Д.Очирбат: Эрүүл мэндийн зардал халамж биш учраас танаж, хасах тухай ойлголт байхгүй

2017 оны 03 сарын 29

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар эрхтэн шилжүүлэх тэр дундаа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг төрөөс даах шийдвэр гаргасан. Иймд энэ талаар болон эрүүл мэндийн салбарт монгол хүн бүрт хэрэгтэй ямар шинэчлэл хийгдэж байгаа тухай Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа. Ингэхдээ уншигч танд тустай, хэрэгтэй байх үүднээс албан ёсны эх сурвалжаас нь дэлгэрэнгүй нээлттэй ярилцлага хүргэхийг чухалчлав.

 

-Засгийн газрын энэ гэнэтийн шийдвэрийн ард эмчилгээний төлбөрийг зуун хувь даах уу, үгүй юү гэдэг асуулт юун түрүүнд дагалдаж байгаа нь анзаарагдсан. Та яг ямар төрлийн хагалгааг, ямар нөх­цөлөөр даах вэ гэдэгт то­дор­хой хариулт өгөхгүй юү?

-Бүх төрлийн эрхтэн шил­жүүлэн суулгах хагалгаа хамаарна. Түнхний үе, өвдөгний үе шилжүүлэн суулгахаас эхлээд элэг, бөөр шилжүүлэн суулгах зэрэг хагалгаа орно.

-Эрхтэн шилжүүлэн суул­гах хагалгааны төлбөр багадаа 50-120 сая төгрөгт багтдаг. Энэ төл­бөрийг бүгдийг нь улс даах уу?

-Даана. Гол нь Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл эрх­­тэн шилжүүлэн суулгах шаард­лагатай өвчтөний тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Иймд үнэ­хээр төр гэж байгаа л юм бол иргэн төвтэй, иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн энэ мэт цаг үеэ олсон шийдвэрийг зориг­той гаргах ёстой. Миний хувьд энэ шийдвэрт маш их баяртай байгаа. Зөвхөн эмч хүний, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бич­гийн хувиар ч бус. Хүн гэдэг үүднээсээ талар­халтай хандаж, алдаа гар­гах­гүй, түргэн шуур­хай хэрэг­жүүлэхэд бүхий л ан­хаар­лаа хандуулан ажиллаж байна.

-Гэхдээ эдийн засгийн хям­ралтай үед хэрэгжих боломж­той эсэхэд эргэлзэх хүн олон байна лээ. Тэр дундаа халам­жийн бодлогыг танах тухай асуудал яригдаж байгаа ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад нэмэлт зардал тусгах эсэх нь бас эргэлзээтэй байна шүү дээ?

-Энд нэг зүйлийг ялгаж, салгах ойлгох хэрэгтэй. Тэр нь эрүүл мэндийн салбарын зардал нь өөрөө нийгмийн халамж биш. Зайлшгүй шаардлагатай, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал юм. Эдийн засаг хямарсан хямраагүй хүний алтан амийг аврах нь төрийн үүрэг. Энэ үүргийг эмч, эм­нэлгийн ажилтнууд үүрдэг. Иймд энэ шийдвэрийг хэрэг­жихгүй гэж айх хэрэггүй.

-Улсын төсөв тэгээд энэ чиглэлийн ачааллаа даах уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь гаргана. Энэ сан “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчим дээр явагддаг. Тэр утгаараа нөхөн төлөгдөх зарчмаар явагдаж таараа.

-Сүүлийн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам­тай танай яамнаас хамтран хэрэгжүүлж байгаа санаачил­гууд иргэдийн талархлыг хүлээх болсон нь худлаа магтаал биш л дээ. Жишээ нь, 0-5 настай хүүхдийн ханиадны эмийг 100 хувь хөнгөлсөн шийдвэр байна. Сүүлд С вирусийн шинжилгээний төл­бөрийг төрөөс даахаар боллоо. Хэдийгээр энэ бүх шийдвэрт талархаж байгаа ч өмнө нь яагаад хийгдэж болоогүй юм бэ гэсэн бодол төрөх юм. Та шалтгааныг нь юу гэж тайлбарлах вэ. Уг нь боломж байсан л баймаар юм?

-Би УИХ-ын гишүүн байх­даа Нийгмийн бодлого, боловс­рол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажил­лаж байсан. Тэр үед өнөөд­рийн хэрэгжиж байгаа бүх боломжийг бий болгох хуулийн төслийг батлуулсан. Харамсалтай нь, салбар хоорондын сайд нарын үл ойлголцлоос болоод хэрэг­жиж чадаагүй. Миний хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилж, бат­луулж байсан.  Тэр хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол энэ бүхэн аль эрт дөрвөн жилийн өмнө хэрэгжиж болох байсан. Гэтэл хариуцсан яамны удирдлагууд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй. Тэр ч битгий хэл нэг жилийн дотор дөрвөн сайд, дөрвөн Төрийн нарийн бичгийн дарга солигдсон байх жишээний. Нэг жил бүр сайдгүй, Төрийн нарийн бичгийн дарга­гүй явж байсан. Ийм нөхцөлд хууль яаж хэрэгжих нь ойлгомжтой. Үүнийг дагаад яам нь дотроо хөл толгой нь олдохгүй болчихсон байсан. Харин өнөөдрийн тухайд тэр бүх хүндрэл эсрэгээрээ байна. Манай Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг болон Хөдөл­мөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарийн ойлгол­цол сайн байна. Н.Номтойбаяр гишүүн өмнө нь салбарынхаа дэд сайдаар ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн үр ашиг, өгөөжийн талаар нэлээн сайн судалгаа хийж, яг тогоонд нь ажиллаж байсан учраас туршлага суусан байна. Энэ бүхний үр дүнд өөрийн тань онцолж асуусан асуултын хариу эерэг гарч байгаа юм. Ерөөсөө эрүүл мэндийн даатгал гэдэг нэг худалдан авагчтай байх ёстой. Тэр үндсэн ойлголтод нь дүйцүүлэхийн тулд бид бүх боломжит хувил­бараар санаачилга гаргаад ажил­лаж байна. Үр дүнд нь С вирусийн шин­жилгээг төрөөс дааж, элэгний С вирусийг устгах эмийг курс тус бүрт нь 210 мян­ган төгрөгөөр хөнгөлж олгодог боллоо. Гол нь энэ бол эхлэл.

-Тэгвэл танай яамны дотоод ойлголцол өнөөдөр хэр байгаа вэ?

-100 хувь. Ажил явуулахад ямар ч хүндрэл, үл ойлголцол байхгүй болсон.

-Таныг салбарын сайд болох амбицаа дарсан гэж ойлгож болох уу?

-Би чинь эмч хүн. Эрүүл мэндийн салбарын гал тогоог барина гэдэг том карьер. Улстөрч гэдэг утгаар минь асууж байгаа бол мэдээж улстөрч хүний амбиц нэг цэгт хадагдах ёсгүй. Гэхдээ сайд, дэд сайд гэдэг бол улс төрийн албан тушаал. Харин Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн байгууллагынхаа дарга нь. Иймд гал тогоондоо орж, удирдаж ажиллаж байгаадаа баяртай байгаа. Гол нь би УИХ-ын гишүүн байх хугацаандаа салбарынхаа хууль эрх зүйн орчныг шинэчилж, батлуулсан хүн. Түүнийгээ хэрэгжүүлэх, шийдэх боломж олдоно гэдэг их хувь заяа. Өнгөрсөн хугацаанд засаг солигдохтой зэрэгцэн Эрүүл мэндийн яамыг дандаа завсар намд нь өгдөг, улс төрийн бөглөөс болгож томилгоо хий­дэг байсан. Энэ нь эргээд монгол хүний эрүүл мэндийг золиос болгох аймшигтай үр дүн дагуулна гэдгийг улстөрчид ч, намууд ч боддоггүй байсан. Харин энэ удаа бол өөр шүү.

-Таны өмнөх Төрийн нарийн бичгийн дарга авли­гын хэрэгт холбогдож байсан. Энэ нь асар их мөнгө танай салбарт эргэлдэж байдаг гэдгийн илрэл байх?

-Харамсалтай хэрэг болсон. Гэхдээ намайг хардах хэрэггүй. Хардлагагүй байж болно.

-Хардах нь ч юу юм. Гэхдээ бас болгоомжлол төрөх л юм байна шүү дээ?

-Нэг зүйл хэлэхэд би чинь мөнгөн дээр нүдний хор гарчихсан хүн. Салбарынхаа эрх ашгийн төлөө, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө л шийдвэр гаргана. Авлига, хээл хахуулийн хэргээс болоод бүтэн жил удирд­лагагүй байчихаар чинь яамны ажилтнууд ч, салбар эмнэлгийн удирдлагууд ч нуруугаа авахуул­сан морь шиг болчихдог юм байна. Сүүлдээ бүр тендер зарлах болоход хариуцах хүн олдохгүй болсон байна лээ.

-Яагаад?

-Айчихсан байна. Уг нь тендер гэдэг чинь ажил байхгүй юу. Тендер зарладаггүй яам, тендерээр дамжиж хийгддэггүй ажил гэж байхгүй. Гэтэл “Янз бүрийн хэрэгт орчихвол түвэг” гээд тендер зохион байгуулахад, тендерийн хороонд оролцохоос татгалзаж байна. Хэцүү байгаа биз дээ. Хэдийгээр энэ нь ажил ч гэсэн тэр хүмүүсийг бас буруутгах аргагүй. Эцсийн бүлэгт хүн амьдралаа бодох нь зөв. Гэхдээ төрд ажиллаж байгаа л бол ажлаа хийх ёстой. Өөрсдийнх нь нэрийг, албан тушаалыг, эрх мэдлийг буруугаар ашиглачих вий гэсэндээ айсныг нь буруут­гахгүй ч үүрэг, даалгавар өгөх, түүнийхээ биелэлтийг нэхэх эрх нь надад байна л даа.

-Та тэр хүмүүст зориг өгөх ёстой юм болов уу?

-Хэрэндээ бас зоригжуул­сан. Сүүлдээ бүр 45 хүнийг Авлигатай тэмцэх газрын сургал­тад суулгаж, зөвлөгөөг нь өгүүлж, тендерийн хороонд ямар зарчмаар, хэрхэн ажил­лах ёстой вэ гэдэг номыг нь заал­галаа. Олон улсын зөвлөхөөр сургалт хийлгэлээ. Хар зоригоос илүүтэй туршлага, мэдлэг гэдгийг давхар өгөх ёстой гэж бодсон хэрэг л дээ.

-Сүүлийн үед Эрүүл мэн­дийн яам гэхээр дан ганц элэгний өвчлөлийн эсрэг тэмцээд байна уу гэж харагдах юм. Иймд бусад өвчлөлийг анагаах, урьдчилан сэргийлэх талд ямар бодлогын арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлэл өгөөч?

-Наадхи чинь бас бодох асуудал. Гэхдээ монголчууд маань л эндээ элэгний С, В, Д вирусээр өвчилж, амь насаа алдаж байгаа болохоос бус дэлхийд энэ төрлийн өвчин бүрэн эдгэдэг болчихоод байгаа юм. Хүмүүс нь урьдчилан сэргийлж чадаж байна. Гэтэл манайд элэг хатуурах өвчин дээгүүр бичигдээд байдаг. Иймд зайлшгүй анхаарах ёстой байна л даа. Сая гэхэд би Стенфордын их сургуулийн 50 гаруй эрдэмтэн багшид Монгол дахь элэгний С вирусийн эмчилгээ, элэгний хатуурлын талаар лекц тавиад ирлээ. Илтгэлдээ зоригтойгоор “МАН-аас байгуулагдсан Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2020 он гэхэд элэгний С вирусийн халдварыг тодорхой төвшинд бууруулж, элэгний хатуу­рал, хавдраас сэргийлж чадсан дэлхийн жишиг улс болно” гэдэг илтгэлээ тавилаа. Стенфордын эрдэмтэд энэ зорилтыг үгүйсгээгүй. Харин ч баяр хүргэсэн. Боломж бий гэдэг санаа оноогоо ч хуваалцсан. Хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа ч гэлээ Эрүүл мэндийн даатгалын сандаа 23.5 тэрбум төгрөгийг тусгаж, үүнийхээ үр дүнд дөрвөн төрлийн эмийн үнийг 84 ам.доллараар хөнгөлөх шийдвэр гаргана гэдэг их том алхам. Монгол Улсын гурван сая гаруй иргэний 430 мянга орчим нь элэгний вирустай байна гэдэг яалт ч үгүй онцгой анхаарал хандуулах цаг болсон гэдгийн илрэл юм. Гэхдээ энэ бол тандалт судалгаагаар илэрсэн тоо. Үүнээс ч их байх магадлалтай. Нэг дахин ч өсч магадгүй. Дээр нь, элэг өөрөө дүлий эрхтэн. Өвчилснөө мэдэхгүй явж байтал гэнэт л нэг өдөр хатуурал болчихдог. Өмнө нь элэгний С вирусийн эсрэг интерферон гэж тариаг зургаан сарын турш хийдэг байсан. Тэр тариаг хийлгэж, давж гарна гэдэг их хэцүү. Тухайн хүн ууртай болно. Үс нь унана. Бусад эрхтэн нь өвчилнө. Бүр амиа хорлох хүртэл заалттай тариа. Амар биш л байсан. Тэгэхэд харвони эмийг гурван сарын дотор уугаад л зууны 99 хувь нь бүрэн эдгэж байна.

-Таныг Америкаас харво­ни эмийг үнэгүй авах сайхан мэдээтэй ирсэн гэж сонссон?

-Америкт ажиллах үеэрээ харвони эмийг гаргаж авсан “Гилеад Сайнсес” компанийн байраар орж, ерөнхий захирал Грег Алтонтой их сайхан дотно яриа өрнүүлсэн. Энэ эмийг бүтээхэд оролцсон дэлхийн шилдэг эрдэмтдийн нэг Жепри Глейнтэй ярилцаад амжсан. Энэ үеэрээ монголчуудынхаа С вирусийн өвчнөөс ангижирч чадсан өвчтнүүдийн өмнөөс талархал илэрхийлж Монголдоо урьсан. Их баяртай байна лээ. Ярилцлагын дашрамд  сайхан мэдээ дуулгахад энэ эрдэмтэн хорт хавдрыг эдгээх эм гаргаж авахаар ажиллаж байгаа юм байна лээ шүү.

-Үнэгүй харвони эмийн тухайд?

-Манайд эрүүл мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан бий. Тэдний 5000 орчим нь элэгний С вирустай. Байнга л осол гэмтэлтэй, өвчтэй хүмүүстэй харилцдаг учир тэднээсээ халдвар авсан. Иймд Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд тэднийг эдгээхэд дэмж­лэг үзүүлэх хүсэлт гаргасанд маань их нааштай хандаж, тус компанийн удирдлагын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” гэдэг хариу өгсөн. Удахгүй хэ­рэг­жинэ гэдэгт итгэлтэй байна. 

-Гэхдээ элэгний өвчлөлтэй холбоотой Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөт­гөлийн барилгын асууд­лыг тодруулъя. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр өргөтгөл ашиглалтад орсон тохиол­долд хавдартай элэг шилжүүлэн суулгах боломж нээгдэнэ гэж ярьж, суртал­чилж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Эмч нарын хувьд энэ үгийг өвчтөндөө хэлээд суухад яалт ч үгүй халширдаг байх. Гэсэн ч бодит нөхцөл байдал нь энэ байна шүү дээ. Нэг өргөтгөлөөс болж хэр олон хүн хорвоог орхиж байгаа вэ гэж бодохоор яалт ч үгүй сэтгэл эмзэглэх юм?

-Үнэхээр харамсалтай. Хаа хаанаа хариуцлагагүй ханд­сан. Өөрөө хэлсэн. Бүхэл бүтэн дөр­вөн жил хүлээлээ гэж. Өнөө­дөр өргөтгөл барих ёстой компани, тоног төхөөрөмж нийлүү­лэх ёстой нийлүүлэгчийн асуудал аль аль нь шүүх дээр явж байна. Гэхдээ асуудал хэрхэн шийдэг­дэхээс үл хамаараад барил­гын ажлыг яаравчлуулж байгаа.

-Эх, хүүхдийн эрүүл мэн­дийн үндэсний төв Цусны эмгэг судлалын тасаг­тай болсон. Гэтэл тэнд сурвалж­лага хийгээд явж байхад “Монголд хүүхдийн хавдрын мэргэшсэн, мэргэжлийн эмч байдаггүй. Үүнийг зайлшгүй анхаарах ёстой” гэдгийг эмч, удирдлагууд нь хэлж байсан. Хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт энэ төрлийн эмч байхгүй гэдгийг сонсох бас л цочирдмоор санагдсан?

-Үүн дээр мэдээж яам бодлогоор анхаарах ёстой. Гэтэл салбарын боловсон хүчинг бэлтгэх эрх нь Эрүүл мэндийн яаманд бус Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яаманд байдаг. ЭМШУИС-ийн стратеги төлөвлөгөөг батлах эрх тэнд байдаг гэсэн үг. Хувийн сургууль ч адилхан. Гэтэл сүүлийн үед сургуулиуд дор бүрнээ зах зээлд эрэлттэй чиглэлээр эмч бэлтгэхийг чухалчилдаг болчихсон. Тэгсэн хэрнээ төгсч гарч ирж байгаа мэргэжилтэн нь манай яаманд харьяалагддаг байх жишээний. Иймд үүнийг нэг тийш нь шийдэх зайлшгүй шаардлагатай л болчихоод байгаа юм.

-Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тас­гийн залуу эмчтэй ярил­цаад сууж байхад “Зөвхөн Солонгост гэхэд тухайн эмчийн данс руу хагалгааны төлбө­рөөсөө хамаараад төл­бө­рийнх нь тодорхой хувь тогтмол шилжиж орж байдаг. Манайд бол эмч нар дээд тал нь сарын 800 мянган төгрөгийн цалин авдаг” гэж хэлж байсан. Хэдийгээр өнөөдөр хүн бүрийн төлбөрийн чадвар муу байгаа ч гэлээ эмч нарынхаа эдийн засгийн баталгааг хангах, тэдний амьдралын ачааллыг бууруулах зорилгоор энэ төр­лийн менежмент хийх зорилго Эрүүл мэндийн яаманд бий юү?

-Тодорхой зохицуулалт хийнэ. Хуулийн хүрээнд өөрч­лөлт оруулна. Хагалгааны ачаалал, эмчилгээний үр дүнгээс хамаарч урамшуулдаг тогтол­цоог бий болгоно. Тэгэхгүй бол үнэхээр манай салбарынхны нийг­мийн баталгаа орхигдож байгаа гэдгийг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байна. Сая Стенфор­дын их сургууль дээр гэхэд эрүүл мэндийн салбарын хөрөн­гө санхүүг босгох, хөрөнгө оруу­лалтыг зөв удирдах менеж­мен­тийн анги нээгдсэн байна лээ. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийг­мийн батал­гаа, цалин урамшуу­лалттай холбогдох асуудал.

-Нэг үеэ бодоход улсын эм­нэлгүүдийн нарийн мэргэж­лийн, тэр дундаа оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж их сайжирсан. Хүн л юм хойно хаяа эмнэлэг орох хэрэг гара­хад бас ч гэсэн сэтгэл тайвш­рах шалтгаан байна гэж хар­­­­­сан. Гэтэл үүний цаана хүр­­тээмж, дугаарлалт гэдэг зүй­­­лийг хэр­хэн шийд­вэрлэх вэ гэ­дэг нь хүнд­­­рэл­тэй хэвээр л байх юм. Танд хувилбар байна уу?

-Улсын эмнэлгүүд хоёр ээл­жээр ажиллаад эхэлсэн нь бас ч гэж тодорхой үр дүнг дагуулж байгаа. Гэхдээ хангалттай биш л дээ.

-Түлэнхийн төв эмнэлэг болон Дө­­­рөвдүгээр төрхийн барил­­­га хэзээ ашиглалтад орох вэ?

-Яг өнөөдрийн хувьд хэлэхэд Түлэнхийн төв эмнэлэг хугацаандаа ашиглалтад орно. Санхүүжилт нь бүрэн шийдэгд­сэн. Харин дөрөвдүгээр төр­хийн тухайд хэлэхэд хэцүү. Мэдээж ашиглалтад орно. Гол нь санхүүжилтийн тухайд концес­сийн гэрээгээр барих санал гаргавал манай яамнаас дэм­жих боломжтой. Яагаад гэхээр яг өнөөдөр төлөвлөсөн төсөв, санхүү, боломж нь алга л даа.

-Ерөнхийдөө та бүхний яриа өвдсөн, эндэгдэл гарсан гэдэг нэг циклд эргэлддэг. Гэтэл үүний өмнө урьдчилан сэргийлэх тухай асуудал яриг­дах ёстой баймаар. Энэ талд таны бодол ямар байдаг вэ?

-Хийж эхэлж байгаа. Нэлээн анхаарал тавьж ажиллаж байна. Өнөөдөр 0-5 насны хүүхдээ буцалсан устай хоолтой халуун тогоон­доо, ус буцалгагчиндаа түлж, алддаг улс дэлхийд манайхаас өөр байхгүй байх. Иймд яг энэ чиглэлээр халуун тогооны хор уршиг, үүнээс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлаар танин мэдэхүйн кампанит ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хоёр сарын турш нэлээн сайн хийсэн. Телевизүүд, сонинууд, сайтууд маш идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд цөөхөн ч гэсэн хүүхдийг аварч чадсан байх гэж бодож байгаа. Ийм төрлийн танин мэдэхүйн ажлыг цаашид эрчимжүүлнэ.

-А.Цогцэцэг сайд албаа авсан даруйдаа “Яаралтай түргэн тусламжийг нисдэг тэрэг­ний тусламжтай үзүүлэ­хийн тулд төв эмнэлгүүдэд нисдэг тэрэг буух зурвас гарга­на” гэж хэлж байсан. Энэ санаачилга хэр урагштай байгаа вэ?

-Ажиллаж байна. Зам, тээв­рийн сайд Д.Ганбаттай нэлээн олон удаагийн уулзалт хийж, газар дээр нь танилцсан. Хэдийгээр яг өнөөдөр эмнэл­гийн ойр орчимд нисдэг тэрэг буулгаагүй байгаа ч гэлээ саяхан Баянхонгор аймгийн Засаг дарга маш хүндрэлтэй жирэмсэн эмэгтэйг аврахын тулд Завхан аймгаас ирж байсан онгоцыг аймагтаа буулгах замаар нааш нь авчирч амийг нь аварсан. Зам, тээврийн яам энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн. Цаашид энэ мэт хамтын ажилла­гааг сайтар хөгжүүлж чадвал ир­гэ­дийнхээ амь насыг  аврах бо­ломж улам л нэмэгдэнэ гэсэн үг.

-Төлбөрийг нь хаанаас гаргасан бэ?

-Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан. Бо­ломж тэгэхээр байгаа биз.

-Сүүлийн үед тэмбүү, тэм­­бүү төст өвчний халдвар аюу­­лын харангын хэмжээнд хүр­сэн гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Ний нуугүй хэлэхэд гамш­гийн хэмжээнд хүрсэн. Яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон нь олон судал­гаагаар тогтоогдсон. Саяхан яамны удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр би “Энэ өвчлөлд онцгой анхаарал хандуулж, орон нутаг, оюутны байр гээд бүхий л талыг хамарсан үзлэг оношлогоо хийхэд бэлд” гэсэн үүрэг өгсөн. Ойрын хугацаанд цаг алдалгүй улс орныг хамарсан арга хэмжээ явуулна.

Г.Отгонжаргал

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
Top