Монголын нэрийг хөнгөн атлетик, тэр тусмаа тамирчин хүний тэсвэр хатуужлыг дээд хэмжээнд нь хүртэл шалгадаг марафон гүйлтээр тив, дэлхий, олон улсын тавцанд гаргана гэдэг тийм ч амар биш. Тэр тусмаа манай улс шиг бөхийн спортоос бусад төрлийг нэг их ойшоож хардаггүй оронд олноос цойлохын тулд асар их тэвчээр, тэсвэр хатуужил, сэтгэл зүй шаардана. Тэгвэл хөнгөн атлетик, тэр дундаа марафон гүйлтийн төрлөөр эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж буй тоотой хэдхэн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа. Нөгөөх нь гавьяат тамирчин Б.Сэр-Од. 42 км эмэгтэй хүн гүйнэ гэдэг үнэхээр бэрх даваа. Саяхныг хүртэл манайхан олимп, дэлхийн аваргад цагаан хуудас буюу урилгаар оролцдог байлаа. Харин өнөөдөр гуйж биш гуядаж эрхээ авдаг болсон цаг. Энэ цаг үед эх орноо олон улсад төлөөлж буй Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяатай ярилцлаа. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Тайванийн Тайпэйд болсон марафон гүйлтийн тэмцээнд түрүүлээд ирсэн юм.
-Юун түрүүнд Тайванийн тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Марафон гүйлтээр дэлхийд ноёлдог Кени, Этиоп, Америк зэрэг орны тамирчдыг ардаа орхиж түрүүлсэн таниар өөрийн эрхгүй бахархаж байна. Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Баярлалаа. 10 хоногийн өмнө Тайванийн Тайпэйд болсон марафонд оролцож түрүүлээд ирлээ. Гараанаас гарсан цагаасаа л толгойн хэсэгт яваа тамирчдыг алдалгүй явах тактиктай байсан. Өөртөө итгэлтэй байсан учраас түрүүллээ. Маш их баяртай байна. Замын хувьд маш хүнд байлаа. Ядахад бороотой, дээрээс нь зам өгсүүр, уруу ихтэй. Мөн далайн эргийн дагуу болохоор тамирчин хүнээс жинхэнэ утгаараа тэсвэр, хатуужил шаардсан. Тайпэйн тэмцээний зам нь олон улсын хүрэл медальтай замтай. Өөрөөр хэлбэл, өндөр зэрэглэлийн тэмцээнд багтана гэсэн үг. Миний хувьд ямар ч байсан амжилттай оролцсон. Эх орныхоо нэрийг гаргах төлөвлөгөөгөө 100 хувьд биелүүлсэн гэж бодож байгаа.
-Түрүүлсэн хүнийг үүргээ 100 хувь биелүүлсэн гэж дүгнэлгүй яах вэ. Гараанаас гарахдаа юу бодож байв?
-Болж өгвөл түрүүлэх юмсан гэж бодсон. Тэгээд эхний хэдэн км-т толгойн группээс огт салаагүй. Тэр үед “За ямар ч байсан эхний гурван байрт орж болох юм байна” гэсэн бодол төрсөн. Харин 35 дахь км-ээс эхлэн шууд түрүүлье гэсэн зорилго тавиад барианд орохын өмнө өрсөлдөгч нараасаа аажим аажмаар тасарч эхэлсэн. Ингээд л түрүүлсэн дээ. Цаг агаарын таагүй байдлаас болж бага зэрэг саад учирсан ч 20 км-ээс цааш бие хөнгөрөөд ирсэн болохоор бага багаар урагшилсан. Эцэст нь байгаа бүхнээ шавхаж барианд орсон доо.
-Нэлээн олон жил болж, зэрэглэлээ сайн ахиулж байгаа тэмцээн юм билээ. Уг марафонд түрүүлсэн хоёр дахь ази тамирчин нь та юу?
-Тийм. Өмнө нь 2014 онд Ардчилсан Солонгосын тамирчин түрүүлж байсан гэдэг. Тус тамирчны хувьд Тайванийн марафонд тухайн замын дээд амжилтыг тогтоосон. Түүнээс өмнө болон дараа дандаа Африкийн гүйгчид түрүүлж, цаашлаад эхний гурван байрт шалгарсан байдаг. Миний хувьд Тайванийн марафонд түрүүлсэн хоёр дахь ази тамирчин. Тэр тусмаа Монголын тамирчин гэхээр хүмүүст их содон сонин санагдсан юм шиг байна. Хүн бүр гайхаад л асуугаад байсан. “Монголын марафончдын чадвар үнэхээр сайжирч байгааг энэ тэмцээн харууллаа” гэх мэтээр ярилцаж байна билээ. Зохион байгуулагчид нь хүртэл үнэхээр их гайхаж, бас баярлаж хүлээж авсан. Тэд “Монгол эмэгтэй түрүүлнэ гэж огт төсөөлсөнгүй” гэж хэлсэн. Аргагүй шүү дээ. Бид хэдэн жилийн өмнө олимпод цагаан хуудсаар оролцдог байсан. Гэтэл одоо олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүллээ. Цаашилбал олимпод 5-6 тамирчин гуйж биш гуядаж эрхээ авч оролцсон. Энэ бол манай спортод гарч буй нэг том дэвшил. Марафон гүйлт гэдэг бол чөлөөт бөх, жүдо шиг хэдхэн минутын ажил биш. 42 км замыг туулахын тулд тухайн хүнээс асар их хүч хөдөлмөр, тактик, бэлтгэл сургуулилалт шаардана. Хэдий үед хурдаа нэмэх, ямар үед формоо барих гэх мэт олон нарийн төлөвлөгөө шаардлагатай. Бас өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй. Ганц л өдөр алдвал форм алдагдах гээд хэцүү байдаг. Гэтэл бусад спортын төрлийнхөн олимпийн дараа хэсэг хугацаанд амарч чадна. Харин марафоны тамирчдад тийм эрх байхгүй.
-Таны энэ тэмцээн олимпоос хойш хэд дэх нь вэ?
-Дөрөв дэх нь. Олимпийн дараа огт амраагүй. Аравдугаар сард оролцсон тэмцээндээ тавдугаар байр эзэлсэн. Дараа нь Фүжигийн марафонд түрүүлж, улмаар Японд гурван сарын бэлтгэл хийж байгаад “Осака” эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд уралдсан. Энэ тэмцээнээс медаль авах бус дэлхийн аваргын эрхээ биелүүлэх зорилготой гараанаас гарсан. Ямар ч байсан хоёр цаг 33 минут 58 секундэд замаа дуусгаж эрхээ авсан даа. ДАШТ маань ирэх наймдугаар сарын 5-нд Английн Лондон хотод эхэлнэ. Ер нь бол 2017 он гарснаас хойш хоёр дахь тэмцээндээ оролцсон нь энэ.
-Тэгвэл нэлээд завгүй байжээ?
-Олимпод оролцлоо гээд сэтгэл амарч болохгүй гэж боддог. Олимпийн дараа бараг бүгдээрээ амардаг жишиг зөвхөн Монголд байна. Харин дэлхийн бусад оронд дараагийн шигшээ багаа бүрдүүлж, бэлтгэл сургуулилалт ч үргэлжилсээр байдаг. Ахмад тамирчдаа залуучуудаар сэлгэх гэх мэтээр зогсолтгүй ажилладаг. Гэтэл манайхан олимпийн дараа урт хугацааны амралт эдэлдэг. Үүний уршгаар шигшээ баг маань дөнгөж саяхан байгуулагдлаа шүү дээ. Шигшээ баг оройтож байгуулагдахад тамирчид л хохирч байна. Тамирчдын хувьд том тэмцээн дууслаа гээд бэлтгэл сургуулилалтаа хаяад байж болохгүй. Ялангуяа марафоныхон. Байнгын бэлтгэлтэй, формоо хадгалж байх хэрэгтэй. Нэг өдрийн форм алдвал түүнийгээ дараа нь нөхөх гэж асар их хүч, хөдөлмөр, тэсвэр тэвчээр зарцуулдаг. Тийм болохоор нэг өдрийг ч гэсэн үр дүнгүй өнгөрөөх эрх бидэнд алга. Ядаж л хөнгөн бэлтгэлтэй байх ёстой. Ер нь бол зодог тайлсныхаа дараа л урт хугацааны амралт эдэлнэ дээ.
-Та 2014 онд Азийн наадам, 2016 онд олимпод оролцлоо. Бүгд таны анхны том тэмцээн. Эндээс ямар дурсамжтай үлдэв. Бас хэр туршлага болсон бэ?
-Тийм ээ. Үнэхээр сайхан дурсамж үлдээсэн. Анхны гэдэг утгаараа яалт ч үгүй туршлага дутсан. Олимпийн тухай ярихад шүү дээ. Уралдаан болдог өдөр маш бүгчим байсан. Дээрээс нь миний бэлтгэл тааруу, тааруу ч юу байх вэ муу байсан учраас хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэхдээ надад маш том сургамж болсон олимп болж өнгөрлөө. Гараанаас гарахдаа эхлээд заавал толгойн группт гүйнэ гэж төлөвлөсөн. Энэ ёсоор дөрвөн км орчим тэргүүлэгчдийн эгнээнд гүйсэн шүү. Түүнээс хойш 30 км хүртэл хэвийн байсан ч түүнээс хойш биеийн байдал хүндэрсэн. Бие хүндрээд эхлэхээр өөрийн эрхгүй гүйлтийн темп алдагдаж байгаа юм. Энэ үед ямар ч л байсан барианд орох ёстой гэж бодсон. Риогийн олимпоос их зүйл сурсан даа. Олимп үнэхээр гоё байсан. Харин Инчёоны наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 5000, 10000 метрийн уралдаанд улсын дээд амжилтыг шинэчилсэн. Медаль аваагүй ч энэ амжилтдаа сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ч тэр үед би улсын шигшээд багтаагүй байсан. Одоо бол бүх бодол өөрчлөгдсөн. Ирэх наймдугаар сард болох ДАШТ, 2020 оны олимп, 2018 оны Азийн наадам гэх мэт бүх том тэмцээндээ өндөр амжилт үзүүлэхийн төлөө одооноос бүх чадлаа зориулж хичээнэ.
-Олимпод оролцох үеэр яагаад бэлтгэл тааруу байсан юм бэ?
-Сэргэлт авч чадаагүй гэх үү дээ. Нэлээд тулгуу бэлтгэл хийсэн нь ядрахад нөлөөлсөн болов уу. Гэхдээ яах вэ. Анхны олимп гэхэд бүр хойгуур биш дундуур барианд орсон. Замаа дуусгасан. Энэ л хангалттай. Харин 2020 онд арай өөр үр дүн хүлээж байгаа. 2020 он хүртэл олон тэмцээн уралдаан байгаа юм чинь Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргана аа.
-Ингэхэд жилд хэчнээн тэмцээнд оролцож байна вэ?
-Хамгийн багадаа 5-6 тэмцээн. Хагас марафоныг хасаад шүү дээ.
-Дээр шигшээ багийн талаар хальт дурдлаа. Шигшээ багийг албан ёсоор зарлаагүй байхад зардал мөнгөө хэрхэн зохицуулж байв?
-Миний хувьд шигшээд багтсандаа үнэхээр их баярлаж байгаа. Өмнө нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явсан. Өр зээл тавих маягаар. Нөхөр бид хоёрын хувьд “Алдар” спорт хорооноос цалинждаг. Энэ маань л том дэм болж байлаа. Тэмцээний өмнө цалингийн зээл авдаг. Оролцсон тэмцээндээ амжилт үзүүлбэл шагналын мөнгөө дараагийн уралдаанд зарцуулна. Энэ маягаар болгодог. Манайхан бөхийн спортод л хамаг мөнгөө зориулдагаас биш бусдыг нь тоодоггүй. Ялангуяа марафон гүйлтийн тамирчдаа ивээн тэтгээсэй гэж боддог юм. Ямар сайндаа л Сэр-Од гавьяат Японы компаниар тэтгүүлж, тэдний нэрийг гаргаж тэмцээнд оролцож байх вэ. Хэрвээ биднийг дэмжээд өгвөл манай марафончид одоогийнхоосоо ч илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой. Энэ бол миний л бодол. Гэхдээ олон хүн надтай адилхан бодолтой байгаа болов уу. Ивээн тэтгэгчгүй бидний хувьд шигшээд багтана гэдэг том дэмжлэг юм даа. Шигшээ байгуулагдсанаас хойш албан ёсоор дэлхийн аваргын бэлтгэлдээ орсон. Хойдхоороо урдахаа нөхсөөр өнөөдөртөө золголоо. Цаашид санаа зовох зүйлгүй болсон гэж бодож байна. Энэ дашрамд, бизнесмэнүүддээ хандаж хэлэхэд марафон гүйлтийн дэмжээрэй. Тамирчид маань цагаан хуудсаар оролцдог байсан цаг өнгөрсөн. Олимп, дэлхийн аваргад манай 5-6 тамирчин өөрийн чадлаар эрхээ аваад оролцдог боллоо. Тиймээс марафоны тамирчдаа дэмжээсэй гэж уриалмаар байна. Бидний дуу хоолой болж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. Энд нэг зүйлийг бас хэлмээр санагдаж байна. Миний хувьд 2011 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортод эргэлт буцалтгүй орсон. Тэр цагаас хойш оролцсон тэмцээн уралдаан бүртээ өөрийн амжилтаа ахиулдаг байлаа. Улмаар олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон ч намайг улсын шигшээ багт аваагүй. Гэтэл би 2014 онд 5000, 10000 метрийн уралдаанд улсын дээд амжилтыг шинэчилсэн. 2015 онд 21 болон 42 км-ийн марафоны дээд амжилтыг тогтоосон байдаг. Дээрээс нь олимпийн эрхээ авсан байлаа. Уг нь бол энэ бүхэн шигшээд багтах хангалттай шалтгаан. Гэвч тэгээгүй. Эцэст нь, Риогийн олимпод явахаас хоёрхон сарын өмнө албан ёсоор шигшээ тамирчин болоод үнэхээр их баярласан. Гэтэл олимпийн дараа буюу есдүгээр сард шигшээ багаа татан буулгасан. Ингээд буцаад бүх зүйл хуучин байрандаа оров оо. Харин удтал хүлээлгэсний эцэст 2017 оны гуравдугаар сард шигшээ багийнхан албан ёсоор тангарагаа өргөж, ажилдаа орлоо. Би л хувьдаа үүнд үнэхээр их баярлаж, бага ч болтугай тайвширч байна. Яагаад гэвэл тэмцээн уралдаанд оролцох зардал, бэлтгэл хийх нөхцлийг маань улс хариуцана гэдэг бидний хувьд том ачаанаас хөнгөлж буй хэрэг.
-Яагаад шигшээд авдаггүй байсан юм бэ?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ би үүнд шигшээ багийн албыг буруутгахгүй. Монголын хөнгөн атлетикийн холбооны хариуцлагагүй байдалтай л шууд холбоотой. Холбоо энэ бүхнээ хариуцах ёстой байхгүй юу. Тэр утгаараа би маш их гомдож, бухимддаг байсан. Хэдий тийм ч болох ёстой зүйл болдгоороо л болно гээд маш их тэвчсэн дээ. Холбоо тухайн тамирчныхаа амжилт болон бусад зүйлийг шигшээ багт мэдэгдэх гүүр нь болох ёстой ч ажлаа сайн хийж чадаагүй. Харин цаашид сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эцсийн эцэст тамирчин хүн одоо байгаагаасаа илүү амжилт гаргаж байж үндэсний шигшээ багт орох юм байна гэдгийг хатуу ойлгосон. Тиймээс өөрийгөө маш сайн дайчлах болно. Шигшээгээс хасагдахгүйн тулд шүү дээ.
-Марафоны тэмцээний шагналын сан ямар байдаг юм бол?
-Зэрэглэл, тухайн тэмцээний ивээн тэтгэгчдээс шалтгаалаад өөр өөр байдаг. Ер нь доод тал нь 5000 ам.доллар. Хятад л гэхэд марафоны тэмцээн зохион байгуулдаггүй муж, хот гэж байхгүй болжээ. Сайн ивээн тэтгэгч олж чадвал гадаадын олон шилдэг тамирчныг тэмцээндээ урьж чадна. Үүний нэг жишээ нь Чэньдугийн марафон. Маш өндөр зохион байгуулалттай, шагналын сан сайтай. Тэр хэрээрээ чансаатэй тэмцээн болдог. Алт, мөнгөн замтай марафоны тэмцээнүүд 50-100 мянган ам.долларын шагналын сантай нь ч бий.
-Нууц биш бол Тайванийн марафонд түрүүлээд хэдэн долларын шагнал хүртэв?
-10000 ам.доллар. Хятадын хувьд зохион байгуулагчид шагналын мөнгөнөөс 20 хувийн шимтгэл авдаг. Тэгэхээр гар дээрээ 8000 ам.доллар авч байгаа юм. Түүнийгээ дараагийн тэмцээн уралдаан болон өр зээлдээ зориулаад л таарч байна.
-Уг нь бол цаг, гүйх тактикаа зөв боловсруулаад амжилт гаргавал дараагийн тэмцээнийхээ зардлыг нөхөөд байх боломжтой л юм байна даа?
-Тэр ч тийм шүү. Амжилтаа л сайн гаргаж, хувийн амжилтаа ахиулах тусам тухайн тэмцээнийг зохион байгуулагчид тамирчны байр, хоол гэх мэт зардлыг 100 хувь даадаг. Тиймээс бэлтгэл сургуулилалтаа л таслахгүй хийвэл бүх зам нээлттэй гэсэн үг.
-Нөхөр тань таны дасгалжуулагч болохоор бас их дэмтэй биз?
-Ёстой үнэн. Байнга хажууд байж зөвлөгөө өгдөг. Хэрвээ нөхөр маань дэмждэггүй байсан бол ийм амжилт үзүүлэхгүй байсан ч юм билүү. Тэгэхээр миний амжилт ханьтай минь салшгүй холбоотой. Үргэлж миний дэргэд байж, маш сайн дэмжлэг үзүүлдэг, үнэхээр сайн зөвлөгч, дасгалжуулагч байж чаддаг ханьдаа баярлалаа. Мөн намайг өнөөдрийг хүртэл дэмжсээр яваа “Алдар” спорт хорооныхоо хамт олонд талархал илэрхийлье. Цаашлаад Үндэсний шигшээ багийн алба, хөнгөн атлетикийн холбоондоо баярлалаа. Мөн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хамт олондоо баярлаж явдгаа танай сониноор дамжуулан хэлье.
-Хөнгөн атлетикийн спортыг сонгосон шалтгаан нь юу вэ?
-Багаасаа л сонирхсон. 10 жилийн сурагч байхдаа сургуулийн намрын спартикиадад оролцдог байлаа. Тэгээд ч бүх спортын хаан, тэсвэр хатуужлын дээд хязгаарыг шаарддаг гэдэг утгаараа хичээллээд үзье гэж шийдсэн. Нэг ёсондоо өөрийнхөө тэвчээрийг шалгахыг хүссэн юм. Ингээд 2011 онд хотод оюутан болж ирээд энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо.
-Шантрах үе байсан уу?
-Одоо улам дуртай болж байна. Шигшээ багт ороогүй байхдаа шантармаар санагддаг байлаа. Гэхдээ тэвчээрийн дээд хязгаараа үзэх зорилготой байсан учраас тэвчсэн. Одоо бол энэ спортдоо бүр илүү дурлажээ. Дээрээс нь гавьяат тамирчин Сэр-Од ах, олон улсын хэмжээний мастер Отгонбаяр эгч нараас үлгэр дууриалал авч, хааяа уулзахаараа тэдний үнэтэй зөвлөгөөг сонсоод улам их эрч хүч нэмэгддэг.
-Энэ жилийн хувьд таныг хэчнээн тэмцээн хүлээж байгаа бол?
-Ирэх сард Солонгост болох Гүнсан марафон гүйлтийн тэмцээнд оролцоно. Дараа нь БНХАУ-д хагас марафон, цаашлаад тавдугаар сард “Улаанбаатар марафон”-д уралдах хуваарьтай. Тэгээд эндээ бэлтгэл сургуулилалтаа хангаж багаад дэлхийн аваргад оролцоно доо.
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-3-4 цагийн бэлтгэл хийнэ.
-Марафоны тамирчид бэлтгэл хийх гэхээр зам байхгүй гээд л яриад байна. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Өвөл л хэцүү. Монголд -20-иос дээш хэм хүйтэрдэг. Тэр нь марафоны тамирчдад сөрөг нөлөөтэй. Наад зах нь бэртэж гэмтлээ гэхэд хэдэн сараар бэлтгэлээ орхигдуулна. Дараа нь формдоо орох гэж маш их хугацаа зарцуулна. Тиймээс арай дулаан, бас ойр байдгаар нь Хөх хотод бэлтгэлээ хангаж байгаа. Зун, хавар, намар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын шулуун замд бэлтгэлээ хийх боломжтой. Ер нь байгаа нөхцөлдөө тааруулж л бэлтгэл хийх хэрэгтэй. Зовлон тоочоод л байвал бидэнд зам талбай олдохгүй, бэлтгэл ч тасалдана. Саяхан гэхэд би “Тал нутгийн марафон”-ыг зохион байгуулдаг хүний ач тусаар Японд гурван сар бэлтгэл хийсэн. Бүх зүйлийг цаанаас нь зохицуулсан болохоор санаа зовох зүйлгүй сайхан байлаа.
-Таны сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай тэмцээнээр ярилцлагаа дуусгаж болох уу?
-Тэгье. Анх 18 настай өсвөрийн тамирчин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож байлаа. Юугаа ч мэдэхгүй хүүхэд шүү дээ. Эхний 10 км гүйлээ. Дахиад 10 км зам үлдэхэд хөл цэврүүтчихсэн. Арай л гэж замаа дуусгаж барианд орсон доо. Тэгэхэд шагналт IV байр эзэлж билээ. Медалийн тавцанд зогсоогүй ч тэр тэмцээн миний санаанаас огт гардаггүй. Тэр үед тэвчээр гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн учраас санаанаас гардаггүй, сайхан дурсамж болж үлдсэн байх л даа. Юу ч мэдэхгүй 10 жилийн хүүхэд насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоно гэдэг, одоо бодоход багш маань намайг сайн зоригжуулжээ.
Б.Мөнхзул
Сэтгэгдэл ( 2 )
Mundag busgui yum da.mash saon bn
Гайхалтай тэсвэр тэвчээр амжилт хүсэе