Н.Алтанхуяг сайд аа, танаас авлига үнэртээд байна, үүнийг худлаа гэвэл “Гансүх”-дээрэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Zindaa.mn сайт саяхан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Стандартчилал хэмжил зүйн төвийг хэрхэн эрхшээлдээ оруулж, танил тал, гэр бүлийхнээ тэжээх саалийн үнээ болгож байгаа талаар мэдээлсэн билээ. Энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг мань хүн яаж “сааж” байгааг бүгдээрэй сонирхох уу? Хууль, журам тэнд ёстой жинхэнэ гажуудаж байна. Хамаатнууд, танилууд нь Н.Алтанхуягийн шууд цохолтоор ажилд ордог. Юун нөгөө төрийн албаны зөвлөл. Ийм албанд өөрийн хүмүүсээ мэдүүлээд хэрэг түүнд огтхон ч байхгүй. Тэр онцгой эрхтэй сайд болоод байна. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч байсан Доржпалам гэдэг нөхөр хүрч ирэн Н.Алтанхуягтай уулзаад л тус газрын дэд дарга болчихож байгаа юм. Төрийн албаны зөвлөл эхний үед Н.Алтанхуягт хандан хууль зөрчиж байгааг нь сануулж хэлж чаддаггүй байсан бололтой. Булхайг нь хэлчихвэл өөрсдөө “хог” дээр үсэрнэ гэж айдаг байсан юм байлгүй. Харин саяхнаас энэ талаар бичиг сачиг илгээж “Танай хүн чинь төрийн албан хаагчийнхаа тангарагийг өргөөгүй” гэх маягийн юм хэлж байгаа бололтой. Ер нь Н.Алтанхуяг их буянтай хүн юм аа. Өөрийнхөө зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Бямбацогт гэгчид Хэрэглэгчийн эрхийн газраа даалгажээ. Энэ нь дээрх газрын дотоод бүтцийн байгууллага юм. Өөрөөр  хэлбэл газрын доторх газар гэх үү дээ. Ж.Бямбацогт хэдэн жил Н.Алтанхуягийг бараадан хоолонд хүрч яваадаа эрдэж бардахдаа төрийн албаны зөвлөлөөр орж шалгалт шүүлгийг нь ч өгөөгүй гэнэ. Шууд ногоон гэрлээд дарганцар болжээ. Харин Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалтаар энэ зөрчил нь илэрсэн байна. Гэвч Н.Алтанхуягийн нөлөөгөөр тэр ажлаа хийсээр байгаа ажээ. Уг нь ажлаас чөлөөлөгдөж, шалгалт өгөөд, зохих шийдвэрийг нь гаргуулах ёстой байв. Шалгуур даавал ажилдаа буцаад орж болно. Тэгтэл шалгалтынх нь пянг даахгүйгээ мэдээд Н.Алтанхуягийнхаа бөөрөнд наалдан бүгэхээс аргагүй болсон бололтой. Тэргүүн шадар сайдын ивээлийн томилгоо үүгээр бас дууссангүй. Нэг намын нөхөд гэдгээрээ гул барьж УИХ-ын гишүүн Д.Батбаярын дүү Д.Батсайханыг мөн энэ газрын Хамтын ажиллагааны газрын дарга болгожээ. Ингэхдээ урьдын адил Төрийн албаны сонгон шалгаруулалтанд оруулаагүй. Гэтэл Д.Батсайхан нь төрийн албанд нэг сар ч ажиллаж үзээгүй нөхөр байж таарав. Мөн “Увс” нам гэж нэг лут нам бий дээ. Яагаав, Увс аймгаас тодорсон улс төрчид, улс төр сонирхогчид албан бусаар ийм нэг нам шиг юм “байгуулсан” гэлцдэг болоод удаж байгаа шүү дээ.  Энэ ”нам” ихээхэн нөлөөтэй. Тухайлбал Тэргүүн шадар сайдын арван жилийн ангийн найз хэн ч байсан “нам”-ын даалгавартай л бол шууд ажилд ордог. Н.Алтанхуяг “нам”-ынхаа нөхрийг авахгүй гээд яах юм. Ийм замаар Чимэдцэен гэдэг нөхөр бас л шууд ажилд орсон. Тэгээд удаагүй байтал Төрийн албаны зөвлөлийнхөн шалгалт аваад орхитол өнөөх чинь уначихсан гэнэ. Дараа нь Н.Алтанхуяг өөрийн төрсөн ахын хүүхдийг ажилд дахиад шалгуургүйгээр оруулжээ. Гай болоход тэр нь ажил бараг хийдэггүй. Хийе гэсэн ч чаддаггүй юм байна. Энд тэнд архи дарс эргүүлсэн шиг цагийг өнгөрөөнө. Мөн гоё оо. Амьтан хүн шаардлага тавихаар “Ахдаа хэлнэ шүү” гэх янзтай тун догь сууна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бол хуулиа мөрдөх талаар бусдад үлгэр жишээ болж баймаар газар л даа. Гэвч тэнд ийм үнэр ч алга. Сансарт байрладаг “Очирваань” хувийн эмнэлэгийг нэг удаа энэ газрынхан шалгажээ. Мэдээж иргэд гомдол мэдүүлснээс болоод шалгасан хэрэг. Хуурамч эм оруулж ирдэг гэх мэт олон зөрчил тоочсон байв. Шалгалтаар нэлээд зөрчил илэрчээ. Гадаадаас оруулж ирсэн эмүүд нь гарал үүслийн бичиггүй, гаалийн бүрдүүлэлтгүй, мэргэжлийн хяналтын дүгнэлтгүй байсан байна. Гэтэл Н.Алтанхуяг үүнийг сонсоод шалгагч нарыг дуудан шалгах ажлаа зогсоохыг шаардсан гэдэг. Сүүлд нь эрүүгийн цагдаагийнхан тэнд мөрдөн шалгах ажлаа хийсэн байна. Шалгалт одоо ч үргэлжилж байгаа ажээ. Тус эмнэлэгийн дарга Тэрбиш нь Н.Алтанхуягийн намын нөхөр гэдгээрээ халхавч хийгээд өнгөрөхийг хичээсэн боловч даанч болсонгүй. Авлига ийм л нөхцөлд жинхэнэ цэцэглээд байгаа юм. Тэнд авлига байсаар байгааг болж буй үйл явдлууд нь өөрөө хэлж өгөөд байна. Зөвхөн өгсөн авсаныг харвал авлига, мөн бусад тохиолдолд юу ч биш мэтээр төсөөлөх хэрэггүй байх. Н.Алтанхуягаас яг одоо авлига, ашиг сонирхолын эвгүй үнэр ханхлаад байна. Садан төрөл, ургийн барилдлагыг төрийн албанд ийм маягаар нэвтрүүлж байгаагаа зогсоож шударга ёсны бүлээн агаар оруулмаар байна шүү, тэргүүн шадар сайд аа. Эс тэгвээс хэрэглэгчид хохирсоор, шударга өрсөлдөөн салхинд хийсэн одсоор байх болно.

Б.Отгонбаяр. Zindaa.mn     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top