АН-ын нэр бүхий гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг өргөн барьсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг өчигдөр Төрийн ордонд хуралдлаа. Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар шийдэлд хүрсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулсан юм.
-МАН-ын Удирдах зөвлөл Д.Зоригг сайдыг огцруулах саналд шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийн талаар ярихгүй юу?
-МАН-ын Удирдах зөвлөл бодлогоо хэрэгжүүлье, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын сайдыг солихгүй гэсэн шийдэлд хүрлээ. Эрх барьж байгаа намын хувьд бид хийх зүйлээ олон түмэндээ хүргэе гэж шийдлээ.ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын тухайд ажлаа хийхдээ алдаа гаргасан байж болно. Гэвч алдаагаа засч залруулах үүрэг өглөө. Гэхдээ тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Оюу толгойн гэрээ хэлэлцээрт орж, хөрөнгө оруулалтыг нааш нь татаж чадсан. Ажил нь эхлээгүй байхад хөрөнгө оруулалт нь эхнээсээ орж ирж байна. Хэрвээ ажил нь эхлээд бүтээн байгуулалт явагдаад ирвэл энэ хөрөнгө оруулалтын хэмжээ бүр их нэмэгдэх юм байна гэж бодож байна. Бид Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 10 жил яриад хэрэгжүүлж чадаагүй. Энэ ажлыг Д.Зоригт гардан хэрэгжүүлж, эхлэлийг нь тавьсан шүү дээ. Д.Зоригт бол Монгол Улсын хөгжлийн төлөө хийсэн юм, хэлэх үгтэй залуу.
-Оюу толгойн гэрээг сайжруулах үүргийг өгсөн үү?
-Оюу толгойн гэрээний явцыг мэдээлж, шаардлагатай тохиолдолд өорчлөлт оруулах асуудлыг хөрөнгө оруулагчтай хэлэлцэн хэрэгжүүлэх үүргийг өгье. Мэдээж гэрээнд сайжруулах зүйл байгаа гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Тиймээс энэ гэрээг байнга сайжруулж болно шүү дээ. Гэрээг сайжруулах үүрэг ч өгөгдөх болов уу.
- Д.Зоригт сайд ямар ажил хэрэгжүүлснийг тодорхой хэлэхгүй юу?
-Би Говь-Алтай аймгийг төлөөлөөд УИХ-д сууж байгаа гишүүн. Тиймээс өөрийнхөө аймагт хийгдсэн ажлуудаас нь жишээ татаж нэрлэе. Говь-Аптай аймагт олон жил хүлээгдсэн ажлууд бүгд хийгдсэн. Манай аймагт нарны сэргээгдэх эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орлоо. Баруун бүсээс эрчим хүчтэй холбогдлоо. Төвийн бүсээс Могойн гол төсөл шийдэгдлээ. Сумдын хооронд цахилгаан дамжуулах шугамыг татаж дууслаа. Аймгийн төвийн эрчим хүчний системййг бүх технологитой нь иж бүрэн шинэчилж чадсан. Улс орны хэмжээнд хөгжлийн хөдөлгүүр болсон Оюу толгойн бүтээн байгуулалтын томоохон ажил эхэлж чадсан. Одоо Таван толгойн ажлыг эхлүүлэх гэж оролдож байна. Том, шинэ ажлыг олон улсын түвшинд хийхэд асуудлыг мэддэг, шинэ мэдлэгтэй, шинэ хүмүүс хийхээс өөр арга байхгүй. Үүнийг хуучин аргаар хийж чадахгүй. Уг гэрээний үг, үсэг, таслал маш нарийн. Нэг үгний орчуулгын буруу утгын алдаанаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Үүн дээр хариуцлагатай ажиллаж байгаа хүн бол Д.Зоригт. Хэрвээ огцруулах гээд байгаа юм бол өөр хүмүүсийг огцруулаач дээ. Яагаад улс орны хамгийн тулгамдсан том салбар болсон эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг урагшлуулан авч явж байгаа хүнийг огцруулах гээд байгаа юм . 10 жилийн өмнө яриад чадаагүй Оюу толгойг эхлүүлж, 50 жил дарагдсан Таван толгойд ажил эхлүүлэх гээд байгаагийн төлөө яагаад оролдоод байгаа юм. Д.Зоригт гаргасан алдаагаа засаад явж байгаа.
-Удирдах зөвлөлийн гишүүд Д.Зориггыг огцруулахгүй гэж 100 хувь дэмжсэн үү?
-100 хувь дэмжсэн. Яагаад гэвэл Монгол Улсын гол бодлогыг авч явж байгаа хүн. Оюу толгойн орд бол таван Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй тэнцэнэ. Хэрвээ Таван толгойг ажиллуулж эхэлвэл 10 "Эрдэнэт"-тэй болно. Би улс төрийн талаас нь харж байна. Ажил хийж байгааг нь огцруулах гээд байгаа нь сонин. Огцруулах асуудлыг тавих юм бол С.Баярцогт, Л.Гансүхийг хамтад нь огцруулах хэрэгтэй. Тэд хамтдаа байсан. Гэтэл хэт намчирхаад, хамгийн залууг нь барьж авч байна. Үнэндээ Д.Зоригт хамгаалалт муутай залуу. Улс төр сайн мэдэхгүй хүн. Тиймээс бид л энэ хүнийг хамгаалах хэрэгтэй байна гэв.
МАН-ын бүлгийн гишүүд мөн Д.Зоригт сайдыг огцруулахгүй байх шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )