Ярьдаг дарга, хийдэг дарга хэмээн өнгөрсөн сонгуулийн үеэр эрх баригч намууд ПИ Ар хийж байлаа. Хоосон чалчигчдаас төрөө цэвэршүүлэхэд энэ нь тус болох ч байсан байж магадгүй. Тэгвэл одоо хий дэмий яригчдын амыг хамхиж, тэд нараар ажил хийлгэх хэрэгтэй байна. Намууд сав л хийвэл ард түмнээ сонсох нэрээр хүмүүсийг хошгируулан бас л хоосон ярилцацгааж байгаа. Сүүлдээ энэ бүхнээс хүмүүс залхах янзтай. Иргэд саналаа хэлж л байдаг. Биелүүлдэг, ажил хэрэг болгодог нь алга. Төр засгийн түвшинд шийдүүлэхээр захисан, хэлсэн, шүүмжилсэн болгон сүүлдээ эрх баригчдыг эргээд муулсан мэтээр намуудын дарга нар, яам агентлагийнхан нь хүлээж авдаг болжээ. Банкны систем муу байгааг бид хориод жил ярилаа. Дарга нар нь ч зөндөө ярьдаг. Банк дээрэмдэж баяжигчид л төрөөд байхаас биш банкууд сайжирсан юм байдаггүй ээ. Саяхан Монгол банкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал дахиад ярьж байна. Урьдын адил зээлийн хүүгээ өөрчлөх, тогтолцоог нь шинэчлэх гээд ярьдгаа л ярих юм. Монгол банкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд эднийхэн банк санхүүгийн зөрчил, луйварт сэжиглэгддэг. Харин энэ тухайгаа ер ярихгүй юм. Бодвол хаацайлаад, хамтран идэж уугаад байгаа юм байлгүй дээ. Хамгийн сүүлд “Транс” банкны эздийн будлиан маргаан гарлаа. Энэ банкны хувь эзэмшигч Энхжаргал Монгол банкийг төлөөлөөд Лондонд сууж байна. Тэр өөрийн ах Энхтайвантайгаа нийлээд Трансыг үндсэнд нь самарчихсан гэнэ. Монгол банк ч үүнд ихээхэн нөлөөтэй оролцсон гэж учрыг мэдэх хүмүүс ярьж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдээ өндөр хүүгээр цохиж унагасаар байна, энэ хэдэн банкууд. Монгол банк бодлогын хүү гэгч юм гаргаж ирээд мөнгө хүүлдэг боллоо. Үүнийг нь дагаад ихэвчлэн гадаад эзэдтэй арилжааны банкууд хүүгээ өсгөдөг. Өөрөөр хэлбэл, үхлийн цагираг дотор үндэсний аж ахуйнууд мөлхөж байна. Н.Золжаргалыг эдийн засгийн томчууд овоо сийрэг толгой гэдэг юм билээ. Гэтэл ярьж байгаа нь нэг л биш ээ. Мөнгөний бодлого нь тулга тойроод эргээд байх юм. Үүнийг тэр мэдсэн хэрнээ хий дэмий яриад л байна, нөгөө ярьдаг мулгуу нар шигээ. “Анод”, ”Зоос”-ын луйварт Монгол банкныхан оролцсон гэдэг. Зөвхөн “Зоос” нь гэхэд 40 гаруй тэрбумын асуудалтай байгаа. Намын харьяаллаар энэ банктай харьцдаг томчууд, Монгол банкныхантай сүлбэлдсээр ийм хэрэг үүсгэсэн нь одоо ил болж байна. Ерөөсөө санхүүгийн зах зээл маань мөнгө, даатгал, хөрөнгийн зах зээлээс бүрддэг. Мөнгө элс рүү ийнхүү шингээд байхад өрөөсөн хөлтэй мэт яваад байна. Өнөөгийн банкирууд хоёр хөлтэй байснаас өрөөсөнтэйгөө байвал хамаагүй дээр гээд байх юм. Н.Золжаргал лав мөддөө нөгөө хөлийг нь эмчилж санхүүгийн зах зээлийг хоёр хөл дээр нь зогсоохгүй юм шиг байна. Мөнгөний инфляц ч өсөх хандлагатай. Юун үйлдвэрлэл манатай боллоо. Засгийн газар бонд гаргаж үйлдвэрлэгчид рүү хандуулж байгаа хэдий ч энэ нь арилжааны банкуудаар урьдынх шигээ дамжвал нохойн жогорхой л болно доо. Ярих яахав. Н.Золжаргал гуай, ярихыг залхталаа сонслоо, одоо чаддаг юм бол өөрчлөөд өг л дөө.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )