“Эрх чөлөөний орон” гэгддэг АНУ-ын томоохон банкуудын нэг J.P. Morgan Chase & Co Иран, Куба болон АНУ-тай таарамжгүй харьцаатай бусад улс оронтой хамтарч ажилласнаасаа болж их хэмжээний мөнгөн торгууль төлөхөөр болсон билээ. Хачирхалтай нь тэд торгуулийг үг дуугүй хүлээн зөвшөөрч 88.3 сая ам.долларыг төлж барагдуулъя гэсэн шийдвэр гаргасан байх юм. Гэтэл санхүү болоод бусад бүх ойлголтод “Эрх чөлөөний туйлыг эдэлж болно” гэж сурталчилдаг “Сэм авга”-ын эрх бариичид санхүүгийн байгууллагуудаа хатуу гараар хянаж байдаг Office of Foreign Assets Control хэмээх байгууллага ажиллуулдаг аж. Энэ байгууллага J.P. Morgan-ы үйл ажиллагааг шалгаад Куба, Судан, Иран, Либериийн иргэдтэй “санхүүгийн харилцаанд орсон”-ыг илрүүлсэн аж. Жишээлбэл банк Кубын гурван иргэний 178.5 сая ам.долларыг гадагш нь шилжүүлж хувь авсан байсан гэнэ. Банкны удирдлага эхлээд хууль зөрчөөгүй хэмээн гүрийж байсан ч тусгай албадын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа торгууль төлөхийг зөвшөөрчээ.
Энэ явдал АНУ-ын санхүүгийн байгууллагууд төрийн дарамтан дор ажилладаг гэдгийг дахин баталж өглөө. Office of Foreign Assets Control хэмээх байгууллага нь энэ үүргийг гүйцэтгэх “муна”-ын үүрэг гүйцэтгэдэг аж. Дээрх явдал болсны дараа тус байгууллагаас “Төр, банкны удирдлагуудын хоорондын найрсаг харилцаа хэвээрээ үлдсэн” гэсэн мэдэгдэл хийсэн нь үүнийг нотолно. Энэ байгууллагын эрх мэдэл АНУ төдийгүй хилийн чанадын кампаниудад ч үйлчилдэг нь гайхмаар. АНУ өнгөрсөн онд Ливи, Иран, Куба, Судан, Бирмын санхүүгийн байгууллагатай харилцаж байсан гэсэн шалтгаанаар Их Британийн санхүүгийн хамгийн том байгууллага Barclays-д 298 сая ам.долларын торгууль оноож байсан бол түүний өмнөх жил мөн л Их Британийн Lloyds TSB-д 350 сая ам.долларын торгууль ногдуулж байжээ. Төлсөн мөнгийг төр болон тухайн хэргийг шийдсэн орон нутаг хоёр хуваан авдаг. Жишээлбэл, Lloyds TSB-аас авсан мөнгөний 175 сая нь улсын төсөвт орж, үлдсэн 175 саяыг нь тус хэргийг Нью Йоркийн Шүүх шийдсэн учир Нью Йорк муж авсан байх жишээтэй.
Найдвартайгаараа гайхагддаг Швейцарийн банк хүртэл Office of Foreign Assets Control-ын хараанд ажилладаг гэсэн харамсалтай баримтыг сонсоод та лав гутрах биз. Тус улсын хамгийн том банк Credit Suisse Ирантай хамтран ажилласан гэсэн шалтгаанаар 536 сая ам.долларын торгууль хүлээж байсан юм. Ираны тухайд НҮБ-аас хориг тавиулсан байсан нь үнэн ч торгуулийг НҮБ биш, АНУ тавьж байгаа нь сонин. НҮБ АНУ-ын эрх ашгийг хамгаалдаг гэсэн сөрөг мэдрэмжийг эндээс авч болохооор байна. АНУ үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулах магадлалтай улсуудыг (үнэндээ улс биш удирдагчид нь гэвэл илүү онох байх) “Хар данс” хэмээх дансанд бүртгдэг болсоор олон жилийн нүүр үзэж байгаа бөгөөд Иран 1995, Судан, Бирм 1997 оноос бүртгэгджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Оффшорчидын булхайг мэдэх боломжтойболсайн л байнашдээ