Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар, Нийслэлийн газрын алба, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болох "Койка"-н хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын газрын мэдээллийн систем байгуулах 2.7 сая ам.долларын төсөвт өртөг бүхий төслийг буцалтгүй тусламжаар хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төсөл хэрэгжсэнээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглагдаж буй хиймэл дагуулын өгөгдөл, сансрын зураг, мэдээ, мэдээллийг Улаанбаатар хотын газрын харилцааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм байна. Мөн нийслэлд тулгараад байгаа бүх төрлийн хүндрэлтэй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын стандарт, аргачлалын дагуу шийдвэрлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, хур тунадасны хэмжээнээс хамааран учирч болох үерийн аюулыг урьдчилан харах, үүний дагуу сэргийлэх боломж бүрдэх аж. Дээрх цогц мэдээллийн систем нь "КОМРSАТ-2" хиймэл дагуулын өндөр нарийвчлал бүхий Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 1:5000-ны сансрын зурагт суурилах бөгөөд энэ нь анх удаа Улаанбаатар хотын нийт 470 мянган га-г хамарсан өндөр нарийвчлал бүхий сансрын зурагттай болох юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )