“Анод” банкны үүсгэн байгуулагчдын нэг ТУЗ-ын дарга асан Н.Даваа энэ жилийн хаврын жагсаалд иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж байна, найдвартай ар тал буюу санхүүжилтийг шийдэхээр үндэсний компаниудаас мөнгө татаж эхэллээ гээд л олон материалууд хэвлэлээр нийтлэгдсэн. Дараа нь тун удалгүй түүнийг баривчилж, “Гал Үндэстэн” холбооны жагсагчид суллуулахаар түмпэн шанага нүдэн, төрийн ордны хаалга үүдийг хаан тэмцсэн ч тусыг эс олсон билээ. Ард иргэдийн дунд Давааг "Гал Үндэстэн” холбооны үйл ажиллагааг дэмжсэнээрээ буруудаад аавын хаалга татав уу эсвэл “Анод” банкны хэргээр хоригдов уу хэмээх хардлага үлдсэн. Харин цагдаагийн байгууллага таслан сэргийлэх хугацаа болсон гэж тайлбарлав.
Харин түүний гэргий Т.Оюунгэрэл “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагадаа “Давааг улс төрийн зорилгоор хорьсон гэж бодож байна. 2008 онд “Анод” банкны мөрдөн байцаах хэрэгт саад учруулж болзошгүй хэмээн зургаан сар хиртэй хоригдож байх хугацаанд нь бизнесийн бүлэглэлүүдийн зүгээс ганц бие эмэгтэйг яасан ч яадаг юм хэмээсэн байдлаар маш их дарамталдаг байсан. Амаа татаж яваарай гэсэн сүрдүүлэг ч цөөнгүй ирдэг байсныг нуугаад яахав. Анхнаасаа санаатайгаар “Анод” банкны хэргийг улс төрийн эрх барьж байгаа бүлэглэлүүд бизнесийн жижиг асуудлыг уул овоо шиг болгож улмаар унагах ажлыг хийсэн. Даваа улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Түүх, эдийн засаг, ашигт малтмалын талаар нэлээдгүй өргөн мэдлэгтэй байсан учраас Монгол орны эдийн засгийг тодорхой хугацаанд уул уурхайн салбар авч явах нь зайлшгүй гэдгийг манай хүн ойлгосон.Тэгээд төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс буруу бодлого явуулж байна гэсэн үүднээс л иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжсэн хэрэг. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа монгол ахан дүүсдээ өөрт байсан хэдэн гэр майхан зэргийг хэрэглүүлсэн. Хоолны мөнгөнд нь нэмэр болоосой гэж хоёр сая төгрөг өгсөн. Ер нь өөртөө байгаа зүйлээрээ л тусалсныг санхүүжүүлсэн гэж үзэж байгаа бол тэгсэн л болог. 2008 онд Давааг шоронд барьж хийхээс өмнө би ажлаа хийгээд явдаг жирийн нэг эмэгтэй байсан. Гэтэл манай улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд намайг тэмцэгч зүтгэлтэн болгож хувиргаж байна ш дээ. Үнэхээр Даваа “Анод” банкны мөрдөн байцаалтанд саад учруулахаар байсан бол урьд нь баривчлахгүй яасан юм бэ. Тэмцэл, жагсаал, цуглаан гэхээр барьж байгаа нь цаанаас шидсэн чулуу л байхгүй юу. Хамтдаа бүх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж бичиг цаастай ноцолдож суудаг төдийгүй ханийн нь хувьд би одоо үгээ хэлнэ, Даваагийн амаар дуугарах болно. Нийгэмд Даваа гэдэг хүний үзэл бодол нь чухам юу юм, юуны төлөө тэмцээд байгааг хүргэнэ гэж бодож байна. Тэглээ гээд дарамтлавал дарамтлана биз. Өнөөдөр Монгол улсын иргэд эрх орондоо тайван амьдрахад үнэхээр хүнд болсон байна. Гадныхан арай дэндүү бодлого явуулж байна. Эдний энэ дураараа аашилж байгаа байдал дээр хуулиа чангалж өгөөч. Энэ гадныхны бодлого, газар шорооны төлөө Даваа тэмцээд байгаа юм. Түүнд олон найз байдаг, гэхдээ үнэний талд зогсож үлдэх найз хэр байх бол гэдэг их сонин байна” гэж дэлгэрэнгүй тоочжээ.
Н.Даваагийн эхнэр ийнхүү "хэлд" оров. Тэр өөрөө ч үүнийгээ нуусангүй. Цаашдаа улс төрийн тэмцэгч болох аж. Түүний ярилцлагад нэлээд ноцтой олон үг өгүүлбэр орсноос "Улс төрийн эрх барьж байгаа бизнесийн бүлэглэлүүдийн явуулгаар Анодыг дампууруулсан" гэх гүн агуулга анхаарал татаж байна. Анодыг дампууруулсан этгээдүүд яг хэн бэ. Анод цаашаа боломжийн хэмжээнд ажиллаад явчих ёстой байсан гэж энэ хүмүүс яриад байна. Улс төрчид энэ банкийг дампууруулахад оролцож байсан тухай тодорхой эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан. Одоо "гэрч" өөрийн биеэр мэдэгдэж байна. Тэгэхэд цагдаагийнхан, АТГ-ынхан, прокурорынхон яагаад үүн дээр анхаарал хандуулахгүй байна вэ. Ш.Сайхансамбуу гишүүн авлига авсан нөхөдтэйгөө хамт сууж байна гэж хэлээд эрүүгийн хэрэгт татагдаад буй. Тэгвэл үүнээс ч ноцтой баримтыг Анод-ынхан удаа дараа мэдэгдэж байна. Анодын гурвын цаана жинхэнэ томчууд нь хэргээс мултран үлдэж байгаа юм биш үү.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )