Дорнодын ураны орд газрыг эзэмших эрхийн төлөөх Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийн хооронд өрнөсөн маргаан Арбитрын шүүхээр орж, таван жил үргэлжилсний эцэст Канадын компанийн талд шийдэгдсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төлөх ёстой болсон ч сүүлд яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр 70 сая ам.доллар болгож бууруулсан. Энэхүү төлбөрийг төлсний дараа “Мардайн ураны ордын лицензыг олон улсын нээлттэй зах зээлд борлуулна” гэсэн мэдэгдэл хийж байсан боловч байдал өнөөдрийг хүртэл тодорхойгүй, нууц байдалд байна.
Эдгээрээс хамгийн түрүүнд Монголын Засгийн газарт хариуцлага, залгамж чанар гээч зүйл байгаа эсэх тухай асуудал хөндөгдөнө. Мардай бол стратегийн ач холбогдолтой орд. 2007 онд анх тодорхойлж, УИХ-аас баталгаажуулсан Стратегийн анхны 15 ордын нэг. Уг жагсаалтад Мардай, Гурванбулаг, Дорнодын гэсэн ураны гурван орд багтсан байдаг. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ын харъяанд Мардайн ордыг түшиглэсэн “Эрдэнэс Мардай” гэдэг ч юм уу нэр бүхий аж ахуйн нэгж байгуулж, түүнийхээ 49 хувь дээр олон улсын зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө босгоно уу гэхээс лицензийг шууд худалдан борлуулах тухай яриа үүсэх учиргүй юм. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Мардайн орд газрын лицензийг худалдах тухай яриа гарч байсан. Энэ нь Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс гадна урьд өмнөх Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг үгүйсгэсэн хэрэг болсон юм.
Хуульд буцаж үйлчлэх тухай ойлголт байдаггүй. Гэтэл 2007 онд Стратегийн орд газрын жагсаалт батлахдаа Канадын “Хан ресурс”-ын 58 хувь, Монгол, ОХУ-ын тус бүр 21 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдан, үйл ажиллагаагаа нэгэнт эхэлчихсэн “Төв Азийн уран”-ы эзэмшлийн Дорнодын орд газрыг оруулсан байдаг. Улмаар улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Ингэснээрээ “Хан ресурс”-ыг хохироох, улмаар Арбитрын шүүхэд ялагдах эхлэл тавигдсан билээ. Гэхдээ энэ хэрэг нэгэнт шийдэгдэж, Монгол Улс ялагдсанаас хойш Стратегийн ордын талаар баримтлах зарчмаа хадгалах л ёстой.
Тэгвэл С.Баяр Засгийн газрыг тэргүүлж байхдаа 2009 онд ОХУ-д айлчилж, уран олборлолтын чиглэлээр “Дорнод уран” хэмээх хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрсэн билээ. Тиймээс “Хан ресурс”-тай үүсгэсэн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа ОХУ-тай хамтарсан “Дорнод уран” компани байгуулагдана, энэ компани Дорнод төдийгүй Мардайн орд газарт олборлолт явуулна гэсэн хүлээлт үүссэн байсан. “Дорнод уран”-ы танилцуулгад “50 гаруй мянган тонн нөөцтөй ордод үйл ажиллагаа явуулна, 22 мянган тооны нөөцтөй Мардайн орд үүнд багтана” гэж бичсэнээс харахад л Мардайн орд хамтарсан компанийн мэдэлд очих байсан нь харагдана. Гэтэл “Хан ресурс”-ын асуудал дуусчихаад байхад таг чиг. Харин ч Мардайн ордыг зарах асуудал хөндөгдөж буй бололтой.
Өмнөх засгийн газрын үед хийгдсэн тохироогоор бол Монгол Улс 2021 он гэхэд атомын цахилгаан станцтай болно хэмээн төлөвлөж, ураны ордуудаа оросуудад ашиглуулсны хариуд энэ тал дээр туслалцаа авахаар тохирсон байсан юм. “Атомредметзолото” компанийн захирал В.Живов “Гэрээ ямар ч асуудалгүй, холбогдох дүрэм журмын дагуу байгуулагдсан. Одоо Монголын тал чухам ямар газруудад олборлолт явуулахыг шийдэх ёстой. Монголд асар их нөөцтэй байж болох олон талбай бий. Монголын тал эхлээд өмнөх, хойдох асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Бид онцгой зөвшөөрөлд бүрэн хариуцлагатай хандана, мөн үүн шигээ ямар ч асуудал, маргаангүй талбайд ажиллана. Хэрвээ Монголын тал энэ шаардлагыг хүлээж авахгүй бол хамтарсан уурхайн ажил эхлэхгүй” гэж мэдэгдэж байснаас үзвэл “Дорнод уран” компани байгуулагдах эсэх асуудал зөвхөн манайхаас хамаарч байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, бид асуудалгүй талбай гаргаж өгч чадсангүй. Монголын ураны талбай бүгд асуудалтай болж таарлаа.
Мэдээж Монголын Засгийн газарт ойрын хугацаанд Мардайн орд дээр олборлолт явуулах шаардлага бий. Тэгвэл “Хан ресурс”-ын өрийг дарсан гуравдагч этгээд буюу тус ордыг худалдаж авсан тал нь эзэзмшигч болж таарна. Энэ ордын лицензийг олон улсад нээлттэй худалдвал БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци байх магадлал илүү өндөр.
Яагаад гэвэл Канадын “Хан ресурс” нь гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компанийн хөрөнгө оруулагч байхдаа өөрийн эзэмшлийн 58 хувь дээр ОХУ-ын “Атомредметзолото”, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацийг үнэ хаялцуулж, улмаар Хятадын компанид хувьцаагаа шилжүүлэхийг завдаж байсан юм. Компанийн бас нэгэн хувьцаа эзэмшигч болох “Атомредметзолото” хувьцаа нэг бүрийг 0.65 канад доллараар авах санал тавихад Хятадын компани бараг 30 хувиар илүү буюу 0.95 канад доллар санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хятадууд Монголын ураны төлөө бусдаас илүүг төлж чадна.
Тэгээд ч Хятадын Үндэсний цөмийн корпораци энэ талаар аль хэдийнэ яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Тус корпорацийн албан ёсны цахим хуудсанд "Монгол Улсад ураны уурхай ажиллуулах хувь нийлүүлсэн компанийн харилцаатай уялдуулан тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй өнгөрсөн жил хэлэлцээр хийлээ. Манай групп одоог хүртэл хариу ирэхийг хүлээсээр байна" гэсэн нь үүний нотолгоо юм.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 2 )
Хуучин Мардай байсаны ойр орчинд олон жижиг уурхайнууд бий болсон бна.90-ээд онд орсуудыг хөөж гаргаад тэр сайхан дэд бүцэттэй газрыг сүйтгэсэн шүү.Хайран өмч болсон тэр үед төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд яаж сүйтгэснийг мэдэх байх.
Улсын өмчийг хэн ингэж гаднийханд зараад байнаа. Гадныхан улсын газар доорхи баялагийг эргээд манайханд зардаг ямар гээч хачин юм болоод байна даа. Энэ улсад өөрийн эрх мэдэл гэж байна уу?