Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай хоёр дахь удаагаа яригдаж байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар энэ удаа ийм санал оруулсан. МАН-ын бүлэг үүнийг хүлээж авах янзгүй байна. Ухаандаа дахиад хамгаалаад үлдээх бололтой. Хамгаалалт нь их зузаан, том ажээ. Д.Зоригтын хувьд нүгэлтэн мөн үү гэвэл яах аргагүй мөн болов уу. Гэхдээ гол нүгэл гэгдээд байгаа Оюу толгойн гэрээг тэр ганцаараа хийгээгүй. Цаана нь Засгийн газрын хэд хэдэн гишүүн байгаа. Монголдоо ашигггүй гэрээ болгоход нь зөвлөсөн, өгөөш хаяж өгсөн хүн ч бий гэдэг. Тиймээс эрхэм гурван “баатар” гишүүн арай өөр юм сэдээд ийнхүү улайран зүтгээд байх шиг байна. Зөвхөн Д.Зоригтыг огцруулснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайжирчихгүй. Түүний толгой хоргодож суугаа өнөөгийн Засгийн газрын танхим ард түмнийхээ өмнө амлаж, заавал хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дөнгөж 10 гаруйхан хувийг нь биелүүлээд байгаа гэсэн шүү дээ. З.Энхболдын ахласан ажлын хэсгийнхэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлаад ингэж дүгнэсэн байсан. Тэд худал хэлээгүй болов уу. Ингэхэд ер нь иргэдийнхээ дундаж орлогыг нэг сая төгрөгт хүргэсэн билүү, энэ Засгийн газар. Үгүй ээ. Чадахгүй бол ингэж худал юм бичиж, цаас гарздах хэрэг юу байна. Ядуурал буураагүй. Харин ч улам өссөн . Ажилгүйдэл ч нэмэгдсэн байна. Мөнгөний инфляци нэг оронтой тоонд шилжсэнгүй. Одоо махны үнэ гэхэд хэд хүрээд байгаа билээ. Бизнесийн орчныг сайжруулах жил гээд л өнгөрсөн онд баахан яриад байлаа. Гэтэл Монголд жижиг, том аль ч бизнес урагш төдийлөн ахихгүй байна. Энэ нь банкны хүү өндөр, мөнгөний бодлого алдагдсантай ихэвчлэн холбоотой. Энэ мэтийгээ цэгцлэх нь яасан юм бол оо. МАН-АН болж Засгийн газрыг бүрдүүлсний ач тус бараг гарсангүй. Хамтраад ажиллавал ёстой гоё, бүх зүйл сайхан болно гэсэн нь худлаа байжээ. Тиймээс одоо Д.Зоригт мэтийн ганц нэг жараахайгаар оролдох биш, харин Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хусч хаяад стандартынх нь дагуу Засгийн газраа шинээр байгуулах хэрэгтэй болж байна. Үүнийг эрүүл ухаантай захын чавганц хүртэл хэлээд байгаа юм. За, тэгээд Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход өнөөх луйврын сонгуулиараа том амлаж, толгой эргүүлээд байсан МАН, АН хоёр хоёулаа олон түмний өмнө адгийн худалчаараа дуудуулна. Алдаагаа харин аль хурдан засч чадсан нь дараагийн сонгуульд ард түмэнтэйгээ ярилцах, дэмжлэг авах эрхтэй болно. Жам ёсны зүйл гэвэл товчхондоо ийм л байгаа юм.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )