Шүлэг: Хөвсгөл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Дэлэг-Очирын Хулганаа

 

Эмч, сэтгүүлч, яруу найрагч Д.Хулганаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат. МЗЭ-ийн шагналт, “Ган Үзэгтэн”. МУСТА Хулганаа “Эрхэмсэг хонгор”, “Зул цэцгийн улирал”, “Сэрүүн сарны гэрэлд”, “Сэтгэлийн сүм”, “Чамаар амьсгалсан цаг хугацаа” зэрэг яруу найргийн ном туурвижээ. Тэрбээр “Хотгойд Монгол”, “Миний хөвсгөл” сонинууд, “Скай” телевизийг үүсгэн байгуулалцсан. “Хотгойдын Чингүүнжав” сангийн гүйцэтгэх захирлын алба хашиж байна.

 

Чингүнжав

Зовж зүдэрсэн ардынхаа төлөө

Зоосны нүхээр цувиулахдаа

Зорилго тэмцлээсээ ухралгүй

Зогсоогоороо хөшсөн билээ

Халуун цус нь хөрч газар унахад

Хамаг Монголын хар туг бөхийж

Хотол олны омог зүрх

Хилэнгийн дөлөөр бадран ассан

Урвагч бялдууч хүмүүсийн

Ухаангүй тэнэг үйлдлээс

Харийн нутагт цаазлагдсан таны

Хатан зүрхийг Монгол мартаагүй!

 

Би мартахгүй

Ишин дээрээ ихэрлэн ургадаг

Энхрий ялдам тэр цэцэг

Би мартахгүй

Инээхээрээ хацар нь хонхойдог

Эелдэг зантай тэр бүсгүйг

Би мартахгүй

Энгэр заамыг эмжин ургадаг

Эмзэг туяхан тэр цэцэг

Би мартахгүй

Эрхлэн туниж энгэрт мэгшээгүй ч

Эрээн даашинзтай тэр бүсгүйг

Би мартахгүй

Учрал хагацлын гэгээн дуутай

Уяхан цэнхэр тэр цэцэг

Би мартахгүй

Амьдрал хайрын жаргалд дуудсан

Анагаахын сургуулийн чамайг би мартахгүй

 

Хань минь

Хань минь

Амь минь

Хатуу хорвоог

Бүүвэйн дуугаараа

Аргадаж яваа

Ижий бурхан минь

Амь минь

Амьдрал минь

Аз жаргалын шувуухайг

Алган дээр минь нисгэсэн

Ачлалт хүн минь

Амьдрал минь

Хайр минь

Алдаа оноог тэнцүүлж байдаг

Авралын шүтээн минь

Хайр минь

Эхнэр минь

Гэргий минь

Ганцхан миний төлөө цохилж яваа

Гал халуун зүрх минь

Гэргий минь

Амраг минь

Гэрт минь гэрэл гэгээ түгээсэн

Ганцхан хувь зураг минь

Хань минь

Амь минь

 

Хөвсгөл

Тэнгис далай нь хөвсөлзөж

Тэнгэр, газар нь нийлчихсэн юм шиг

Тэмцэлд өргөсөн илд шиг уулс нь

Тэмээн тэмээн үүлсийг нэвт сүлбэсэн

                                    Миний Хөвсгөл

Сүмбэр халил оргилд нь

Амьд амьтны мөр гараагүй

Сүлэрсэн их мөрний ус нь

Хувь заяаны дундуур урссан

                                    Миний Хөвсгөл

Туурт омголон хүлгүүд нь

Харийн хүнд очоогүй

Туг сүлдээ дээдэлсэн

Дайчин омгийн нутаг

                 Миний Хөвсгөл

Хөрст газар шороондоо

Өвгөдийнхөө булшийг нууцалсан

Хөвс ой тайгад нь

Шилийн сайн эрс орогносон

                                    Миний Хөвсгөл

Уйгар, халх, хотгойд

Урианхай, дархад, буриад ястан нь

Эзэн Чингисийн есөн өрлөг шиг

Эв хамтын тэмцэлд нэгдсэн

                                    Миний Хөвсгөл

Шороон түмэн Манжийн эсрэг

Цөөхөн ард түмэн сөрөн босохдоо

Сэлэмний далайлт, зүрхний омгоор

Сийчиж, хяргаж явсан Чингүнжав

                                    Миний Хөвсгөл

Ариг усны голд

Алунгоо эхийн сүрлэг хөшөө

Амьдрал мэдэхгүй таван хүүхдээ

Арга билэгт сургаж зогссон

                                    Миний Хөвсгөл

Даян дээрхийн агуй, Далай Чойнхорын урчууд

Уйлган голын бөх, Тэсийн голын унага

Хорьдол сарьдаг, Соёмбо толгой

Уширын хүрхрээ, Өлийн арван гурван овоо

                                    Миний Хөвсгөл

Хамаг монголын хаан Мөнх

Хар сүлдээ өргөн мордохдоо

Эзэнт гүрнийхээ хууль цаазыг

Элгэн хадан дээр бичиглэн үлдээсэн

                                    Миний Хөвсгөл

Эрчим, Булнай, Саяаны нуруу

Эг, Идэр, Сэлэнгэ мөрөн

Ренчинжугнай, Сангийн далай, Тунамал нуур

Хөх хөтөл, Цагаан бургас, Тоомын даваа

                                    Миний Хөвсгөл

Хөлчүү хутагт Данзанравжаа

Хөсөг тэрэгтэй залран ирж

Дэлгэр мөрний хөвөөн дээр

“Үлэмжийн чанар”-аа аялан суусан

                                 Миний Хөвсгөл

Жигүүртэн шувуу, ан амьтан

Жилийн дөрвөн улирал, мөнх цас

Таван хошуу мал,тариа будаа, цааны сүрэг

Тал хөндий, хангай, хээр, хот суурин

                                  Миний Хөвсгөл

Жалханз хутагт Дамдинбазарын

Залбирч мөргөсөн Бүрэнхаан уул

Мэргэн гүн Гомбожав, Да лам Цэрэнчимэд

Мэлмий тунгалаг мэргэд гүүшийн орон

                               Миний Хөвсгөл

Эр бор харцагын жигүүр шиг

Эрэмгий зоригт эрчүүл нь

Дарс, нум сумтай нөхөрлөж

Дайтаж тулалдаж явсан

                             Миний Хөвсгөл

Босоо Шагдар, Өндөр Гонгор

Түгж жанжин, Цэнд баатар

Ниссэн Гэлэнхүү, ялагдаагүй Ван толгой

“Байтаг”-ийн Даваадорж, комиссар Гэлэгбаатар

                                Миний Хөвсгөл

Хүннүгийн олдвор, Хиргисийн хүүр

Хүн чулуу, бичээст хад

Түүх шастирын хуудаснаа Ойн иргэд

Түмэн жил тэмцэлдсэн Монголын хоймор

                               Миний Хөвсгөл

 Зуун зууны туршид

Морин дэл дээр мөнхөрсөн

Зүүдний цэнхэр өлгий

Зүрхний хайртай нутаг

                        Миний Хөвсгөл

Zindaa.mn 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shuudertsetseg(66.181.161.113) 2022 оны 10 сарын 09

хөвсгөл нуурын тухай гоё шүлэг

1  |  0
Vhee(202.70.46.209) 2017 оны 03 сарын 21

Yoo bas goojloo

0  |  0
Top