“Найз-1979”-д бэлгийн хүчирхийлэлд өртсөн 17 хүүхэд бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Олон улсын хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэлсэн өдөр энэ сарын 17-нд тохионо. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн гэх тодотголт утаснаас "Найз-1979" нь Олон улсын хүүхдийн тусламжийн утасны сүлжээний бүрэн эрхт гишүүн юм. Хүүхдийн утас нь хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүүхэд болон бусад эх сурвалжаас авч, шаардлагатай туслалцаа дэмжлэг, үйлчилгээг үзүүлдгээс гадна холбон зуулчилдаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дэргэд "Найз-1979" утас нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулжээ. Харин гурван жилийн өмнөөс эхлэн Өсвөр үе ирээдүй төв, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-уудтай хамтран ажиллуулж буй юм. Ийнхүү хамтарч ажилласнаар хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртсөн хүүхдийг хамгаалах байраар хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлэхэд тус дөхөм болсон. Мөн  гэр  бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн талаар ч мэргэжлийн хүнээс нь тусламж, зөвлөгөө авах боломжтой болсон билээ. Сүүлийн нэг жилийн байдлаар хүүхдийн утсанд 478 дуудлага хүлээн авснаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 41 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 17 хүүхэд бүртгүүлжээ. Эдгээр хүүхдэд сэтгэл    заслын, эмнэлгийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө өгч хамгаалах байранд хамруулжээ. Дашрамд сонирхуулахад, "Найз 1979" рүү суурин утаснаас үнэгүй, Мобикомоос нэг минутад 100 төгрөг, Скайтелаас 50-100 төгрөг, Юнителээс 50 төгрөг, Жи-мобайлаас 55 төгрөгөөр ярих боломжтой юм билээ.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top