Стандарт хэмжил зүйн төвийн хяналтын хэлтсийнхэн хүүхдийн хуванцар тоглоом, ахуйн хэрэглээний зарим сав суулгад бодисын шинжилгээ хийжээ. Энэ үеэр химийн зарим бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гарсан байна. Тухайлбал, хуванцар эдээр хийсэн хүүхдийн тоглоом, сав суулгад формальдегид хэмээх химийн бодис их хэмжээгээр агуулагдаж байжээ. Уг бодис хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, ялангуяа, хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөрийг гэмтээж, архаг хууч өвчин үүсгэдэг байна. Иймээс МХЕГ-ын нэгдсэн төв лабораториос санаачлан Унгарын стандарт, ОХУ-ын ГОСТ болон бусад олон улсын стандарт аргуудаас иш татаж "Хуванцар сав баглаа боодол, хүүхдийн тоглоомд формальдегид тодорхойлох спектрофотометрийн арга" МNS 6339 стандартыг шинээр боловсруулжээ. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийт айл өрхийн 78.1, орон нутгийн айл өрхийн 50.4 хувь нь зориулалтын бус хуванцар саванд ундны усаа зөөж, хадгалдаг нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )