Христийн шашин нь дэлхийн хүн амын 30 хувийг хамарсан хамгийн хүчирхэг шашин гэх боловч мянга гаруй жилийн өмнөөс дотроо гурав хуваагдсан байдалтай явж иржээ. Тодруулбал, католик буюу Ромын урсгалыг 1.1 тэрбум хүн итгэн дагадаг байхад Ортодокс буюу үнэн алдартны шашныг Зүүн Европын 300 гаруй сая хүн, протестант урсгалыг мөн 300 гаруй сая хүн шүтдэг байна. Энэ нь Христийн шашны хүч чадал, нэр нөлөөг багагүй тарамдуулж байсныг харуулах баримт юм.
Тэгвэл Оросын бүх үнэн алдартны шашинтнуудын тэргүүн Кирилл, католик шашинтнуудын тэргүүн хамба Ромын Франциск нар өнгөрсөн жил Куба улсад уулзсан нь мянган жилийн турш үргэлжилсэн хуваагдлыг эргэж нэгтгэх сэжим болж байна. Шашны хоёр лидер зэрэгцэн зогсч байгаад “Бид ахан дүүс юм” хэмээн мэдэгдсэн нь 1000 жилийн турш үргэлжилсэн зөрчлийг зөөлрүүлэх найдлага төрүүлсэн юм.
Есүсийн үндэслэсэн Христийн шашин хоёр хуваагдах эхлэл Манай эриний 330 он тавигджээ. Эзэн Хаан Константин тухайн жил Ромын эзэнт улсын нийслэлийг Бизанс уруу шилжүүлсний дараа Константинополь, Ромын сүм хийдүүд өөр, өөрсдийнхөөрөө хөгжиж эхэлсэн нь цаашдаа ондооших нөхцлийг бүрдүүлж өгчээ. Хэдий нэг итгэлтэй байсан ч зүүн сүмийхэн бүх зүйлээ хуучин Грекийн соёл иргэншил дээр тулгуурлан үргэлжлсэн бол барууных нь улам папал тогтолцоонд шилжиж байлаа.
IX зууны үед Ромын Пап Лион III ямар нэгэн зураг хөргөнд мөргөхийг хориглож, бурханы гурвалыг хүлээн зөвшөөрсөн нь хоёр шашны хоорондын зөрчлийг хурцатгажээ. Энэ нь улам даамжирсаар маш том хагарал болж эхэлсэн байна. Учир нь Үнэн алдартнууд зураг хөргөнд мөргөж, бурханы гурвалыг үл зөвшөөрч байсан юм. Улмаар 1054 онд Ром, Константинополь хоёр хот хоорондоо муудалцан зүүн баруун хоёр сүм салсан юм.
Христийн шашинт итгэгчдийн тоо жилд ойролцоогоор 1.54 хувиар нэмэгддэг гэсэн тоо бий ч аажмаар багасч байгаа юм байна. Ялангуяа лалын шашин зэрэгцэн оршдог юм уу, лалын шашинт улс орнуудтай хиллэдэг улсуудад Христэд итгэгчдийн амь насанд халдах, сүм хийд дэлбэлэх хэрэг ихэсч, итгэгчдийн тоо огцом буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Тиймээс шашны хоёр урсгалын зүгээс зөрчил тэмцлээ цаашид тэвчин, нэгэн эхтэй шашнаа мандуулахын төлөө санаа нэгдэх шаардлага тулгарчээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )