Япон эзэнтэй “Хаан банк” Монголын иргэдийг хохироож, басамжлахаа хэзээ зогсоох вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Банкууд шил шилээ даран дампуурч иргэд хохироод удаагүй байгаа өнөө үед Монгол орон даяар аалзны тор шиг сүлжсэн “Хаан банк”-ны талаар таатай, таагүй янз бүрийн мэдээлэл гарах болов. Одоогоос гурван жилийн өмнө Хаан банкны харилцагч Т.Мөнхнаран хугацаагүй хадгаламжийн дэвтрээсээ 98.5 сая төгрөг алдсан, тус банкны “Сонсголон” салбарын 8703 дугаартай теллер Т.Дугаржав харилцагчийн гарын үсгийг дуурайлган, хуурамч баримт бүрдүулж түүний мөнгийг авсан тухай нэг хэсэг хэвлэлээр шуугиж байсан билээ. "Хаан" банкны зүгээс энэ сарын 6-наас "Харилцагчдаа баярлуулъя" гэсэн зорилготой аян зохион байгуулах гэж байгаа юм байна.  “Хаан банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайханы  сонинд ярилцлага болон тус банкинд 98 сая төгрөгөө алдсан иргэн Т.Мөнхнаран нарын ярилцлагаас уншигч танд хүргэе.


“Хаан банк”-ны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал  Д.Батсайхан:  Банк  итгэлцлэл дээр тогтдог байгууллага

 - Орон сууцны шаардлага их байгаа өнөө үед манай банкны зүгээс “Мөрөөдлийн байр” орон сууцны зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Байрны урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Мөн  зээлийн хүүг 1,35-1,25 хүртэл бууруулаад байна. Банкны  систем бол өөрөө нэг талдаа бага хүүтэй зээл авах хүсэл сонирхолтой зээлдэгчийн эрх ашиг, нөгөө талдаа өндөр хүүгээр орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийн тэнцвэр болохоор үүнээс илүү хэмжээгээр бууруулах боломж одоогоор алга. Гуравдугаарт ,зээлийн нөхцөл сайжирч зээлийн хэмжээ, зээл авах боломжууд, бүрдүүлэх бичиг баримтын шаардлагыг уян хатан болгосон байгаа. Мөн зээлээ урьдчилан судлуулаад батламж гардан авах шинэ боломж гарган тавьж байна. Одоо бол тухайн харилцагч заавал байраа олсоны дараа худалдах, худалдан авах гэрээгээ хийчихээд дараа нь банкнаас зээл авахаар хөөцөлддөг үйл явцаар ажиллаж байгаа. Тэгвэл Хаан банк таныг заавал байраа олох шаардлага тавихгүй. Тухайн хүн хэдэн төгрөгний зээл авч болох боломж байна гэдгээ урьдчилаад судлуулах боломжтой болсон. Үүний тулд тухайн хүнээс барьцаа хөрөнгө нэхэхгүй, байраа олсон байхыг шаардахгүй, худалдах, худалдан авах гэрээ шаардахгүй. Зөвхөн орлого тодорхойлох баримтууд, өрхийн гишүүдийн бүрэлдэхүүн, орлогын баримтууд, өрхийнхөө  зарлагын баримтыг аваад ирэх юм бол банк тооцоолол  хийгээд танд хэдэн төгрөгийн зээл авах боломжтой гэдгийг тодорхойлоод шийдвэрээ гаргачихдаг. Зээлийн найдвар гаргачихсан бол тухайн хүнд батламжийг нь шууд гардуулж өгнө. Батламжаа авчихаад дараа нь орон сууцаа хайгаад явахад яг бэлэн мөнгөтэй хүнтэй адилхан цээж бардам явах боломж бий болчихож байгаа юм.  Мөрөөдлийн аян 5-р сарын нэгнээс 9-р сарын гучин хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд зээл авсан харилцагч бүр сугалаанд оролцох эрхтэй. Супер азтаныхаа байрны зээлийг банк төлж, дараагийн хоёр азтанд байраа засварлах, тохижуулахад нь зориулаад тус бүр 10 сая төгрөг бэлнээр олгох юм. Банк бол итгэлцэл дээр тогтдог байгууллага. Тэгэхээр банкны амжилт бол харилцагчдын маань амжилт. Тиймээс бид хамгийн анх “харилцагч танд баярлалаа” гэдэг үгийг хэлсэн. Тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж байгаа харилцагч танд баярлалаа талархлын баяр бол зүгээр нэг баярлалаа гэж хэлэхээс гадна, харилцагчиддаа баярлуулъя гэсэн зорилгоор хийгдэж байгаа арга хэмжээ. Аяны хүрээнд долоо хоног бүр интернет банк, Мобайл банк, картаар үйлчлэгч байгууллагаар 5-аас дээш удаа үйлчлүүлсэн харилцагчид, зээл хадгаламжийн үйлчилгээ авсан хүмүүс автомашины стикер машиндаа наасан манай харилцагчдын дунд азтан шалгаруулна. Азтандаа Iphone, Ipad болон 37 инчийн телевизор шагнал болгож гардуулна. Долоо хоног болгон явсны эцэст наадмын өмнө супер азтанаа тодруулж 10 азтан тус бүр саятан болгохын зэрэгцээ 38 мянган ам долларын үнэтэй цоо шинэ “Volkswagen” маркийн Pick Up автомашиныг бэлэглэнэ. Аяны хүрээнд бид нийтдээ 101 сая төгрөгийн шагналын сантай 111 азтан тодруулах юм” хэмээн дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.


Иргэн Т.Мөнхнаран: Би теллерт биш банкинд итгэж мөнгөө хадгалуулсан

 “Би 2007 оны долдугаар сарын 10-нд Хаан банкинд хугацаагүй хадгаламжийн дэвтэр нээлгэсэн. Тэгээд 2008 онд нэг тэрбум 800 сая төгрөгийн гүйлгээ хийлгэсэн юм.  Мөнгө алдсанаа 2008 оны есдүгээр сарын 16-ны өдөр мэдсэн. Тухайн үед "ХААН банк"-ны дотоод хяналтынхан “Алга болсон мөнгийг чинь буцаагаад хийнэ” гэж гарын үсэг зуруулж байсан. 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр данснаас 10.5 сая төгрөгийг миний гарын үсгийг дуурайлган теллер Т.Дугаржав авчихсан. Мөн есдүгээр сарын 15-ны өдөр 33 сая, 16-ны өдөр 55 сая төгрөг нийт 98.5 сая төгрөгийг ХААН банкны теллер гаргасан байсан. Түүнээс хойш одоог хүртэл "ХААН банк"-наас хохирлоо барагдуулж аваагүй байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүх хурал болсон юм. Одоо мөрдөн байцаалтад шилжсэн. "ХААН банк" теллертээ ял эдлүүлэх гээд байгаа юм шиг байна лээ. Харин би теллерт бус банкинд итгэж мөнгөө хадгалуулсан.  Би утсандаа Мобайл банкны үйлчилгээтэй. Тиймээс дансан дах мөнгөө утсаар байнга шалгадаг байсан.
Мөнгөө алдсанаасаа хойш Хаан банкны дэд захирал Д.Батсайхантай уулзах гэсэн боловч зугтаад уулзахгүй байна. Гурван жил өнгөрчихөөд байхад хохирлыг маань барагдуулаагүй. Хуурамч баримтаар харилцагчийн мөнгийг авсан телперийн өмнөөс "Хаан банк" хариуцлага хүлээдэггүй юм байхдаа Би “Хаан банк”-нд мөнгөө алдаад гэр орон ч үгүй, бизнес ч үгүй болсон” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  өгүүлжээ.

Тэр шагнал магнал яах вэ. Хаан банкны захирал өөрөө итгэлцэл ярьж байгаа бол эхлээд харилцагчийнхаа хохирлыг барагдуулаач ээ. Энэ үйлчлүүлэгч эмэгтэйн яриа бол бодит амьдралыг тоочсон байна. Харин Батсайхан захирлын яриа бол реклам пауз гэдэг нь тодорхой харагдаж байна. Ер нь Япон эзэнтэй Хаан банк Монголчн ард түмнийг хэдий болтол дээрэлхэж, мөлжих гэсэн юм бэ. Одоо наад сугалаа, энэ тэрээ болио. Тэрнийхээ мөнгөөр малчдаас үнэгүй шахам хурааж авсан малыг нь буцааж өг.  Энэ эмэгтэйн танай банкинд итгэж хадгалуулсан мөнгийг олго. Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан нь хөрөнгө үрэгдүүлсэн бол албан байгууллага нь эхлээд хариуцлага хүлээх, дараа нь нөгөө залилан хийсэн ажилтнаасаа мөнгөө олж авах хууль байдаггүй сэн билүү. Хаан банк гэж байгаагүй бол энэ эмэгтэй мөнгөө алдахгүй байж. Голомт ч юмуу, Худалдаа хөгжлийн банкинд хийгээд, өсгөөд авах байсан. Хаан банкны энэ мэт иргэдийг илт басамжилсан, Монголын ард түмний хөрөнгийг үнэгүйдүүлсэн харийн бодлого мөнхөд үргэлжлэх юм байхдаа. 

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top