Гадаад өр, төлбөрийн асуудлыг амжилттай шийдвэрлэсний эдийн засгийн ач холбогдол

2017 оны 03 сарын 28

Хөгжлийн банкны засгийн газрын баталгаатай олон улсын хөрөнгийн зах дээр 2012 онд гаргасан 580 сая ам.долларын бондын хугацаа энэ оны 3 сарын 21-нд дууссан. Энэ бондын эргэн төлөлтийг дотоод эх үүсвэрээс төлөх боломж туйлын хомс байв. Төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, гадаад валютын нөөц буурч бага түвшинд хүрсэн үед энэ хэмжээний валютыг дотоод эдийн засгаас гаргах нь валютын нөөц шавхагдаж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларч, улмаар санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй байсан.

Зарим улстөрч, эдийн засагчдын дэвшүүлж байсан хувилбаруудын нэг нь Монгол Улс гадаадад гаргасан бондууд дээр дефолт зарлах явдал байв. Гэхдээ улсын өрийн дефолт нь хөрөнгө оруулагчид өмнө нь Засгийн газар, банкууд болон аж ахуйн нэгжүүдэд эргүүлэн татах нөхцөлтэй олгосон зээлээ татах, ирээдүйд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хаах, хүүг нь өсгөх, зээлжих зэрэглэлийг бууруулах, гадаад худалдааг хумих, банкны системийг сульдуулах, үндэсний валютын ханшийг сулруулж, эцэстээ удаан үргэлжилсэн эдийн засгийн уналтыг бий болгодог баримтууд бий.

Манай орны хувьд холбогдох тооцоог хийж үзэхэд дефолт зарлах нь хамгийн муу сонголт, харин гадаад эх үүсвэр бүрдүүлж төлбөрөө төлөх нь макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдахад илүү дээр сонголт гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн бодлогын сөрөг үр дагаварууд статистик, мэдээллээр ил болсонтой холбоотойгоор олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол улсын макро эдийн засгийн төлөвт итгэх итгэл сулраад байв. Ийм үед олон улсын зах зээлээс Монгол Улс дангаар эх үүсвэр татах боломж хязгаарлагдмал, татсан тохиолдолд хүү нь өндөр байхаар байв.

Харин ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрч, тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын өөрчлөлтүүдийг тодорхой болгосноор олон хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл эргэн сэргэсэн. Тухайлбал, тус хөтөлбөрийн тохиролцоонд ажлын хэсгийг түвшинд хүрэхээс өмнө Хөгжлийн банкны бондын үнэ огцом унаж, хүү нь 22.45 хувьд хүрч өсч байв. Харин хөтөлбөрийн урьдчилсан тохиролцоонд хүрснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл одоогийн түвшинд хэвээр үлдэж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгах болж, Хөгжлийн банкны 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан.

 ‘Хуралдай’ бондын хүүг 2016 оны 4 сарын 06-ны өдөн Монгол Улсын засгийн газрын гаргасан 500 сая. Долларын “Мазаалай” бондын 10.875 хувийн хүүтэй харьцуулахад даруй 2.125 нэгж хувиар доогуур байна. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын ирээдүйн төлөв 2016 оны 4 дүгээр сартай харьцуулахад илт сэргэсэн байгааг илтгэнэ.

Ийнхүү Хуралдай бондыг гаргаж, Хөгжлийн банкны бондын өр төлбөрийн асуудлыг амжилттай шийдвэрлэснээр өмнөх жилтэй харьцуулахад хүүний төлбөр жилд 17.4 сая ам.доллараар өснө. Гэхдээ энэхүү зардлыг Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн бодлогын зардал гэж үзэх нь илүү зүйд нийцнэ. Хэрэв Монгол Улс олон улсын зах зээлд анх гаргасан бондын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй бол зээлжих зэрэглэл унаж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэл үргэлжлэн буурч, гадаадын хөрөнгө оруулалтууд зугтаж, эдийн засгийн уналт удаашрах байсныг анхаарах нь зүйтэй.  

Монголбанкны ОНБМТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top