Хөгжлийн банк ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ

2017 оны 03 сарын 21

 Хөгжлийн банкийг тойрсон асуудал нэг хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Гэвч үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, хууль эрх зүйн  орчныг өөрчилж, хяналтын механизмыг бүрдүүлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг дунд, урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой санхүүгийн байгууллага.  Өмнө нь Хөгжлийн банкны хийх ажлыг УИХ баталдагаас эхэлнэ. Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүр хаврын чуулганаар батална гэсэн зохицуулалттай. Үүний дагуу 2011 онд УИХ-ын 15 дугаар тогтоол батлагдаж, дөрвөн томоохон төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлээр дамжуулан санхүүжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож байв.

Уг тогтоолын дагуу   "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгаж аймгуудыг нийслэлтэй хар замаар холбох, инженерийн суурь дэд бүтцийг шинэчлэх, орон сууцжилт, барилгын материал, уул уурхай болон аж үйлдвэржилтийг дэмжихээр шийдэгдэж байв.

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрөөс гадна "Шинэ Төмөр Зам", "Сайншанд аж үйлдлвэрийн цогцолбор", дараа төлөгдөх нөхцөлтэй авто зам, дэд бүтцийн төслүүд УИХ-ын 15 дугаар тогтоолоор батлагдсан. УИХ-ын баталсан эдгээр дөрвөн төсөл, хөтөлбөрт зарцуулагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 50 орчим их наяд төгрөг. Харин Хөгжлийн банк  5 орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлснээс   3,2 их наяд төгрөгийг төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулжээ. Гэтэл өнөөдөр "Шинэ Төмөр Зам", "Сайншанд аж үйлдлвэрийн цогцолбор" нь овоолсон шороо, дэр модноос өөр гялтайх зүйлгүй. Хугацаа алдвал хийсэн жаахан ажил нь хэнд ч хэрэггүй, дахиж ашиглах боломжгүй болох нь ээ.

Энэ байдал нь эргээд Хөгжлийн банкны хөлийг тушиж,  зээл төлөлт нь хийгдэхгүй хүнд байдалд оруулсан хэрэг.  Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон. Үүнээс болоод  Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн гэдэг.

Хөгжлийн банкийг  аварч, цаашид хэвийн түвшинд ажиллуулахын тулд Засгийн газарт энэ зээлийг шилжүүлж өгөх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дүрмийн санг нэмэгдүүлэхээс  аргагүй байдалд хүрсэн хэрэг.  “Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүнийн 54.5 хувь  нь улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүд.  

Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын баталгаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудынх.

Тийм болохоор  зээлийг ангилж,  Засгийн газар шилжүүлэхийг шилжүүлж,  заримнайдваргүй зээлийн асуудлыг нь  хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн аж.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБАЯР “Хөтөлбөр, төсөл арга хэмжээ 3 янз байсан. Төслийн орлогоос төлөх 16 том төсөл бий. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчид хүүгийн төлбөрийг л төлж байгаа. Дээр нь 1800 орчим төсөл арга хэмжээг арилжааны 11 банкаар дамжуулан санхүүжүүлсэн. Одоо мөн л зөвхөн хүү нь төлөгдөж байна. Үндсэн төлбөр рүү ороогүй гэсэн үг. Заримынх нь үндсэн төлбөрөө төлөх хугацаа болоогүй байгаа. Үлдсэн хэсэг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3-4 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ байсан. Эдгээр төслийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1-4 удаа сунгасан. Эргэн төлбөр бас л хийгдээгүй байсан юм” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top