Цагдаа нар сууцтай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Орхон аймгийн Цагдаагийн газар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгэн тодорхой ажлыг эхэллээ. Энэ нь 72 айлын орон сууц юм. Орхон аймгийн Засаг дарга орон сууц барих 500 гаруй хавтгай дөрвөлжин метр газар олгосон байна. Ингэснээр Улаанбаатар хотын "Боорчи" компанитай нэг жилийн хугацаанд уг орон сууцыг барих гэрээ байгуулж ажилдаа орлоо.

Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа У.Амарсайхан:

-Манай байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэг гол ажлыг ар гэртээ санаа зовох юмгүй ажилдаа зүтгэх бололцоогоор хангах явдал гэж үзэж байгаа. Цагдаа нар шөнө өдөргүй бэлэн байдалд байж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулдаг хүмүүс. Өнөөдөр тэднийхээ суух орон сууцны шав тавьж байгаадаа баяртай байна. Эхний ээлжинд газрынхаа өргөдөл өгсөн албан хаагчдыг сууцанд бүрэн хамруулна. Хамгийн гол нь бид сууцанд орж байгаа хүмүүст өнөөдрийн орон сууцны ханшнаас хоёр дахин бага үнэтэй өгөхөөр гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулаад байна. Энэ бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж болно гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top