Цөмийн хаягдлын дуулиан сайд Д.Зоригтыг огцрох “аюул”-аас аврах бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Цас бударч, шуурга тавьсан энэ хаврын хуйсгануур өдрүүдэд Төрийн ордон доторх уур амьсгал ч бас салхи ихтэй, жаварлаг ажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах, цаашлаад Сангийн сайд С.Баярцогтыг хусч хаях, тэгээд дараа нь Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө муу биелүүсэн гэж  огцруулах дуулиан шуугианаар жаварлаж  байна. Гэтэл үүнээс  илүү аймшигтай мэдээг “Ройтерс” агентлаг болон  Японы хэвлэлүүд дэлхий даяар цацаж монголчуудыг бүр цочролд оруулж  орхилоо. Юун тэр Д.Зоригттой мантай юм болж байна, цаана чинь.  Монголыг цөмийн хаягдал булах хогийн цэг болгох тухай манай хэдэн дарга нар нууцаар Америк, Японыхонтой ярилцаж байсан юм гэнэ. Энэ нь манай зарим хууль тогтоомжинд эрс харшлах ч гэсэн ямар хуулиа биелүүлдэг улс биш дээ, бид чинь. Дээр дооргүй хуулиа гууль болгодог хойно. Эрх баригчид маань хэрвээ цөмийн хаягдал булсан улс орон их мөнгөтэй болдог гэсэн явган ярианд итгээд өнөөх гайг нь авчруулаад тал, хээрээр нэг булаад эхлэх ч юм билүү. Ийнхүү нийгэм бараг тэр аяараа цөмийн хаягдлаар амьсгалж байна. Бухимдахдаа цөс нь хөөрсөн  иргэний хөдөлгөөнийхөн цөмийн хаягдлаар бүр өвчилж эхлэв бололтой. Аягүй бол УИХ-ын гишүүд цөмийн хаягдлаа ярьсаар, хэрүүлээ хийсээр байх хооронд Д.Зоригтыг огцруулах асуудал улам бүдгэрэн мартагдаж магадгүй байна.  Ийнхүү цөмийн хаягдал Д.Зоригтыг хусагдахаас аварч бас болох юм шүү. 

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top