Хэдэн жилийн өмнө “тэмцэгч” Ж.Батзандан, О.Магнай нартай Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн байгуулан МАН-ын байр руу дайрч, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж явсан М.Ичинноров сүүлийн үед чимээ аниргүйхэн байх болжээ. Одоо “Ганц худаг”-т сууж байгаа “Анод”-ын Н.Даваатай хамтран Иргэний хөдөлгөөний нам байгуулж, өөрөө дэд даргаар нь ажиллаж байснаа мартсан юм болов уу. Хамтран зүтгэгч асан Н.Давааг нь улс төрийн шалтгаанаар баривчлагдсан гэж өмгөөлөгч нар мэдэгдээд байгаа. Хэрвээ тийм бол М.Ичинноров түүнд анхаарал хандуулмаар л юм. Уг нь өөрийгөө хүний эрхийн хуульч хэмээн сурталчилж, энэ чиглэлээр стратегийн өмгөөлөл хийгээд явдаг байсан биш билүү. Хүмүүс түүний талаар ийнхүү яриа үүсгэж байна. Гэвч тэр аанай л дуугүй яваа ажээ. Дуугүй суух шалтгаан нь юу юм бол оо. МАН-ын идэвхтэй гишүүн, тус намын удирдах зөвлөлийн дэргэдэх гэр бүл, залуучуудын бодлогын байнгын хороонд сонгуульт үүрэгтэн болсон түүнийг гайтуулж орхих гээд байгаа юм болов уу. Түүнээс биш Н.Даваа болон түүнтэй хамт хоригдсон нөхдийг улс төрийн шалтгаанаар хоригдсон эсэхийг нягтлах, өмгөөлөх гээд араас нь гүйх ажил их байгаа байх. Нэгэн цагт хамтран тэмцэж явсан анд нөхдөө тэр мартаагүй байлгүй дээ.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )