Машины зогсоолоос хоосон зай олж машинаа байрлуулна гэдэг их хотын жолооч нарын хувьд толгойн өвчин байдаг. Хотын иргэд долоо хоногт хамгийн багадаа бүтэн цагийг зогсоол хайн хий дэмий өнгөрөөдөг нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь мөн түгжрэл үүсгэх, аваар осол гаргах, агаар бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар ихтэй. АНУ-ын Сан-Франциско хотын захиргаа үүнийг шийдвэрлэхийн тулд жолооч нарын гар утсанд сул зогсоолын тухай мэдээлэл хормын төдийд илгээх цогц систем өнгөрсөн сараас нэвтрүүлжээ. 20 сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийн хүрээнд зогсоолуудад з а й н а а с мэдээлэл дамжуулах төхөөрөмж суурилуулсан байна. Уг төхөөрөмж зогсоолд чөлөөтэй талбай байвал цэнхэр, дүүрсэн бол улаан гэрлээр тэмдэглэгдсэн мэдээллийг хэрэглэгчийн утсанд илгээдэг аж. Одоогоор энэ үйлчилгээг iPad, iPhone, iPod-ын хэрэглэгчид авах боломжтой ч богино хугацаанд хүрээг нь тэлэхээ төслийнхөн амлажээ. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө шинэ төхөөрөмж жолоочийн анхаарлыг сарниулж, осол гарах шалтгаан болно гэж зарим мэргэжилтэн болгоомжилж байсан юм. Харин бодит байдалд мэдээлэл хэдхэн секундын дотор очиж байгаа учир энэ эрсдлийг бууруулж байгаа аж. Сан-Франциско 12250 машин зогсох нийт 7000 метр орчим зогсоолын талбайтай. Сонирхуулахад, төсөлд зөвлөхөөр ажилласан Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Дональд Шоапын хэлснээр Лос-Анжелосын жолооч нар зогсоол хайн жилд 1.5 сая гаруй км буюу сар уруу очих хэмжээний зай туулдаг гэнэ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )