухаантай амьтан. Энэ талаар дуу шүлэг, үлгэр домогт ч олонтой өгүүлсэн... Тэгвэл тэрхүү гайхамшигт чанарыг нь үгүй хийх гэж Хятадууд нүдийг нь сохолдог гэх аймшигт яриа олны дунд байдаг. Нүдээр үзээгүй учир батлах аргагүй ч, магадлалтай байх талтай...

Гэтэл үүнд ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш "Нэгдүгээрт үржлийн чиглэлээр гарч байгаа мал бүр тусгай лицензтэй гардаг. Үржлийн чиглэлээр мал экспортлох тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хэд хэд байгаа ч тогтмол гаргаад байдаггүй. Гаргасан тухай бүрдээ манай яаманд тайлан өгдөг. Мөн хүлээн авсан ААН нь хаана ямар нөхцлөөр үржүүлгийн ажил хийж байгаа талаарх тайланг жил бүр гарган явуулж байгаа. Одоогоор үржлийн зориулалтаар гаргасан малтай зүй бус харьцсан талаар мэдээлэл ирээгүй байна" хэмээн хариулж байна.

Хэн ч “Бид сохолсон, сохолдог” гэх билээ дээ...

Өнөөдөр сошиал ертөнцөөр “Монголд адуу болж төрсөнөөс Америкт нохой болж төрсөн нь дээр” гэх хэлц үг яваад эхэллээ. Гэтэл Монголчуудын түүх морьгүй бол утгагүй шүү дээ. Алаг морьт Дандар баатраас эхлээд морьтон баатруудын түүх дуусашгүй... Адууны хөшөөгүй аймаг, сум гэж үгүй... Гэтэл бид Монгол морьдынхоо хөшөөтэй л үлдэх юм гэж үү...


Энэ мэтээр яриад байвал үүнээс ч урт нийтлэлийг танд хүргэж болно. Гэхдээ өнөөдөр үүдэнд ирээд хаалга тогшиж байгаа энэ аюулыг яаж сөрөх вэ гэдгийг ярих хэрэгтэй.  Бичигтийн боомтод тарчилж байгаа 800 адууг, хээрийн бойгоор муулчихдаг юм аа гэхэд цааш үргэлжлэх амьд адууны экспортыг яаж хязгаарлах вэ. Түр биш бүр хязгаарламаар байна. Дахин хэзээ ч монгол адуу харьд ачигдаж, монгол адуу харийн хүний гарт тамлагдахыг харж тэвчихгүй...

Хоморголон түлдэг хээрийн түймэр ч дүүрч, хийморлог морьдоо харийнхны гарт л үйчихгүй юм сан...

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гар(202.179.21.244) 2022 оны 08 сарын 04

Адуу гаргахаа болисон ньсайн хэрэг

0  |  0
77777(202.72.246.134) 2016 оны 12 сарын 08

Ээ халаг гэж... Монгол морь уйлж байхыг үзэх гэж дээ, тэр дотор бодплогыг хэргэжүүлэгч төрд буй буг чөтгөрүүдийг хараал идээсэй

0  |  0
999(112.72.11.111) 2016 оны 12 сарын 08

Endes harhad Mongol huni hun chanar ymar ih muudsan n il tod bna! Herev tsagiug eruulj boldog bsn bol ovgod deedsese mori hytadru gargad tamluule gsn bol u gj harulh bsn bol?! Unende shandast hulge huni nutagt zurh zusegdem tarchilgaand hurgeh shiidverig gargasan ter humuus l nugle uurne !

0  |  0
135(202.21.117.122) 2016 оны 12 сарын 08

Хятад руу адуу гаргахыг болих хэрэгтэй. Эрх бүхий байгууллага нь шийдвэр гаргаачээ

0  |  0
zocnin (108.181.115.137) 2016 оны 12 сарын 08

delhii deer gatshan er amitan bol adyy genelee. busad amitadad hynd cn hohnii yldegdel bdag . TEGEED CN ADYY HIIMOILOG AMITAN ADYYGAA GARGAAD BWAL HIIMORIO ALDAJ BGAATAI ADIL

0  |  0
guest(202.9.40.15) 2016 оны 12 сарын 07

Энэ улсад төр засаг гэж байна уу....

0  |  0
nimka(202.179.24.14) 2016 оны 12 сарын 07

ar ovor mongol tyyrgatniig doromjolj bahaa hangaj bna haramsaltaui yamaa

0  |  0
зочин(103.26.195.176) 2016 оны 12 сарын 07

Монголчуудын нандигнадаг болгоныг гадныханы оролцоотой бидний өөрсдийн гараар үгүй хийх бодлого яваад байгам биш үү. Спортынхон олимпоос медал аваад эхлэнгүүт бөөн хэрүүл шуугиан, Монгол үндэсний бөхийг нам дамжсан хутгуурууд хутгаж эхэлсэн, хаа байсан Вьетнамаас эх орноо зорин гүйж ирдэг Монгол адууг хүний сэтгэлд багташгүй муухайгаар амьдаар нь тамалж байгаа нь Монголчуудыг бахархалгүй болгох гэсэн алсын муу санаа биш гэжүү. Монголчууд минь сэрээч, сэхээрээч

0  |  0
bat(103.229.121.141) 2016 оны 12 сарын 07

teevercinnii es zuigui nuhduud teeverchin bolj daats hetruulj zam baiglaa suitgej etsest ni mori hurtel achij nugel hiij baina shuu dee odoo nord howo geh hujaa mashinuudaa zogsoohgui bol zam suireed zogsohgui bolood baigaagaagiin neg jishee aduu achaad hujaad avaachij ugch baina shuu dee teeverchin hund achih achihgui zuil gej baih estoi etsest ni helehed hujaa mashin avsan mergejliin teeverchin gej baihgui shuu hujaa mashintai achaa zuugchid jinhene es zuigui nuhduud baigaa shuu achaanaasa hulgailah ni yu ch bish zam eh ornoo hairlah geed medeh zuil yu ch ugui jinhene hog shaaruud aduunii

0  |  0
ч(202.9.43.241) 2016 оны 12 сарын 07

Moнголчууд нэг л бишээ морио хятад гаргаал хүн нь хятад хүнд сөгдөөл

0  |  0
жирийн иргэн(139.5.219.51) 2016 оны 12 сарын 07

Үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ нийтлэлийг бүхэн эхээр нь уншаасай тэр хүмүүс. Адуу бол ухаантай амьтан.тэгэж зовоож амьдаар нь тамалж байхаар нутагт нь борлуулсан нь дээр. Тэгээд ч цөөхөн адуутай юм байна ш дээ мөнгөнд улайрч гадагш нэг их гаргаад баймааргүй юм биш үү. Монгол хүн бүрийн сэтгэл өвтгөсөн зохихгүй менежментээ зогсоо. Амьтан тамалсан хүмүүст арга хэмжээ ав.

0  |  0
irgen(202.9.43.108) 2016 оны 12 сарын 07

Zuv zamaar zarj borluulah ni zuv shuu tegehgui bol belcheeriin daats hureltsehgui bolj b.a geed baigaa ued zah zeeld urjiliin bishiig ni gargaj mungug oloh ni tuiliin zuv

0  |  0
Бат(202.21.120.66) 2016 оны 12 сарын 07

Монгол төр дампуурчээ одоо ерхиилэгчийн засаглалтай болох хэрэгтэй

0  |  0
Unshigch(202.9.41.121) 2016 оны 12 сарын 07

Saihan niitlel boljee. Uneniig bichsen bn. Setguulchid ni amjilt husie!

0  |  0
Чимка(202.9.42.32) 2016 оны 12 сарын 07

:( :-S

0  |  0
Top